ЦААСАН ДЭЭР Л ЗУРАГДДАГ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АЛТАНШИРЭЭТЭД СҮНДЭРЛЭХИЙГ ҮЗЛЭЭ

2023-06-19 906 0

Улаанбаатараас 450 орчим км давхисаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд буулаа. Малын хамар хатгах өвсгүй, гандуу говийн халууныг тэсэхэд бэрхтэй гэж. Нэлийсэн их талд татсан утас шиг зурайх нэгэн зурвас газарт хүрсэн нь газрын тос боловсруулах үйлдвэр цаас, төсөл, ТЭЗҮ байхаа болиод, Алтанширээ сумын нутагт сүндэрлэж, ажил хэдийн буцалж буй нь тэр байжээ. Энэхүү үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бүтээж байгаа бөгөөд төслийн багийнхан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг угтан авахтай зэрэгцэн ажлаа ч тайлагнаж, асуудлаа ч тоочлоо. Аргагүй биз ээ, Монгол Улсынн үе үеийн Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой, боловсруулах салбарыг сэвхийтэл урагшлуулах бүтээн байгуулалт юм” гэдэг ч нэдэр дээрээ хэнийх нь ч ам ажил нийлсэнгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Энэтхэгийн Засгийн газартай энэ цагт элбэж байгаа төсөл юм. Тэгэхээр хаа хаанаа үүрэг, хариуцлагаа тэнцүүлнэ гэсэн үг.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.

 

Тэрбээр “Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр 2024-2025 он гэхэд ашиглалтад орохоор төсөл эхэлсэн байдаг ч Ковидын нөхцөл байдал, хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, гэрээний хэрэгжилтэд удаашрал үүссэнээс болоод жил орчмын хугацааг алдлаа. Гэсэн ч Энэтхэгийн гүйцэтгэгч компани өөрсдийн хөрөнгөөр нэгэнт ТЭЗҮ нь батлагдчихсан, бүтээн байгуулалтын ажил тодорхой болсон учраас 4 үе шаттай бүтээн байгуулалтын ажлаасаа нэлээд нугалжээ. Монгол Улсын Засгийн газраас гэрээгээр хүлээж байгаа үүргийнхээ дагуу хэд хэдэн ажлыг эрчимжүүлэхэд нь тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ шийдвэрүүдээ төслийн багийнханд танилцуулж, бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж байна. Үүнд, шаардлагатай тоног төхөөрөмжийг хил, гаалийн НӨАТ-аас чөлөөлөх, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дээр ажиллах БНЭУ-ын ажилчид болон Газрын тос дамжуулах хоолойн ажлыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийн ажиллах хүчний визийн асуудлыг шийдвэрлэлээ. Энэхүү төсөлд нийт Монгол, Энэтхэг, Хятадын 2000 гаруй ажилчин ажиллаж байна. Төслийн удирдагчид 2026 оны II улиралд багтаан үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэдгээ хэлж байна. Хугацааг тодорхой хэмжээгээр хойш нь татаж байгаа хүчин зүйл нь инфляцтай холбоотой ханшийн зөрүүнээс үүдэлтэй санхүүжилт нэмэгдэх асуудал” гэв.

С.Наранцогт: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДАЛ НЬ ЭНЭТХЭГИЙНХ Ч АЖИЛЧДЫН ЦАЛИН, БУСАД ЗАРДЛЫГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН

            Говьд бүтээн байгуулалт энд ч тэнд ч өрнөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаж 580 айлын орон сууц баригдана. Харамсалтай нь, санхүүжилт зогссоноос үүдэлтэй ажил зогссон байгаа юм. Энэ орон сууцны хороолол ашиглалтад орвол мөн ч нүдэнд харагдах, орон нутагтаа ч улс оронд ч хэрэгтэй ажил болох нь ээ. Зогссон хорооллыг эс тооцвол  нефть боловсруулах үйлдвэр рүү төмөр зам тавьсан, 100 тоннын даац бүхий авто замын төслийг дуусгасан, 110 КВТ-ын өндөр хүчдлийн шугам тавьсан, өртөө зөрлөгүүдийг бий болгосон, 89 км-ийн урттай газар доогуурх ус татах шугам хийсэн гээд чамлахаар чанга атгах ажлыг нугалжээ. Энэ бүхний хажуугаар ажилчдын цалин, өдөр тутмын урсгал зардлуудыг нь “Хөгжлийн банк”-ны зээлээр шийдвэрлэсэн нь царцлаа гэсэн шүүмж нийгэмд хүчтэй өрнөсөн. Энэхүү гацаа арилсан эсэхийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтоос лавлалаа.

Тэрбээр “Төслийн хүрээнд хоёр тусдаа санхүүжилтийн асуудал яригдаж байгааг анзаарах хэрэгтэй. Төслийн нийт санхүүжилтийг БНЭУ-ын Засгийн газрын тусламжаар шийдэж байгаа бол урсгал зардал, цалин хөлсний гэх мэт зардлыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, тус компани өдөр тутмын үйл ажиллагаагаа Хөгжлийн банкны зээлээр явуулж байсан ч зээлийн шугам хаагдсан учраас хэсэг хугацаанд санхүүжилт нь зогссон байсан. Тиймээс эл компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд Монгол Улсын Засгийн газрын удирдлагаас  “Эрдэнэс Монгол” компанид асуудлыг хариуцуулсан. Одоогийн байдлаар бид 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн. Мөн он дуустал дахин 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөв батлагдахыг хүлээж байна. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанид даалгасан Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. Ажиллах хүчинтэй холбоотой асуулт нэлээд ирдэг. Өмнөх нөхцөлийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас энэ чиглэлийн ажиллах хүчнийг бэлдэж, төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэсээр ирсэн. Тэр зарчмаараа явна байх. Монголчууд барьж байгуулах үүрэг хүлээсэн 550 айлын орон сууц барих ажлын нэг хэсгийг Батлан хамгаалах яам хийж гүйцэтгэх байсан ч өнөөдрийг хүртэл ажил нь хийгдээгүй байдалтай байгаа. Мөн л “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлж байсан. Бидний цаашид анхаарах ажил энэхүү төслийг дуусгахын тулд Хөгжлийн банктай Засгийн газар хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэх” гэх тайлбар өглөө.

Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтыг богино хугацаанд дуусгахад анхаарах, ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн учир, тун удахгүй эрчим хүч, шатахууны гачигдалгүй улс болж буйгаа зарлахад хоног хугацаа алдах ёсгүйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

                            ТАМСАГААС АЛТАНШИРЭЭ РҮҮ…

Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ сум руу барьж буй нефть дамжуулах хоолойн нийт урт 530 км. Өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Ажиллах хүчний асуудлыг шийдчихвэл өдөрт 5км хоолойг чөлөөтэй гагнана гэж төслийнхөн танилцуулж байна. Түүхий тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Норинко” групп шалгарсан.  2020 оны эхээр Монгол Уллсын Засгийн газраас түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн.

Түүхий тос дамжуулах хоолой барих нь тээврийн зардал хамгийн бага, бүрэн болон хэсэгчилсэн автомат системээр удирдахаас гадна агаарын бохирдол, дуу чимээ зэрэг сөрөг нөлөөгүйгээрээ давуу талтай аж.

Мөн бүтээгдэхүүнийг жилийн турш тасралтгүй тээвэрлэх ач холбогдолтой гэнэ. Ийнхүү Сайншандын говьд шан татсан газрын тос боловсруулах үйлдвэр цаасан дээр биш газар дээр сүндэрлэж байгааг үзлээ.

 

Холбоотой мэдээ