ЭРТ БОСВОЛ ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАНА

2023-05-02 553 0

“Монголчууд эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэлцдэг. Хоосон үг лав биш төдийгүй, эрт сэрсэн хүн ямар их бүтээмжтэй байдгийг “Өглөөний уулзалт” эвент арга хэмжээнүүдэд очих бүрдээ мэдрэх болов. Нэг үеийг бодвол эртэч болжээ, Улаанбаатарынхан. Салбар бүр өөр өөрийн ажил мэргэжлийн онцлогоос хамаарсан уулзалт, ярилцлага, туршлага солилцох, мэдлэг хуваалцах, мэдээлэл түгээх уулзалтыг эртлэн хийж хэвшиж байгаа нь ажил хэрэгч соёл болон тогтож байна. Өглөөний уулзалтаас үүдэлтэй 08:00 цаг хүртэл унтах нь бараг л ичмээр, хийцгүйрэл  болж байх шиг. Залуус сэрүүлгээрээ биш сэтгэлдээ үүсгэсэн зорилгодоо хөтлөгдөн өөрийгөө ялж эртлэн босоцгоож байна. Мэдлэг, мэдээллээ өглөөний эртэд хуваалцдаг соёл тогтож байх шиг.

Ингэж эртлэн цугладаг сонирхлын бүлгүүд, клуб, онлайн сургалтын байгууллага  бишгүй. Тухайлбал, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, Дата сэтгүүлчдийн клуб, ууланд алхагчид, дугуйчид гээд хөвөрнө. Өглөөний эдгээр уулзалтаас даваа гараг бүр аль нэг салбарынхантай эртлэн болздог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уулзалтыг онцломоор байна. Ингэж иргэндээ зорьж очдог, асуудлыг нь тэмдэглэн авдаг, тэдний дуу хоолойг биечлэн сонсдог, төрийн бодлогоо алгуурлахгүй танилцуулдаг Ерөнхий сайдтай байл уу, яалаа өнгөрсөн 30 жилд, Монгол Улс.

Баярлалаа, Ерөнхий сайд аа. Бүр чин сэтгэлээс ингэж хэлмээр болов. Түүний өглөөний уулзалтуудыг бишгүй хугацаанд харав. Агуулгыг нь хэрэг болгож анзаарав.  ОУБ-ын ажилтнууд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нар, Нүүр амны тусламж үйлчилгээний эмч мэргэжилтнүүд, Уул уурхайн салбарынхан, хороодын Засаг дарга нар, Хүний эрхийн ТББ-уудын төлөөллүүд гээд Еерөнхий сайдын өглөө эртийн болзоо үргэлжилсээр л байх шиг.

Өчигдөр ӨЭМТ-ийн эмч ажилчидтай уулзаж харагдана билээ. Бидний анхан шатны тусламж үйлчилгээ авах гэж зорьдог цагаан нөмрөгтнүүд Ерөнхий сайдын зөвлөхүүд ч зөвлөж чадамгүй, за ер нь хэнээс ч тэр бүр олж сонсоод баймгүй яг бодит мэдээлэл, эмч эмнэлгийнхний бэрхшээлийг сонсох шиг болно билээ. Өрхийн эмнэлгийнхэн бол яг л халуун цэг дээр ажиллагсад. Тиймээс яг бэрхшээл, асуудлаа тоочиж байна. Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн “Хараа мандал” ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал “Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг иргэнд тооцсон санхүүжилтээр санхүүждэг. Санхүүжилтийн 20 хувийг гүйцэтгэлийн шивэлтээр олгодог. Бид иргэндээ хүрч үйлчлэхээс илүү компьютер дээр шивэлт хийж санхүүжилтээ олж авч байна. Манай аймаг өрхийн эрүүл мэндийн таван төвтэй. Манай эмнэлэг дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна. Мөн өрхийн гурван эмнэлэг дундаа нэг машинтай. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна. Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг. Ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна.

БЗД-ийн XXIV хорооны “Мараната” ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул “Манай эмнэлэг 2024 онд магадлан итгэмжлэлд хамрагдана. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвийн байр стандартын шаардлага хангаагүй. Энэ мэтчилэн магадлан итгэмжлэлд хамрагдахад биднээс шалтгаалахгүй хүндрэл үүсдэг. Үүнийг хэрхэх вэ. Манай эмнэлэг 15 эмч, ажилтантай, 9035 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлчлүүлэгчид 100 хувь гэр хорооллынх, зорилтот бүлгийн иргэйн олонтой. Анхан шатанд олон төрлийн программ хэрэглэдэг, ачаалал ихтэй, гацдаг. Манай эмнэлэг программ шивэлтээс шалтгаалан санхүүжилтийн 20 хувиа авч чадахгүй байгаа, энэ асуудалд анхаарч өгнө үү”.

БЗД-ийн X хорооны “Цэн-Оюу” ӨЭМТ-ийн их эмч Д.Солонго “Түр оршин суугчдын нэг иргэнд тооцоох санхүүжилтийг хэрхэн олгоход анхаарах хэрэгтэй байна. Би өрхийн эрүүл мэндийн төвд 10 жил ажиллаж байгаа. Манай хороонд зургаан жил түр оршин суугчаар амьдарч байгаа хүмүүс ч бий”.

Архангай аймгийн ӨЭМТ-ийн их эмч Ж.Ариунаа “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг тулгамдсан асуудал нь хүний нөөц. Засгийн газар, ЭМЯ-наас анхан шатанд ажиллах ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх, мэргэшүүлэхэд анхаараасай гэж хүсэж байна”.

Өрхийн эмч нар энэ мэт асуудлаа ярьж, бэрхшээлээ тоочив. Ерөнхий сайдад тэдний үг хүнээр дамжихгүй, жин бангүй хүрэв. Энэ л чухал юм. Сонгууль дөхөхөөр л ард түмэндээ хайртай дүрээр түмнийхээ дунд ордог багтай улс төрчдийг бид мэддэг болохоос даваа гарагийн өглөөг иргэндээ зориулдаг, биечлэн очиж ажил байдал, нийгмийн нөхцөлтэй нь танилцдаг Ерөнхий сайд байж болдог гэж бодсонгүй явлаа. Яг энэ л ажилчин анги давхрагынхан Монгол Улсын төр хаана, юунд анхаарах юм, хэнд юунд хөрөнгө оруулах вэ, хаашаа бодлогоо чиглүүлэх ёстойг төвөггүй заана. Тиймээс өглөөний уулзалтаа үргэлжлүүлсээр л байгаарай, Ерөнхий сайд аа. Дараа дараагийн даваа гарагт танай, манай албан байгууллагад ч ирж магадгүй нь ээ. Тэгэхээр нийтээрээ эртэч болцгооё. Эрт босвол Ерөнхий сайдтай уулзана аа.

 

 

Холбоотой мэдээ