Төв цэвэрлэх байгууламж: Нийслэлчүүдийн хэрэглэсэн бохир усаар дамжин үс ноос, нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл хамгийн их ирдэг

2022-07-05 79 0

Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг ус сувгийнханы хүнд хүчир ажлыг сурвалжлахаар зорин очив. Үүдээр нь шалгуулсаны дараа дотогш нэвтэрч ороход үе үе хотод үнэртдэг өнөөх өмхий самхай үнэр хамар цоргиов. Яагаад ч юм цэвэрлэх байгууламж гэдэг утгаар нь төсөөлж, бохир орчин угтах болов уу гэтэл харин ч өөр байсныг нуух юун. Гадна орчин нь маш цэвэрхэн, мод бут ихтэй байхын дээр бүх ажилчид нь хамгаалалтын хувцас хэрэглэлтэй зорчиж яваа нь харагдав. Ингээд биднийг УСУГ-ыг Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг угтан авлаа. Тэрбээр  юун түрүүнд бидэнд бохирын шугам хоолойгоор урсан ирж, усанд шүүлтүүр хийдэг байгууламжийн хэсгийг танилцуулав. Бөөрийнхий хэмжээтэй уг байгууламжийн нэг хэсэгт нь сараалжин тор шиг гэмээр төмөр шүүлтүүр татжээ. Бохирын шугамаар татан авсан уг хэсэгт томоохон хог хаягдал тунаж үлддэг горимтой юм байна. Ш.Ганзориг ярихдаа “Нийслэлчүүдийн хэрэглэсэн бохир усаар дамжин элдэв янзын том хог хаягдал, өөх тосыг энэ хэсэг шүүдэг. Та бидний харж байгаачлан, нойтон салфетка, ундааны сав, бөглөө, таглаа, лааз гэх мэт овор ихтэй хаягдлууд энд овоорсон байгаа биз. Бид энд шүүгдсэн хог хаягдлыг өдөр тутам цэвэрлэж, ариутгадаг ажил хийдэг” гэв.

Ингээд дараагийн хэсэг болох лаг цэвэрлэх байгууламжид очив. Тэнд ус сувгийн хоёр залуу цэвэрлэж, шүүх төхөөрөмжид орооцолдсон үс ноосыг улаан гараараа зулгааж, дагтаршсан лагийг цэвэрлэж байлаа. Энэ бүхнийг хараад өөрийн эрхгүй автоматжуулж болдоггүй юм уу гэж асуухад тэд хэлэхдээ “Хоолойд орооцолдчихсон үс, ноосыг ингэж цэвэрлэхээс өөр арга байхгүй. Хэчнээн автомат төхөөрөмж байсан ч хүний гар огт оролцоогүй төхөөрөмж байна гэж байдаггүй. Бид өглөө, оройдоо хоёр цаг тутамд ингэж цэвэрлэдэг. Үгүй бол цэвэрлэх байгууламжийн станцын үйл ажиллагаа доголдож, гацахад хүрдэг” гээд цааш үргэлжлүүлэн ажлаа хийв. Энэ бүхнийг нүдээр харсаны хувьд, арьс ширний үйлдвэрүүдээс гардаг үс ноос, мөн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл их байдаг юм билээ. Ш.Ганзориг “Усгүйжүүлсэн лаг буюу элдэв хогтой холилдож, дагтаршсан лаг төхөөрөмжийг их гацаадаг юм. Иймд өглөө, өдөр, орой гээд хоёр цаг тутамд бид улаан гараараа хайрцаг дүүрэн үс ноос, лаг түүж цэвэрлэдэг” хэмээв.

Лаг цэвэрлэдэг уг өрөө нь гаднах өмхийгөөс ч илүү самхай үнэр, танартай хүн амьсгалахад хэцүүхэн орчинтой байв. Өнөөдрийн байдлаар ус сувгийнхан хоногт 1700 орчим метр куб лагийг зайлуулж цэвэрлэж байгаа аж. Ингэхдээ Төв цэвэрлэх байгууламжийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд ус сувгийнхан 24 цагийн турш усанд уусдаггүй механик хог хаягдлыг цэвэрлэдэг ажээ.

Дараа нь бид аэротенк буюу тунгаагуурын хэсэгт очив. Бөөрийнхий хэлбэртэй ийм байгууламж тэнд хэд хэд байна лээ. Энэ нь ариутгаж, цэвэрлэсэн бохир усыг байгальд цутгахад бэлэн болгодог байгууламж юм байна. Энэ талаар УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн технологич инженер Б.Бадамханд ярихдаа “Бид хүлээн авч буй цэвэрлэх байгууламжийн усанд 7-8 үе шаттай механик болон биологийн цэвэрлэгээ хийж, дараагийн байгууламжид түгээдэг. Бидний хэлж заншсанаар бохир усыг ийнхүү шат дамжлагаар цэвэрлээд саарал ус болгосноор байгальд нийлүүлэх боломжтой болж, Туул гол руу цутгадаг юм. Ерөнхийдөө механик болон биологийн цэвэрлэгээ хийсний дараа усан доторх томоохон хог хаягдлууд сараалжийн байгууламжид шүүгдэж үлдээд, харин усанд уусмал байдалтай байгаа бохирдлуудад тунгаагуураар исэлдэх процесс явагдсанаар цэвэрлэгээ хийгддэг гэж ойлгож болно” гэв.

Зургийн тайлбар: Та бүхний харж байгаачлан цаад талд нь буй хүрэн ус бол ариутгаагүй, харин  наад талынх нь энэхүү байгууламжаас хутгаж авсан саарал ус бөгөөд үүнийг Туул гол руу цутгадаг юм байна. 

Эндээс ус сувгийнхан маш хүнд нөхцөлд ажилладаг болохыг мэдэж авлаа. Тэд ихэвчлэн өөрийн бие, улаан гараараа энэ нарийн хийгээд бохир ажлыг хийж гүйцэтгэдэг ажээ. Тиймээс хогоо ангилан ялгаж, ариун цэврийн хэрэглэл, нойлын цаас, нойтон салфетка гэх мэт зүйлийг нойлд хийж урсгахгүй байх хэрэгтэй. Хэдийгээр технологийн дагуу 7-8 үе шат дамжлагаар бохир усыг сааралжуулж байгаа ч Улаанбаатар хотыг ундаалан урсаж буй, хүүхдүүдийн маань тоглодог Туул гол руу таны, бидний бохир гээд хаясан зүйлс цутгадаг юм байна гэдгийг хэлье.

 

Холбоотой мэдээ