АСРАМЖ ХАЛАМЖИЙН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, АВЬЯАС ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ “AZUKA FASHION” БОЛЛОО

2022-11-02 62 0

Өсвөр үе, залуучуудын авьяас, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөртөө болон бусдад итгэх итгэлийг бий болгох, бие даан амьдрах, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх болон их дээд сургуулийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилготой “Azuka fashion” нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ жилийн арга хэмжээнд 7 сургуулийн 200 гаруй өсвөр үе, залуучууд оролцлоо. 

Арга хэмжээнд амжилттай оролцсон сурагчдад Их Засаг олон улсын их сургуульд 100 хувь үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулан өгсөн юм.  Энэ үеэр AZUKA FASHION-г санаачилсан А.Аззаяа болон шагналт байр эзэлсэн өсвөр үеийн залуустай цөөн хором ярилцлаа.

Санаачлагч А.Аззаяа:

-AZUKA FASHION-ийг санаачлах болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Асрамж халамжийн хүүхдүүд болон нийслэлийн 29-р дунд сургуулийн хүүхдүүдийн дунд бүтээлч сэтгэлгээ болон авьяас чадварын хөгжүүлэх тэмцээн уралдаан байдаггүй байсан. Миний хувьд тэрхүү хүүхдүүдтэй 7 жил хамтран ажилласны үр дүнд тухайн хүүхдүүдэд дутагдалтай байгаа арга хэмжээг 2019 онд санаачлан  AZUKA FASHION нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн.

-Тухайн арга хэмжээнд өсвөр үеийн хүүхэд, залуус ямар ямар төрлөөр оролцдог юм бэ?

-AZUKA FASHION-ийг анх зохион байгуулахад загвар өмсөгч, гар урлал, загвар зохион бүтээгч гэх 3 төрөлтэй байсан бол энэ жилийн хоёрдугаар наадам дээр урлан, уран сайхны бүжиг, дуу, гоцлол дуу, хөгжим болон гоцлол хөгжим гэсэн төрлүүдийг нэмж оролцуулснаар илүү олон хүүхэд, залуучуудыг хамруулж чадсан байгаа.

-Арга хэмжээний хамрах хүрээний хувьд?

Манай AZUKA FASHION арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асрамж халамжийн хүүхдүүд оролцож байна.

-AZUKA FASHION арга хэмжээний ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ. Цаашид цар хүрээ нь хэр өргөжих бол?

-Миний хувьд AZUKA FASHION арга хэмжээг зөвхөн зорилтот хүүхэд, залуусын дунд гэхээс илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулахыг хүсч байгаа.

AZUKA FASHION- арга хэмжээнд тэргүүн байр эзэлсэн Б.Насанжаргал:

-AZUKA FASHION наадамд ямар төрлөөр оролцсон бэ?

-Гар урлалын төрлөөр орсон. Ингэхдээ хуйлмал цаасаар бүтээл хийх буюу А3 хэмжээтэй цаасан загас хийсэн.

-Арга хэмжээнд оролцох болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Бидний дунд AZUKA FASHION шиг тэмцээн, уралдаан ховор зохион байуулагддаг учир өөрийгөө сорьж үзэх үүднээс оролцсон.

-Таны хувьд AZUKA FASHION-д оролцсноор ямар боломж нээгдсэн бэ?

Арга хэмжээнд түрүүлсний дараагаар өөрийн авьяас чадвараа улам сайжруулах, цаашид чанартай бүтээл гаргахыг эрмэлзэх болсон. Мөн өөрийгөө нээх зорилгоор хар зургаар хичээллэж байгаа.

Оролцогч Н.Хулан:

-Уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Н.Хулан гэдэг. 12-р ангийн сурагч байна аа.

-AZUKA FASHION арга хэмжээнд ямар төрлөөр оролцсон бэ?

-Миний хувьд энэхүү арга хэмжээнд хувцас дизайн болон загвар өмсөгчөөр оролцсон. Бүтээлийн хувьд “Хатангоо” гэдэг бүтээлээр оролцсон.

-AZUKA FASHION арга хэмжээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Маш гоё. Нэг тийм мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлсэн мэт мэдрэмж авсан. Би багаасаа мисс, модель болохыг хүсдэг байсан. Тэгээд хувцасны загвар зохион бүтээдэг. Тэр ч үүднээсээ өөрийн авьяас чадвараа улам сайжруулах урам зоригтой болсон.

-Дараагийн томоохон зорилгоосоо дурдвал?

-Маш олон зүйл сурах төлөвлөгөө гаргаад явж байна.

-AZUKA FASHION-д оролцсноор ямар боломж нээгдсэн бэ?

-Би энэхүү арга хэмжээнд гуравдугаар байр эзэлсэн. Үүний үр дүнд өөрийн ур чадвараа сайжруулах тал дээр дэмжлэг болгож ИЗОУИС-ын зүгээс хувцас дизайны ангид 2 жил үнэ төлбөргүй суралцах эрх өгсөнд маш их талархаж байгаа.

Оролцогч Т.Нандин-эрдэнэ:

 AZUKA FASHION-д ямар төрлөөр оролцсон бэ?

-Миний хувьд AZUKA FASHION арга хэмжээнд дууны болон загвар өмсөгч гэсэн хоёр төрлөөр оролцсон.

AZUKA FASHION-д оролцсон сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүс жирийн хүмүүстэй адилхан тэмцээн уралдаанд оролцохыг их хүсдэг. Тэр ч утгаараа бид нар энэхүү хүүхдүүдтэй цуг оролцож, адилхан түвшин өрсөлдсөндөө их баяртай байгаа.

           -Та нартаа амжилт хүсье.

Холбоотой мэдээ