Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн саад

2020-10-25 457 0

Монголчууд бид нэг үеэ бодвол Япон улсын чанар сайтай бараа бүтээгдэхүүнийг өргөн  хэрэглэдэг болж эхэлсэн. Монгол болон Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр гэрээ 2016.06.07-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж, хоёр орны импорт, экспортыг дэмжих бодлого зорилтын дагуу явагдаж байгаа. Эдийн засгийн түншлэлийн энэхүү гэрээгээр Монголын талаас 5700 нэр төрлийн бүтээгдэхүүн, Япон талаас 9300 бүтээгдэхүүнийг үе шаттайгаар татвараас хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байгаа юм. Японы бараа бүтээгдэхүүн хэдий үнэтэй байсан ч Хятад болон Солонгос бараанаас чанарын илүү болохоор Монголчуудын хувьд хэрэглэхийг хүсдэг болов уу!

Одоогийн байдлаар Япон улсаас автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэл импортын барааны дийлэнх хувийг эзэлж байна. 2019 оны статистик дүн мэдээллээр Монголын нийт импортын барааны 11.9 хувийг Япон улсын бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Харин бид Япон улс руу ямар бүтээгдэхүүнээ экспортолж байгаа вэ гээд хайвал хангалтгүй үр дүн гарч байна. Япон улсын стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаад бидний гол дутагдал бий. Монголын  компаниудын хувьд Японы компаниудтай бизнес хийх сонирхол их байдаг ч ажил хэрэг нь нэг л сайн урагшилдаггүй. Миний ажигласнаар үүнд хэд хэдэн шалтгаан бий. 

Юуны түрүүнд Монголын бизнесмэнүүд Японы бизнес соёлын талаар мэдлэгтэй болсон дээр гэж бодогддог. Ямар соёл болон сэтгэлгээтэй хүмүүстэй ажил хэргийн харилцаанд орох гэж буйгаа манайхан төдийлэн ухамсарлаагүй мэт санагддаг. Монгол компанийн захирлуудын хувьд  танилцаад шууд л монгол сэтгэлгээгээр бизнесийн яриа хийдэг ч Япон бизнесмэнүүд сайн мэдэхгүй хүнтэй бизнесийн гэрээ шууд хийх систем байхгүй. Тиймээс эсрэг талын хүмүүсийн талаар мэдлэгтэй болох нь хамгаас чухал. Миний бие ч гэсэн Монгол болон Япон компаниудыг хооронд нь холбож өгөх гэж  зүдрэх үе их гардаг. 

Монгол компаниудын гаргадаг нийтлэг алдааг жагсаавал:

  1. Яг ямар бараа бүтээгдэхүүн сонирхож буйгаа нарийвчилж хэлдэггүй,
  2. Япон бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийлгэдэг ч эргээд өөрсдөө сураг чимээгүй алга болдог,
  3. Бизнес уулзалтанд компанийн товч танилцуулга бичиж авчирдаггүй,
  4. Ажил хэргийн бизнес уулзалтанд энгийн хувцаслах тохиолдол элбэг,
  5. Ихэнх Монгол компанийн захирлууд нэрийн хуудас авч явдаггүй,
  6. Бизнес уулзалт хийх өдрөө товлодог ч эргээд өөрсдийн дураар, нөгөө талын хүмүүсээ бодохгүйгээр уулзалтын өдрөө өөрчлөх нь элбэг,
  7. Имэйлээ шалгаж  хариу бичихгүй удаадаг.

Гэтэл Японы компаниуд цаг зав гаргаж, монголчуудын авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнийг нь хайж, үнийн судалгаа хийж өгдөг. Мөн бизнес уулзалт хийх өдрөө олон хоногийн өмнөөс нарийн тогтож маш сайн бэлтгэл хийдэг. Тиймээс бизнес судалгаа хийлгээд сураг чимээгүй болох, мөн уулзалт товлоод ирэхгүй цуцлах тохиолдолд тухайн компанитай дахин харьцах бодолгүй болдог. 

Япон улсын хүн ам 2019 оны байдлаар 126.3 сая гэж бүртгэгджээ. Монгол Улсын хүн амын тоо 2019 оны байдлаар 3,296,866 байна. Үүнээс үзвэл манай улсын хүн амын тоо Японы Шизүока мужийн хүн амтай (3,639,226) дүйж байна.

Нэг үгээр бол, япон компаниудын хувьд Монгол гэдэг зах зээл нэг мужтай нь л ижил багтаамжтай гэсэн үг.

Тиймээс Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн гэрээгээ төр засгийн түвшинд анхаарч үзэж, ЖДҮ-ээ сайн хөгжүүлж, бараа бүтээгдэхүүнээ экспортолдог болох хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ