ИРГЭНЭЭ ХАЛАМЖИЛСАН ТӨСВИЙН АЛСЫН ХАРАА НЬ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ РҮҮ ЧИГЛЭВЭЛ ГОЁ

2023-06-11 181 0

Ковид, дайн, газар хөдлөлт, цунами зэрэг давагдашгүй хүчин зүйл, геополитикийн онцлогоос хамаарсан хүнд цагийн бэрхшээл “үнэртээгүй” төсвийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баталлаа. Бүсээ чангалсан горимоос өөдрөг, иргэдээ халамжилсан, хэмнэж болох зардлаа танасан, тэнцлийг сайжруулсан, цалингийн тогтолцооны реформыг эхлүүлэх, түгжрэлийн эсрэг бодлогыг анхаарах төсөв батлагдав.  Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд боловсруулагдсан гэдгээрээ 2023 оны төсөв магтаал хүртэж болох ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зорилт Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд чамлалттай төсөв гэх шүүмж дагаж мэдэх төсөв болчихов уу даа.

2023 оны төсөв Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй сайд нарын мэдэгдэж байгаагаар “Уул уурхай дагасан эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд анхаарна. Нүүрсний экспортыг 50 сая тонн-д хүргэх бүрэн боломжтой” гэдгийг онцолж байгаа. Батлагдсан төсвийг том зургаар нь харвал, төвлөрлийг сааруулж, иргэдийн орон нутаг руу суурьшин амьдрах,  авто замын түгжрэлийг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогууд хэрэгжихээр байна.

Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгохоор туссан нь яах аргагүй нийгэмд хүлээлт үүсгээд байгаа сайн шийдэл. Үүн дээр нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэхээс гадна Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй гэдгийг тодотгож байгаа юм.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ажил хийвэл дуустал гэх зарчмыг барина гэсэн. Өмнөх онуудад эхэлсэн ч эцсийн байдлаар хүлээлгэж өгөөгүй бүтээн байгуулалтуудыг дуусгахад анхаарах юм. Энэ бодлого хэрэгжвэл, нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орох гэнэ. Үүнд, 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад орно гэсэн үг аж. Хөвсгөл, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад 100-300 ор бүхий хүүхдийн болон нэгдсэн эмнэлгийн барилгууд ашиглалтад орохоор байгаа бол 10 гаруй жил үргэлжилсэн 2 аймгийн театр, Үндэсний номын сангийн барилгыг дуусгах аж.

Илүү дутуу зардал, татаасгүй гэх сай шошгыг энэ оны төсөвт зүүж болох ч Монгол Улс боловсруулах салбараа өөд нь татахгүйгээр эдийн засгаа өөдрөг төсөөлөх боломжгүй юм. Тэгэхээр экспорт экспорт экспорт… гэж ирээдүйд олборлох эрдэс баялгийн экспортыг нэмэхээр зорьсноос газрын тос боловсруулах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, гангын үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр зэрэг нэмүү өртөг шингэсэн, инновац бий болгох боловсруулах салбараа өөд нь татвал эдийн засгийн орчин солонгорох бус нар мандлаа л гэсэн үг. Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор байгуулсан Аж үйлдвэржилтийн Үндэсний хорооны анхны хуралдааныг өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Өдгөө УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар энэхүү хороог ахалдаг. Хуралдааны үеэрээ зэс хайлуулах болон хар төмөрлөгийн үйлдвэрлэлд анхаарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ярьсан. Гэвч энэ ажлын явц ямар шатандаа явааг асууя.

Яг энэ чиглэлд аж ахуйн нэгж, компаниуд ч Засгийн газрын гарыг харалгүй бүтээгдэхүүн хийж, суралцаж, инновац бий болгож, бүтээмжээ сайжруулж байж өрсөлдөх чадамжаа өндөрсгөнө. Эдийн засгийн гадна дотнын савлагаанд өртөхгүй. Үйлдвэрлэлийн салбараа тордож чадвал Монголын эдийн засгийн орчинд түр зуурын бус байнгын органик өсөлт бий болно.

Үйлдвэржих амбицаа унтраах бус өдөөсөн төсөв батлагдсан сан бол мөн ч олон залуусыг гадагшаа ажиллах хүч болгож илгээхгүй, эх оронд нь тогтоох юм.  Төсвийн орлогыг халамж болгож иргэндээ хувааж өгснөөр залуусын ажил хийхгүйгээр амьдрах боломжийг л нэмэгдүүлж буй хэрэг юм. Үүнийхээ оронд төр ажиллах хүчээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм хэсэг болсон Аж үйлдвэржилтийн сэргэлтэд гар бие оролцоход нь мотивацилавал гоё.

Залуус, ажиллах хүчнийхээ ажил хийх хүслийг нь өдөөснөөр  ард түмэн шударгаар хөдөлмөрлөж байж сайн сайхан ирээдүй бүтнэ гэх эх оронч үзлийг Боловсролын салбараар дамжуулан олгож, төлөвшүүлэх юм. Нэгэнт ийм үзэл давамгайлбал Монгол Улс ажиллах хүчний доройтолд орохгүй. Тэгэхээр иргэнээ халамжилсан 2023 оны төсвийн алсын хараа нь аж үйлдвэржилтийн сэргэлт рүү алсын хараа нь чиглэвэл гоё.

Холбоотой мэдээ