“ГЭР ХОРООЛЛЫН СЭРГЭЛТ” ТӨСЛИЙГ ГЭРЛИЙН ХУРДААР ЭХЛҮҮЛЬЕ

2023-05-02 765 0

“Гэр хорооллыг сайхан болгоно” гэж мөн ч олон жил улс төр хийлээ дээ, манай төрийнхөн. Хашаа, жорлон, зуух яндан, гудамж мэтхэнээр бяцхан шоу хийгээд тэгсгээд энэ ажил зогсдог. Арга ч үгүй биз. Улаанбаатарт 180 гаруй мянган  өрх айл гэр хороолол гэх бүсийг бий болгож байна. Хашаа хатгах газаргүй болтлоо тэлсэн гэр хорооллоо Монголын төр бодлогын гадна үлдээж, орхигдуулсан. Хөрс, ус, жорлон, ногоон байгууламж, камер, гэрэлтүүлэг, хаягжилт, тоглоомийн талбай, зам дэд бүтэц, нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж, орц гарц, автобусны хүрэлцээ, зогсоолын стандарт гээд тоочвол түмэн асуудал, буман бэрхшээл гэр хороололд бий. Үнс, бохироо гудамжиндаа гаргаад цацчихдаг суурьшил өнөөдөр ч байна гэхээр гэр хорооллын ирээдүйд гэрэл гийхгүй, тас харанхуй. Есөн дүүргийнх нь ихэнх хувьд гэр хороолол. Усаа барж, уулаа нурааж, бургасаа тайрч байгаад барилгын компаниуд нь Зайсан орчимдоо л бетонон ширэнгэ болтол орон сууцаа барих гэж шавалдах. Яг энэ гажуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засъя” гэж том дуугарч байх юм. Дуугарахаар барах уу, “Гэр хорооллын сэргэлт” гэх төслийг эхлүүлэхээр сэтгэл шулууджээ.

Энэ төслийг эхлүүлж, өрнүүлж, эцэслэж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Монголын ирээдүй талархана. Гарцаагүй гайхамшгийг бүтээсэн түүхэнд тэр үлдэнэ. Алдраа тод бичүүлэхээс ч аргагүй юм. Энэ Засгийн газрын хэрэгжүүлэхээр зэхсэн, хэдийн эхлүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогоос салбарлаж байгаа Боомтын, Хот хөдөөгийн, Улаанбаатарын,  Гэр хорооллын сэргэлт төслүүд яагаад ч юм итгэл бадрааж, төөрч яваад гэрэл гэгээтэй золгох мэт найдвар төрүүлэх боллоо. “Хэзээ миний Улаанбаатар хот шиг хот болно доо” гэх иргэн бүрийн сэтгэлд үүссэн эмзэглэлийг үлдэн хөөж, цоо шинээр төлөвлөх юм байна, бүтээн байгуулах гэнэ, шинээр сэргээхээр эхлүүлж хэмээн бодоход хүргэж байна. Гэр хорооллын сэргэлт төслийнхөө талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхны даваа гарагт хороодын Засаг дарга нартай уулзах үеэрээ тун чиг онцоллоо. Энэ бол гэр хорооллыг дагаж бүдгэрсэн олон олон асуудлыг цэгцлэх, журамлах эхлэл яах аргагүй мөн билээ. Тухайлбал,   “Гэр хорооллын сэргэлт” гэх дунд хугацааны төслийг эхлүүлснээр гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцүүд, гэр хорооллын стандарт, гэр хорооллын төрийн үйлчилгээ, гэр хороололтой холбоотой нийтийн тээврийн асуудал, гэр хороололд тавигдсан авто замуудыг хэрхэн холбох асуудал, гэр хорооллын соёлын болон орчныг хэрхэн сайжруулахтай холбоотой асуудал, хороо болон хэсгийн ахлагч нарын мэдээлэл солилцох урсгал гэх мэт шийдэл үгүй явсаар ирсэн бэрхшээл цогцоороо шийдэгдэх гэнэ. Жишээлбэл,  “Сэлбэ сэргэлт” гэх маш чухал төслийг эхлүүлэхээр төслийн нэгжийг Барилга хот байгуулалтын яамны харьяанд шилжүүлээд байгаа юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Дамбадаржаагаас Дунд гол дагуу авто зам баригдана. Энэ нь ТЭЦ-IV-ийн урд очиж дуусах гэнэ. Нэг талдаа 22 км буюу нийт 44 км авто зам баригдах юм байна. Барилгын ажлыг ирэх долоодугаар сард эхэлж, 2024 онд ашиглалтад оруулна.

“Гэр хорооллын сэргэлт”-ийн хүрээнд Улаанбаатарыг 6 дэд төв, найман бүс бүхий 47 нэгж хороолол, хоёр хотын төвтэй байхаар төлөвлөжээ.

“Гэр хорооллын сэргэлт” төслийн хүрээнд хамгийн эрчимтэй бүтээн байгуулалтыг эхлүүлсэн дүүрэг нь Чингэлтэй байна. Тус дүүрэгт хэрэгжих Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар тун чиг чихэнд чимэгтэй мэдээлэл хийж байсныг энд онцолъё.

Сэлбэ дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн. Тодруулбал, гурван гүүр, 6.7 км авто зам, 5.3 км цахилгаан холбоо, 9.97 км дулааны шугам, ариутгах татуурга, усан хангамжийн 19.78 км шугам, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын 2.4 км далан суваг, 1000 метр куб усан сан, дэд станц зэргийг байгуулжээ. Мөн  35 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбосон байна. Түүнчлэн 50 айлын орон сууц, 150 болон 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьж, 3.01 га талбайд тохижилтын ажил хийжээ.

Дүүрэг бүр “Гэр хорооллын сэргэлт”-ийн хүрээнд Чингэлтэйн адил бүтээн байгуулаад эхэлбэл Улаанбаатар Утаанбаатар байхаа болино. Улаанбаатарыг хот шиг хот болгон өөрчлөх “Гэр хорооллын сэргэлт” төслийг гэрлийн хурдаар эхлүүлье, Ерөнхий сайд аа.

Холбоотой мэдээ