Хайран бодлогууд яйран болж боомилогдох вий, цаг сунгая

2024-04-02 384 0

Сонгууль хаяанд ирлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 13 тойргоор бүсчилж хөдөөд долоо, Улаанбаатарт зургаан тойрогт иргэд саналаа өгнө. Тойрог томсож, түшээд олширно. Нэг хэсэг нь 76-гаа яая гэж байхад, хонины найр болох нь гэж эгдүүцэж байгаа бол нөгөө хэсэг нь хяналт сайжирна, илүү чамбайрна гэх. Юутай ч түүхэн сонгууль болно. Парламентын танхимд 126 гишүүн тохой нийлүүлнэ. Тойргоо усалдаг аминчхан ажиллагаа үгүй болж, гишүүд илүү далайцтай ажиллах шаардлагатай болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн хөгжлийг дэмжих, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг томоохон бүтээн байгуулалтад зарцуулдаг болно гэсэн үг.

Томсгосон тойргоос бэлтэй, мөнгөтэй нь бус мэдлэгтэй, мэргэжлийнхэн сонгогдоно. Мөнгөний сонгуулийн боломж хумигдана гэсэн үг. “Царцааны нүүдэл” гэх мянга мянгаар нь өөрийн тойрогтоо зөөдөг сонгогчдын урсгал боомилогдоно. Залууст халтай гэх болгоомжлол бий ч харин ч эсрэгээрээ.

Нэр, мөр, гар цэвэр залуучуудаа илүү дэмжих боломжтой. НҮБ болон Олон улсын байгууллагууд эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд томсгосон тойргийг санал болгодог гэнэ. Тэгэхээр жендерийн тэгш байдлыг хангах бололцоо байж ч магадгүй. Энэ мэт давуу талтай сонгуульд бид оролцож, 126 гишүүнтэй цоо шинэ парламенттай болно.

Засаг бүр өөр өөрийн түүхтэй. Үүрдэг жаргал, зовлонтой. Улс орноо өөд нь татах өөрсдийн зурсан бодлого, жолоотой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танилцуулсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын өмнөтгөл дөнгөж хэрэгжээд эхэлж байна. Өнгөрсөн 30 жилийн балагийг баллуурдаж, ирэх 30 жилийн өнгийг сэргээх том амбийцтай Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого” 126 гишүүнтэй парламентад бэлэн хоол болно.

Учир нь, Боомт, Эрчим хүч, Аж үйлдвэржилт,  хот хөдөө, ногоон хөгжил, Төрийн бүтээмжийн гэх зургаан чиглэлд хэрэгжинэ. Сэргэлтийн бодлого ингэж цогц хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ гэж тооцоолж Боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ.

Засгийн газрын тэргүүн, сэтгүүлч Б.Ганчимэг хоёрын “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагын агуулгад энэ парламентын хийж хэрэгжүүлж буй хэд хэдэн чухал ажил байсны хамгийн онцлом нь хоолойд тулчихаад, юу юугүй эдийн засаг болон бидний амьжиргааг боомилох гээд байсан бондын өрийн тоолуур зогсож, Ковидын дараах дэлхийн эдийн засгийн уналтыг монголчууд харьцангуй хор хохирол багатай давсан шүү гэх хэсэг байлаа. Манайх шиг давжаа эдийн засагтай улс оронд Ковид цар тахал гэнэтийн аюул байсан. Энэ аюулыг сөргүүлж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш олон оновчтой бодлогуудыг танилцуулж, цаг алдахгүй хэрэгжүүлснээрээ тэр бэрхшээлийг монголчилж давсан. Тэр стандарт бус сэтгэсэн.

Түүх соёл, дэлхийн өнцөг булан бүрд суугаа танил тал, хилийн чинад дахь оюутнууд гэх мэтээ ашигла, бүх боломжит сувгаа ашиглаж байж вакцинтай болно гэж зүтгээд, дөрвөн төрлийн вакцины сонголттой цөөхөн улсын нэг болж нийтээрээ дархлаажсан нь өнөөдөр бараг л мартагдсан дурсамж болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагын үеэрээ тун тодорхой хэлнэ билээ. Энэ мэт залуу хүний овжин, сэргэлэн, асуудлыг янз бүр, олон талаас нь шийдвэрлэх чадварын ачаар өдгөө бид цар тахлын үеийн уналтыг ололт болгосон гэхэд буруутахгүй.

Одоо түүний дараагийн чухал бодлого танилцуулагдаж байгаа нь Бүсчилсэн хөгжил. Өнгөрсөн 30 жилд Монголын улс төрийн нам хүчнүүд, Засгийн тэргүүнүүд “Шинэ сэргэлтийн бодлого” мэт далайцтай, итгэл төрүүлэхүйц, цогц төлөвлөгөөг танилцуулж байсан нь үгүй. Аргацаасан, өнөө маргаашаа бодсон, зөвхөн тухайн цаг үедээ попорсон, өгөөж нь бага, үлдэх үнэт зүйлгүй зарчмаар ажилладаг байсан нь өнөөдрийн Монгол Улсын бүхий л салбарт үлгэн салган байдлыг бий болгосон нь нуух зүйл биш.

Тиймээс ирэх сонгуульд иргэд ухаалаг, хэрсүү байж төрийн залгамж чанарыг хадгалах, хайран бодлогууд яйран болж цаасан дээр царцах вий гэдгийг бодолцоход тун гэмгүй санагдана. Тиймийн тулд ажил хийвэл дуустал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ноён нуруу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эцсийг үзэх цагийг сунгая.

Төрд бизнесийн бүлэглэл шургачихаад, хуулийн цоорхойгоор хулгай тонуул хийж суудаг сурцтай арга барилыг халъя. Авлигагүй шударга, хуудуугүй хуультай, хулгайч түшээгүй болоход “ТАВАН Ш” ажиллагаа туйлын үүрэгтэй. Хүний өөрийнгүй дархан эрхтэй болчихоод даналзаж суудаг түшээдийг Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг бодлогууд арай даруулгатай болгосон нь маргаангүй үнэн л.

Холбоотой мэдээ