З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Оддын эрэлд: Clubhouse-ын урт наслах нууц буюу TikTok-оос суралцах зүйл

2021-02-17 865 0

Олон нийтийн сүлжээ бүр үр шимийг нь хүртсэн influencer буюу нөлөөлөгчидтэй. Цахиурын хөндийг шуугиулж буй аудио чат апп болох Clubhouse-д цугласан олон нийтийг огцом өсөлт үзүүлэх компаниудын хөрөнгө оруулагчид эсвэл шинэ технологийг үүсгэн байгуулагчид гээд тодотгочиход нэг их буруудахгүй байх. Тэд бол цоо шинэ платформ, апп-ыг ямар ч эргэлзээгүйгээр шууд хэрэглэдэг өсвөр насныхнаас хэдэн арван насаар илүү бас мөнгөжсөн хэсэг хэдий ч Clubhouse-д хорхойссон хэрэглэгчид болж байна. Хэрэв энэ чигээрээ байж чадвал Clubhouse тун удалгүй бүхнийг хамарсан үзэгдэл болно.

Ийм горьдлого тээх шинж тэмдгүүд бий. Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Закерберг саяхан Clubhouse-д орсон хэдий ч түүний сэтгэл хөдлөл догдлол дүүрэн байв. Түүнийг сонсох гэсэн хэрэглэгчид олон байсан нь яриагаа дахин эхлэхээс аргагүйд хүргэсэн юм. Үүнээс өмнө Tesla-ийн босс Илон Маск ч мөн догдлол дүүрэн сэтгэл хөдлөлийг мэдэрсэн бөгөөд дараагийн удаа реппер Канье Уэсттэй аудио чатлахаа зарлажээ.

Хэдийгээр алдартай хүмүүс хоромхон хугацаанд анхаарал татдаг авч хэрэглэгдээ удаан барих баталгаа болдоггүй. Миний хувьд хэдэн долоо хоногийн өмнө Clubhouse-д нэгдсэн боловч удалгүй форматаас нь залхаж эхлэв. Нэг мэдэхэд тэнд юу болж байгааг байсгээд орж шалгадаг зуршлаа хэдийнэ гээсэн байлаа. Энэ нь би олон нийтийн сүлжээнүүд болон тэдний хөрөнгө оруулагчдын овоо хараанд байдаг “идэвхтэй хэрэглэгч” байхаа больсон гэсэн үг.

Гэтэл нөгөө талд видео хуваалцдаг TikTok апп-аас салж чадахгүй  хэвээр байна. Тэнд алдартнууд нөлөөлөгч, бусдын хүндлэлийг хүлээсэн хэвээр байна. АНУ-ын телевизийн реалити шоуны од Кайли Жэннэр гэхэд TikTok апп-ыг анх гоо сайхны брэндийн сурталчилгаагаа хийх зорилгоор дэврүүн бөгөөд идэвхтэй ашиглаж эхэлсэн. Түүний нийтэлсэн постуудын доор хүмүүс “Түүнд хэн нэгэн энэ апп-ыг яаж ашигладагийг хэлж өгдөг байх”, “Энэ бол Instagram биш” гэх мэтээр үнэн боловч хатуу үгсийг эелдэгээр илэрхийлдэг байв. Жэннэр үүнийг анхааралдаа авч хоромхон зуур алдартай эгч нартайгаа хийж буй тоглоом наргиагаар постуудаа сольж амжсан юм. Хэдийгээр Жэннэр ТikTok-д 27 сая дагагчтай боловч энэ нь түүний Instagram-ын 215 сая дагагчтай харьцуулахад тун бага тоо юм.

TikTok-ын томоохон одууд нь анх нээгдэхэд нь л элсэж байсан энгийн хүмүүс байдаг. Хамгийн алдартай од нь Чарли Д Амелио хэмээх өсвөр насны бүжигчин бий. Түүний дагагчдын тоо Жэннэрийнхээс дөрөв дахин олон.

Олон нийтийн сүлжээнд санаандгүй од болдоггүй. Венчур хөрөнгөтөн Блейк Робин саяхан TikTok-той адилхан Musical.ly апп-ыг үүсгэн байгуулагчдын нэг Алекс Зутай 2016 онд хийж байсан нэгэн ярилцлагыг ил болгосон бөгөөд тэнд Алекс Зу хэрхэн шинээр олон нийтийн сүлжээнүүд үүсгэх тухай өөрийнхөө онолыг хуваалцсан байна. Хожим нь ByteDance нь TikTok-ыг худалдаж авах үеэр босс нь болсон Зу “олон нийтийн сүлжээний платформууд амжилт олоход нь залуу бөгөөд бүтээлч, дижиталжсан иргэд туйлын хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Гэвч ийм хөгжүүлэгчдийг одоо байгаа олон нийтийн сүлжээнүүдийг орхих шалтгааныг мэдрүүлэх замаар л татна. Ийм шалтгаантай байж гэмээнэ шинэ платформ дээр од болно гэж Зу тайлбарлажээ.

Өмнө нь Musical.ly байсан TikTok апп гэхэд Youtube, Instagram зэрэг платформуудаас онцгой шинэ талбар болж чадсан. TikTok нь хэдийнэ байр сууриа олсон хөгжүүлэгчдийг онилохын оронд хэрхэн контент хийхийг замчлах замаар шинэ хөгжүүлэгчдийг дэмжсэн. Тиймээс ч хэрэглэгчдийн тоо шуурга шиг л нэмэгдэж байна. Цагаан хоолны тогооч Табита Браун гэхэд АНУ-ын Old Navy брэндийн сурталжичлгаанд тоглож, Чарли Д Амелио жишээ нь, Hulu телевизийн цуврал, ном, поскаст, хумсны лакны цуглуулга сурталчилж байна.

Шүхрээр нисэж байгаа алдартнаас илүү өөрсдөө төрүүлсэн оддын ашиг тус нь шинэ олон нийтийн сүлжээ хөгжүүлэхэд хамгийн чухал юм. Нэгэн цагт Facebook-ийн хамгийн хүчтэй дайсан гэгдэж байсан Snapchat-ын өгсөн сургаал үүний хамгийн том жишээ. 2010-аад оны дундуур Snapchat Жэннэрийг урам зоригтой гэгч дэмжиж байв. Жэннэрийн Snapchat-ын хэрэглээ олны анхаарлыг татаж, олон алдартан тус платформд бүртгэлтэй болно гэж хүлээж байлаа.

Гэвч Жэннэрийн сонирхол буурахад хохирол дэндүү хэрцгий тусав. Тэрбээр 2018 онд “Одоо хэн ч дахиж Snapchat-ыг битгий нээгээрэй. Зөвхөн надад тэгэж санагдаад байна уу… үнэхээр уйтгартай юм” хэмээн жиргэсний дараа толгой компани болох Snap-ын хувьцааны ханш яг л уулын уруу гулгаж буй мэт урууджээ. Нэгхэн өдрийн дотор зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум гаруй ам.доллараар буурч, буцаад хуучин хэвэндээ ортлоо жил гаруй хугацаа зарцуулсан гэдэг.

Хэрэв шинэ хэрэглэгч татахын тулд том алдартныг ашигласаар байвал Clubhouse яг ийм эрсдэлтэй тулгарна. Clubhouse ийм дайны амжилттай болоход дэндүү их хиймэл идэвхжүүлэлт, мөнгө зарцуулж байгаа. Хэдийгээр анх гарснаасаа хойш жил хүрэхгүйн хугацаанд долоо хоногт хоёр сая хэрэглэгчтэй болж буй ч тус апп-ын хөрөнгө оруулагч Andreessen Horowitz фирмийн зүгээс компанийн зах зээлийн үнэлгээ тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлж байгаа юм.

Зах зээлийн үнэлгээ нэг тэрбум ам.долларт хүрснээр “ганц эвэрт” старт-апуудын эгнээнд шилжлээ гэсэн үг.  Технологийн ертөнцөд тэнгэрт тулмаар асар их үнэ цэнийг бүтээж, эрт хөрөнгө оруулагчдадаа их хэмжээний ашиг олох боломж олгодог старт-апуудыг “Ганц эвэрт” гэж нэрлэдэг. 770 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй Facebook компани энэ өндөрлөгт хүрэхэд хоёр жил зарцуулсан. Хэт хөөрөгдсөн хүлээлтэд хүрэх амаргүй байх болно. Бага хурлын ширээний ард сууж буй мэт сэтгэгдэл төрүүлэх Clubhouse-аас өсвөр насныхан дайжиж буйг буруутгах аргагүй. Гэхдээ Clubhouse эрт хэрэглэгчдийнхээ тусламжтай үнэ цэнэ бүтээж чадна. TikTok-ын амжилтын туршлагаас харвал оддын эрэлд мордоход хувирамтгай алдартнуудаас илүү өөрсдөө тойглож бойжуулсан хөгжүүлэгчид илүү үнэ цэнтэй бооцоо болохыг харж болно.

Эх сурвалж: ft.com

Холбоотой мэдээ