УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2022-06-24 414 3

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурж, баталгаажуулснаар 2022-2026 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Үүнд:

  1. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  2. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжиж ажиллах;
  3. Байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
  4. Олон улсын арга хэмжээнд хамтран оролцох, хамтран зохион байгуулах;

Хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг дэлхий дахинаа чухалчлан үзэж, олон улсын хамтарсан хүчин чармайлт гаргаж буй энэ чухал цаг үед төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, хот болон хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болж байна.

Хамтын ажиллагааны талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол орон нь газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог болоод эдийн засгийн салбарууд нь цаг агаар, уур амьсгалаас ихээхэн хараат байдгаас шалтгаалан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор ордог. Тийм ч учраас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд бид үндэсний хэмжээнд онцгойлон анхаарч, Шинэ сэргэлт, ногоон хөгжлийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулснаар үндэсний хэмжээний эдгээр зорилтуудаа биелүүлэх, НҮБ-ын “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдэд цаашид “Рио Тинто” компанитай хамтран ажиллахаар болж байна” гэж онцолсон юм.

Рио Тинто” компани одоогоор дэлхийн 35 улсад үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөрийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2050 он гэхэд тэглэнэ гэсэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Тиймээс бид хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын арга туршлага, технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, Монгол орныхоо тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулан ажиллах шинэ үүд хаалга нээгдэж байгаад таатай байна” гэв.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хийгдэх ажлуудын төлөвлөлт, хэрэгжилтийг ханган ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон өргөн цар хүрээнд 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр оруулах давхар үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхийг зорих юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2025 он хүртэл дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхийг зорьж, энэхүү чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй цогц шийдлүүдийг тодорхойлоход хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86°С-ээр дулаарсан байдаг бол манай орны хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь 2.5 дахин өндөр байна. Монгол Улсад хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

Холбоотой мэдээ