З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Түүхий эдийн супер мөчлөг ба үнийн ээлжит өсөлтийн ялгаа

2021-02-24 743 0

Олон улсын топ хөрөнгө оруулалтын банкуудын нийтэлсэн судалгаагаар түүхий эдийн зах зээлд хэдэн жил үргэлжлэх, өргөн цар хүрээтэй, ихээхэн үнийн өсөлт үзүүлэх ээлжит супер мөчлөг тохиох гэж буй аж. Энэ талаар манай улсын уул уурхайн салбарын мэргэжилтэн, шинжээчид ч мөн онцолж эхэлсэн. Үүнийгээ цахилгаан автомашины үйлдвэрлэл, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээр тайлбарлаж буй.

Цар тахлын үеийн уналтын дараагаар ихэнх түүхий эдийн үнэ ирэх хоёр жилд өсөх магадлал өндөр байгаа ч үүнийг супер мөчлөг биш харин ээлжит үнийн өсөлт хэмээн няцаагчид ч бий. Австралийн Хамтын нөхөрлөлийн банкны уул уурхай, эрчим хүчний эдийн засагч Вивек Дар “Цар тахлын эсрэг вакцины туршилтуудын талаарх эерэг мэдээлэл нь түүхий эдийн зах зээлд нөлөөлж, өнгөрсөн оны 10 дугаар сараас ихэнх түүхий эдийн үнэ сэргэж эхэлсэн. Гэхдээ энэхүү сэргэлт нь супер мөчлөгийн шинжтэй болох эсэх нь тодорхойгүй байна” гэлээ.

Дэлхийн түүхий эдийн эрэлтийн 50-60 хувийг бүрдүүлдэгийн хувьд бид өмнөд хөршийнхөө энэ жилийн болон ирэх таван жилийн эдийн засгийн зорилтыг харах нь чухал аж. Хятад улс ойрын ирээдүйд хэрэглээ, үйлчилгээнд суурилсан эдийн засгийн бодлого түлхүү хэрэгжүүлэх үү эсвэл өмнөх шигээ түүхий эдийн эрэлтийг өдөөсөн салбаруудаа онцлох уу гэдгийг анхааралтай ажиглахаас аргагүй гэдэг таамгийг Вивек Дар онцолж байна.

Түүний эл таамаг JP Morgan, Goldman Sachs тэргүүтэй барууны хөрөнгө оруулалтын банкуудын “түүхий эдийн ээлжит супер мөчлөг тохиож эхэлсэн” гэдэг итгэлтэй байр суурийг няцааж байгаа юм.

Үнийн ээлжит өсөлт, супер мөчлөгийн ялгаа

Ройтерсийн шинжээч Жон Кемпийн бичсэнээр түүхий эдүүдийн бүх цаг үед тохиож байсан супер мөчлөгийн хугацааг аваад үзвэл оргил үе нь минут, цаг, хэдэн өдрөөр үргэлжлэх богино хугацаатай байхаас гадна хэдэн сар, улирал, жил, магадгүй хэдэн арван жилээр ч үргэлжилж болзошгүй байдаг аж.

Энгийн мөчлөгийн үед үнийн өсөлт нь борлуулалт, үйлдвэрлэлийг дэмждэг бөгөөд энэ тохиолдолд худалдан авалт, хэрэглээ бага байдаг аж. Үнийн ээлжит өөрчлөлт нь ихэнхдээ түүхий эдийн зах зээлүүдэд хязгаарлагдмал байдлаар илэрдгийг тэрбээр нийтлэлдээ онцолсон байна.

Тиймээс супер мөчлөг гэдэг нь үнийн хамгийн том хэлбэлзэл, хамгийн урт мөчлөгийг хэлдэг бөгөөд ихэвчлэн үнийн хамгийн доод түвшнээс эхлээд оргил үедээ хүрэх хугацаа нь 20-оос олон жил, бараг бүх түүхий эдийг хамарсан байдаг онцлогтой.

Эдийн засгийн түүхч Дэвид Жексийн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүчний салбарын 40 төрлийн түүхий эдийн үнийн харьцуулсан судалгаагаар өнгөрсөн хугацаанд таван удаа супер мөчлөг тохиожээ. Эдгээрийн оргил үе 1910, 1950, 1970 болон 2010 онд байсан байна.

Түүний онцолсноор  супер мөчлөг нь ихэвчлэн зах зээлийн үйлдвэрлэл биш хэрэглээ талд илэрдэг аж. Цаг хугацааны хувьд аваад үзвэл хэрэглээг тэтгэсэн түүхэн үйл явдлууд нь аж үйлдвэржилт, АНУ-ын хотжилт, Дэлхийн нэгдүгээр дайн, мөн Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ, Японы дахин аж үйлдвэржилт, 2000-аад оны үед тохиосон Хятадын хотжилт, аж үйлдвэржилтийн үр дүнд бий болжээ.

Сүүлийн супер мөчлөгийн үеэр манай улсад хамгийн том зэсийн орд болох Оюутолгойг илрүүлж, улмаар уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байсан билээ. Үр дүнд нь манай улсын эдийн засаг 2011 онд 11.5 хувиар өсөж байсан түүхтэй. Эдийн засаг, санхүү, бизнесийн Financial Times сонинд бичсэнээр 2000-2009 онд тохиосон түүхий эдийн супер мөчлөгийн үеэр дэлхий даяар уул уурхай, металлын салбар дахь компаниудын нэгдэл 2002 онд 10 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2007 онд 150 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн аж. Таван жилийн дотор 15 дахин өссөн гэсэн үг юм.

Дараагийн супер мөчлөгийн суурь юу вэ?

Ирэх 5-10 жилд ээлжит өсөлтийн мөчлөгөөс илүү далайцтай үнийн хэлбэлзэл үзүүлэх хэд хэдэн суурь хүчин зүйл бий аж.  Дараагийн том хотжилт, аж үйлдвэржилт явагдах орон бол Энэтхэгийн эдийн засаг. Гэхдээ түүхий эдийн зах зээлд далайцтай “хэлбэлзэл” үүсгэхэд хангалттай том авч цаг хугацааны хувьд чухам хэзээ гэдэг нь л асуулт юм.

Тэрчлэн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн төрөлхтний дэвшүүлж буй томоохон зорилтууд нь шинэ эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтаар илэрч байгаа нь мөн супер мөчлөг ойртсоны дохио. Гурав дахь хүчин зүйл нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг тэтгэхээр Засгийн газар, төв банкууд төсөв, мөнгөний тэлэх бодлого явуулж байгаа нь түүхий эдийн зах зээлд үнийн далайцтай өөдрөг төсөөлөл бий болгоход нөлөөлж магадгүй аж.

Эдгээр таамаглал цаг хугацааны хувьд хэр зэрэг давхцаахаас супер мөчлөгийн цар хүрээ том байх эсэх нь шалтгаална гэдгийг шинжээчид онцолж байна.

Бизнесийн уналт бүр хямрал болдоггүйг санах хэрэгтэй. Үүнтэй адил түүхий эдийн үнийн өсөлт бүр супер мөчлөг болно гэсэн үг биш.

 

Холбоотой мэдээ