Хаан төрд хатан ухаан хэрэг болжээ

2021-01-30 765 2

Монгол Улсын Засгийн газар 14 яамтай. Үүний зургаа нь ерөнхий, найм нь чиглэлийнх.  Эдгээр яамдын дөрвийг нь эмэгтэй сайд удирдахаар боллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Б.Батцэцэг салбараа тэргүүлэхээр болсон бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Соёлын сайдаар Ч.Номин, БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан нар ажиллахаар тангарагаа өргөсөн. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоонд дөрвөн эмэгтэй сайд багтсан юм. Тэд эмэгтэйчүүд хэрхэн манлайлж, салбарын асуудлаа тодорхой болгож, боломжит шийдлүүдийг эрж, бусдад нөлөөлдгийг ирэх өдрүүдэд харах нь. Энэ утгаараа залуу сайд маань улс төрд ажилласан туршлагатай, тодорхой нам, эвслийн нүүр царай, гар хөл, эрх ашгийн төлөө дуугарч явдаг, албан тушаалын тэнгэртэй эрчүүдээс энэ удаад “зугатахаар” шийдсэн бололтой. Түүний энэ шийдэл зөв байсан эсэхийг монголчууд бид ирэх он цагуудад үзнэ.

Эмэгтэйчүүдийн манлайлах чадварт итгэж, тэр хэрээр чухал яамдынхаа жолоог атгуулж байгаа энэ үйл явдлыг олон хүн хаан төрд хатан ухаан хэрэг болжээ гэлцэн байна. Хэдийгээр хоёр ч сайдыг нь төрд хэлтсийн дарга бүү хэл мэргэжилтэн ч хийж байсан туршлагагүй хэмээн шүүмжилж байгаа ч бүсгүйчүүдийн нийгэмд манлайлах чадвар, шинийг эрэлхийлэгч зан чанар, бусадтай баг болох нийцэл зэргийг хэцүүхэн цаг үед хэрэгтэй гэж үзсэн бололтой. Магадгүй, тэд улс төрд шинэ үнэлэмж, шинэ хандлага, бүтээмж, соёлын мэдрэмжтэй, шинэ давлагааг авчирж ч болно. Тиймээс эмэгтэй сайдуудад итгэл хүлээлгээд, шийдвэр гаргах төвшинд 30-аас доошгүй хувиар оролцоотой байхад анхаарах нь төрийн тогтолцоо, шийдвэр гаргах үйл явц тэнцвэржих давуу талтай.

Холбоотой мэдээ