З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Засгийн газар төсвийн дэмжлэгийн зориулалтаар АХБ-аас $100 саяын зээл авна

2022-08-29 598 3

Азийн хөгжлийн банк манай Засгийн газарт төсвийн дэмжлэгийн зориулалтаар 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэхүү зээлээр 2022 оны үлдсэн хугацаанд бага цалинтай ажиллагсдын НДШ-ийн 50 хувийн буцаан олголт, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 8.5 хувиар нэмэгдүүлэх, амьжиргааны түвшин доогуур амьдарч буй 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг төсвийн шинжтэй үйл ажиллагаанд зарцуулагдах талаар Азийн хөгжлийн банк мэдээлжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсөв 788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа бөгөөд Орос, Украйны хямрал болон өмнөд хөршийн хилийн хорио цээрийн чанга дэглэм зэрэг гадаад хүчин зүйл нь эдийн засагт томоохон дарамт болж буй юм. Тиймээс Засгийн газар хүн амын ядуу, эмзэг бүлгийг дэмжих, инфляцийн дарамтыг бууруулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөр (МСХЗХ)-ийг боловсруулсан юм байна. “АХБ-ны энэхүү зээл нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын арга хэмжээг дэмжих болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн ноён Петер Розенкранз онцлоод, “Энэхүү Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн Хөтөлбөр (МСДХ)-ийн зээлээр олгох төсвийн дэмжлэг нь дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн нэн шаардлагатай шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсвийн орон зайг бий болгоход эергээр нөлөөлнө” хэмээн дурджээ.

Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал өсч, гадаад валютын нөөц дэх дарамт, гадаад санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байна. Түүнчлэн хүнс, шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, ядуурлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд 2022 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 16.1% болж өссөний дотор хүнс, шатахууны үнэ огцом нэмэгдлээ.

Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг бөгөөд өндөр инфляци, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал нь тэдгээр ядуу, бага орлоготой өрхүүдэд асар хүнд тусч байна. Эдгээр өрхүүд нь нийт орлогынхоо 43 хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32 хувийг зарцуулдаг байна.

Гадаад цочрол нь хүн амын ядуу, эмзэг бүлгүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, охидод илүү сөрөг нөлөө үзүүлдэг юм. Цар тахлын үеэрх хөл хорионд хамгийн ихээр өртсөн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг цалин хөлс харьцангуй багатай салбарт эмэгтэйчүүд гол төлөв ажилладаг. Иймд энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийт өрхийн 64 хувьд хамаарах 1.2 сая хүүхдэд шууд мөнгөн дэмжлэг болж хүрнэ хэмээн үзэж буй юм байна.

“АХБ-ны энэхүү санхүүжилт нь хүн амын ядуу, эмзэг бүлгийн иргэдэд гадаад цочролоос үүдэлтэй хүндрэлийг даван туулахад туслах болно” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан захирал хатагтай Эмма Фан хэлээд, “МСДХ-ийн хүрээнд үзүүлэх яаралтай тусламж нь 2022 оныг дуустал тус улсын Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөрийн дагуу эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын дэмжлэгийг өргөжүүлэх болно” гэж онцолжээ.

Холбоотой мэдээ