Зургаа дахь Ерөнхийлөгчийн долоо дахь хүсэл

2024-12-06 82 2

 

Утаа, орон сууц, зам, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, цалин, тэтгэврийн нэмэгдэл гэх мэт төр дэх төмөр нүүртнүүдийн улс төр хийдэг, бурхны дүрд хувирахад нь мөнхөд хэрэг болдог сэдвүүд манайд бий. Энэ удаад Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн долоо дахь төрийн тэргүүн болж улирах гэсэн хүслийг Утааны жагсаал гүйцээнэ хэмээн сэтгэж, амьгүй албатуудаа ажилд нь оруулав.

Тавчиктай жирэмсэн эмэгтэйг гол дүр болгож, цахим дахь троллуудаараа сэвүүлж байгаад цар тахлын онцгой, хүнд нөхцөлөөс Ерөнхийлөгчийн индэр рүү зугатаж байлаа. Тухайн үед түүний энэ амин хувиа хичээсэн, албан тушаалын төлөө чичирсээр Ерөнхий сайдын тамгаа Л.Оюун-Эрдэнэд атгуулаад сураг ч үгүй мөр ч үгүй алга болоход “Дайны талбарт цэргүүдээ хаяад зугатдаг жанжин гэж байдаг уу” хэмээн иргэд, олон нийт гомдоллон асууж байв.

Түүнд цар тахалд иргэд нь үхнэ үү, үлдэнэ үү хамаагүй, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болох гэсэн бодол, мөрөөдөл л зорилго нь байсныг тухайн үед цагаан цаас шиг ард түмэн нь сэхээрч ойлгоогүй л байлаа.

Утаа мэдээж байгаа. Утаагаар улс төр хийж олон нийтээс дэмжлэг авч байсан үе үеийн Засгийн газар, түүний Сайд, гишүүд цөм хариуцлага хүлээх ёстой. Цаашид ч дүнсгэр Улаанбаатар утаандаа угаартах нь нэгэнт тодорхой байна. Иргэдээ орон сууцжуулахгүй бол утаа арилахгүй. Эрх баригчдыг нэгийг нөгөөгөөр солиод ч утаарсаар байх нь үнэн. Шийдэлгүй, шийдсэн бол зоригтой хийдэггүй, утааны асуудал хариуцсан нөхдүүд төсвийг нь элдэв гоё төсөл ярьж залгисаар байгаа нөхцөлд У.Хүрэлсүх дараагийн он жилүүдэд Ерөнхийлөгчөөрөө улирсан ч утаа арилахгүй ээ. Улаанбаатарын утаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн болж асан 2000 онд л яригддаг байсан шүү. Тэр цагаас хойш Ерөнхийлөгч та Монгол Улсын Сайдаар тасралтгүй ажилласаар одоо “ХААН” болчихсон. Гучин жил Монголын улс төрийн бүх шатаар алхаж, албан тушаалын сандал бүрд суучихаад яагаад утаагаа арилгах гэж хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээгээгүй юм.

Иргэдээ утаанд хэдэн арваараа угаартаж үхчихээд байхад эмгэж улсын тэргүүний хувиар гашуудсан ганц зурвас бичээгүй хэрнээ, долоо дахь Ерөнхийлөгч болох хүслээ гүйцээхийн тулд өнөөдөр гэнэтхэн утааг улс төрийн тайзан дээр сэдэв болгож сэвүүлэв үү дээ.

Бэрх цагт Ерөнхий сайдын тамгаа хаяад зугтахдаа жирэмсэн эхийг гол дүр болгоод, өөртөө шүлс ч хүргэлгүй явж одсон. Энэ удаад Ч.Ганжавхланг гол дүр болгочихоод, өөрөө долоо дахь хүслээ гүйцээх зураг төсвөө цацаад сууж байна. Өөрийн эрх ашгаа ямагт нэгдүгээрт тавьж, иргэдээ хөсөр хаядаг өнөөх муухай зангаа “Сүх жанжин” өнөөдөр дахин харуулж байгаад тань эмгэнэл илэрхийлье.

 

Холбоотой мэдээ