Улаанбаатар хотод байрлалтай 326 усны худгийн тэн хагасыг нь ухаалагжуулжээ

2022-07-01 1288 1

“Өглөө ажилдаа явахад, орой тараад ирэхэд усны худаг хаалттай, уух усгүй хонох үе олон тохиодог байлаа. Худаг долоо хоногийн 3 өдөр онгойж, ингэхдээ цагийн хуваарьтай ажилладаг байв.  Тэр цагт нь амжиж л усаа авахгүй бол усгүйдэх аюул тулгарна. 21 дүгээр зуунд ахуйн хэрэглээний усаа хуваарийн дагуу авдаг хоцрогдсон улс манайхаас өөр байхгүй дээ гэж бишгүй олон бодож бухимдана. Тэглээ гээд яах билээ. Манайх хүүхэд, хөгшин нийлээд ам бүл долуулаа. Долоо хоногт 20 литрийн хоёр канистерээр гурван удаа ус авдаг байлаа. Харин хоногийн 24 цагаар ажилладаг ухаалаг худагтай болсноор усгүй болохын зовлонг ор тас мартсан шүү. Дуртай цагтаа, хүссэн хэмжээгээрээ усаа авчихдаг болсон нь дэвшил. Одоо харин усны картаа гээчих вий л гэж эмээхээс бусдаар сайхан байна” хэмээн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х.Түмэнжаргал ярилаа. Энэ бол гэр хороололд амьдардаг мянга мянган хүмүүсийн эрх ашгийг төлөөлсөн нэгэн иргэний яриа юм.

Ус сувгийн удирдах газар гэр хорооллын иргэдийг цэвэр усаар 24 цаг тасралтгүй хангах зорилгоор зургаан жилийн өмнө буюу 2016 оноос “Ус түгээх ухаалаг төхөөрөмж” үйлчилгээг нэвтрүүлж, анхандаа 20 гаруй худгийг ухаалагжуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд байрлалтай нийт 326 худгийн 151-ийг нь буюу бараг л тэн хагасыг нь ухаалаг системд холбоод байна. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүд хүй нэгдлийн үе шиг ундны усаа авахын тулд хөхөө өвлийн хүйтэнд, халуун зунаар худаг дээр хэдэн цагаар ч хамаагүй дугаарладаг хүнд суртал ор мөргүй арилж, иргэдийн амьдралынх нь чанар багахан ч атугай сайжирч, тэр хэрээр стресс нь арилж байгааг иргэд хэлж байна.

Тэрчлэн УСУГ-аас гаргасан судалгаагаар, 2022 оны эхний хагас жилд 285.4 мянган м3 ус борлуулсаны 181.5 мянган м3 усыг ухаалаг худгаар дамжуулан борлуулсан ба энэ нь нийт борлуулалтын 63,5 хувийг эзэлж байна гэжээ.

/Нийслэлийн 6 дүүрэгт байрлах худгийн тоог дор харуулав/

Эндээс харахад, нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд нийт 326 худаг ажиллаж байгаагаас хамгийн олон худагтай дүүргээр Чингэлтэй, удаад нь хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бол хамгийн цөөн худагтай дүүргээр Баянголыг нэрлэж болох нь. Тэгвэл доорх дата өгөгдлөөс хотын 6 дүүргийг 12 хэсэгт хуваадаг бөгөөд ухаалаг 151, энгийн 167, гүний 8 худаг байгааг харж болно. Гэхдээ энэ тоо нь зуслангийн хашаандаа худаг гаргасан айлын тоог багтаагаагүй болохыг дурдах нь зүйтэй. УСУГ-ын бүртгэлтэй буюу ус түгээж, үйлчилгээ үзүүлдэг худгийн тоо гэдгийг тодотгоё.

Ухаалаг худгууд нэмэгдсэнээр усны борлуулалт өсөж байгааг дээр дурьдсан. Тэгвэл үлдсэн 175 худгийг шат дараатай ухаалаг системд холбохоор УСУГ-аас төлөвлөөд байна. Ямартай ч, нэг худгийг ухаалагжуулахад иргэдийн амьдралын түвшин тухайн орчиндоо хамаагүй дээрдэж байгааг иргэд өөрсдөө хэлж байлаа. Харин ухаалаг худагны карт цэнэглэх аргын тухай асуулттай олон иргэн байв. Тиймээс нийтлэлийн төгсгөлдөө карт цэнэглэх заавар, мэдээллийг орууллаа.

УСНЫ КАРТЫГ ХААНА ХЭРХЭН ЦЭНЭГЛЭХ ВЭ ?

QR КОД УНШУУЛЖ ЦЭНЭГЛЭХ:

Ус сувгийн удирдах газрын ус түгээх байруудад байрлах QR кодыг уншуулж хялбар түргэнээр усны картаа цэнэглэх боломжтой. Усны хэрэглээний төлбөрийн өөр зориулалтын бусад данс байдаг тул та QR код уншуулснаар зөв дансанд хурдан шуурхай үйлчлүүлэх болно.

БАНКААР ЦЭНЭГЛЭХ:

Та бүх төрлийн банкны үйлчилгээ ашиглан усны картаа цэнэглэх боломжтой. Банкны салбар, АТМ, MOBILE BANK, ЭКСПРЕСС БАНК-ны үйлчилгээ ашиглан дансаар шилжүүлэг хийн картаа цэнэглэх боломжтой. ХААН банкны 5753844044 тоот Ус сувгийн удирдах газрын дансанд таны усны карт цэнэглэх төлбөрийг хүлээн авдаг бөгөөд гүйлгээний утга хэсэг дээр УСНЫ КАРТЫН ДУГААР-аа бичээд хүссэн үнийн дүнгээрээ картаа цэнэглэх боломжтой.

“MONPAY” АПП-ААР ЦЭНЭГЛЭХ:

Мобиком корпорацийн нэвтрүүлсэн “МОНФЭЙ” гар утасны үйлчилгээний цахим мөнгө ашиглан усны картаа цэнэглэх боломжтой. Монфэй апплекейшнийг нээгээд “Цэнэглэгч карт” цэсийг сонгоод “Усны карт цэнэглэх” цэс дээр дараад картны дугаараа оруулна. Цэнэглэх мөнгөн дүнг сонгоноод цэнэглэх товчийг дарж гүйлгээний пин кодоо оруулснаар таны усны карт цэнэглэгдэнэ. Төгсгөлд гарсан үйлчилгээг хадгалахыг зөвшөөрөх товчлуурыг дарснаар таны усны картыг сануулж дараа та дахин цэнэглэхдээ картын дугаараа хийх шаардлаггүй болох юм. Мөн та “Монфэй” апп-д бүртгэлтэй бол *555# дугаарт залгаж гарч ирсэн зааврын дагуу картаа цэнэглэх боломжтой.

“КИОСК” ТҮЦ МАШИНААР ЦЭНЭГЛЭХ:

-Долоон буудал “БҮРЭН ПЛАЗА” төв /2-р давхар/
-Хайлаастын хуучин эцсийн “122-р УТБ”
-Баянхошуу Баруун салааны тойрог “245-р УТБ” байрлах автомат киоск машинаар та дараах зааврын дагуу усны картаа цэнэглээрэй.
-Цэнэглэгч киоскийн “Карт уншигч” гэсэн талбар дээр картаа ойртуулж уншуулна. Дэлгэц дээр гарч ирсэн “Цэнэглэх” ногоон товчлуур дээр дарна. Дэлгэц дээр таны картны үлдэгдэл гарч ирнэ. Та бэлдсэн бэлэн мөнгөн дэвсгэртийг автомат төхөөрөмжид ногоон гэрэл ассаны дараа шургуулна. Төхөөрөмж нь ногоон гэрэл асаж зөвшөөрөх утгатай байх ёстойг анхаарна уу. Таны оруулсан мөнгөн дүн дэлгэц дээр гарч ирсний дараа та “Цэнэглэх” товчийг дарна уу. Дэлгэц дээр тэд дугаартай данс тэдэн төгрөгөөр амжилттай цэнэглэгдлээ гэсэн бичиглэл гарч ирнэ.

УТУТ-ИЙН УСНЫ КАРТ ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?

КАРТ БОРЛУУЛАХ ЦЭГ САЛБАР:

– Ухаалаг ус түгээх байруудад ус түгээгч нараас худалдан авах боломжтой.
– Ус сувгийн удирдах газрын “Чандмань” Хяналт удирдлагын төвөөс авах боломжтой.
– Улаанбаатар хотын дүүргүүдийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд болох “Драгон” төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв.
– “Мишээл экспо” төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв.
– “Дүнжингарав” худалдааны төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв.
– Зургаан буудал – Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд худалдаж байна.

Холбоотой мэдээ