Гэр нь шатсан залуу өрх УИХ-ын гишүүн П.Анужингаас шинэ гэр хүлээн авлаа

2021-01-29 390 0
Галд гэрээ алдсан таван хүүхэдтэй залуу гэр бүл УИХ-ын гишүүн П.Анужингаас таван ханатай шинэ гэр хүлээн авчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Галд өртсөн залуу гэр бүл, тэдний таван хүүхэд яг энэ цаг мөчид гэр, тавилгаа хүлээн авлаа! Нэг өдрийн өмнө боловч галаа тойрч дулаан хоног ээ” хэмээн пүрэв гарагийн орой мэдээлжээ.
Мөн гэрийн тавилга, хүүхдүүдэд дулаан хувцас хүргүүлсэн аж. Тэрбээр “Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхдээ гал гарах, түлэгдэх, осолдох эрсдлийг бодож, анхаарал болгоомжтой байцгаая!” хэмээн уриалсан байна.
Харин таван хүүхдийн ээж Ганцэцэг өчигдөр орой “Сайн байцгаана уу.  Лхагва гарагийн орой 20.00 цагийн үед гэр маань шатаж, таван нялх хүүхэдтэйгээ өмссөн хувцастайгаа үлдсэн ээж байна аа. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив дэмжлэгээр 30 цагийн дотор таван ханатай бүрэн тавилгатай шинэ гэртээ боллоо. Манай СХД-ээс УИХ-д сонгогдсон Н.Учрал, П.Анужин нар маань иргэд биднийгээ зовлон бэрхшээлийг хуваалцаж, хандивын гараа сунгаж өргөө сайхан гэртэй болгож өглөө. Яг одоо гэрийг маань барьж өгч байна. Таван үр минь халуун дулаан гэртэй боллоо. Маш их баяртай байна” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Эргэн сануулахад, энэ сарын 27-ны өдөр буюу лхагва гарагийн 19:14 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүнбаян цагаан гуравдугаар гудамжинд гэр шатаж буй тухай дуудлагын дагуу онцгой байдлын аврагчид очиж, 0-13 насны таван хүүхдийг эсэн мэнд аварсан юм.
Гэр нь шатсан өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдэж байсан билээ.

Холбоотой мэдээ