Нийслэлийн хэмжээнд 1030 цэгээс тогтмол дээж авдаг

2022-07-27 43 0

Хан-Уул дүүргийн 4, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд” хотхон, “Хүннү вилла” хотхонуудаас зэвтэй ус гарсан гэх мэдээллийн мөрөөр Ус сувгийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн хэлтсээс тодрууллаа. 

-Хан-Уул дүүргийн хэд хэдэн хотхоноос зэвтэй ус гарсан талаарх оршин суугчдын гомдол байна. Энэ талаар танай байгууллагад гомдол санал ирсэн үү? 

-УСУГ-аас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Яармагийн эх үүсвэрийн насос станц, Төвийн цэвэр усны 300мм-ийн шугам, “Ханбогд” 1,2 хороолол, “Шинэ өргөө” орон сууцны хороолол, “Арцат виа пи” хотхон, “Арцат” апартмент хотхон, “Хүннү вилла” хотхонуудын ерөнхий узель, айл өрхийн хэрэглээний хүйтэн уснаас нийт 16 цэгээс холбогдох хүмүүсийг байлцуулан сорьц авч, шинжилгээ хийсэн.

-Шинжилгээний дүн ямар гарав?

-Нийт 15 цэгээс авсан сорьц нь MNS 0900:2018 ундны усны стандартыг хангаж байна гэсэн хариу гарсан. Харин “Арцат” апартмент хотхоны 1431 дүгээр байрны 801 тоот айлаас авсан сорьцны усны өнгө, төмөр гэсэн үзүүлэлт нь зөвшөөрөгдөх дээд агууламжаас хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь гэрээт хэрэглэгчийн шугам сүлжээний материал, чанараас хамаарч байх магадлалтай юм.

-Гэрээт хэрэглэгчийн шугам сүлжээний материал, чанараас хамаарч хэрэглээний ус зэвтэй гарах асуудал түгээмэл үүсдэг байх нь. Энэ тохиолдолд танайх ямар арга хэмжээ авдаг вэ?

-Манай байгууллага нь нийслэлийн хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үүрэгтэй ажилладаг. Энэхүү үүргийнхээ хүрээнд манай байгууллага нь эх үүсвэрээс олборлон хэрэглэгчдэд түгээж байгаа хэрэглээний хүйтэн усны чанар нь стандартыг хангаж буй эсэхэд Нийслэлийн хэмжээнд 1030 цэгээс тогтмол дээж авч өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийн үр дүнг баталгаажуулан ажилладаг.

Гэрээнд хангагч, хэрэглэгч байгууллагуудын  цэвэр, бохир усны шугам сүлжээний зааг эзэмшлийг тогтоож өгдөг бөгөөд зааг эзэмшлээр манай байгууллага нь өөрийн эзэмшлийн цэвэр усны 300мм-ийн диаметр хуванцар шугамын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах, хэрэглэгч нь төв шугамаас холболт хийн авсан худгаас өөрийн эцсийн хэрэглэгч хүртэл шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан хийхээр заасан.

-Тэгэхээр хэрэглэгч байгууллага өөрийн засвар үйлчилгээ, шугам сүлжээний чанарт анхаараагүйгээс болж зэвтэй ус гарчээ гэж ойлгож болох уу? 

-Зэвтэй ус гарч байгаа асуудал нь хэрэглээний халуун устай холбоотой байгаа тул манай байгууллагын үйл ажиллагаанд хамаарахгүй. Тус хотхонуудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтыг хариуцан ажилладаг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хандан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Холбоотой мэдээ