Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн санаачилгаар “Сансрын юм ярья” цацагдаж эхэллээ

2021-02-25 776 1

Хүн төрөлхтөн сансарт ниссэн анхны үүх түүхээс эхлээд ЗХУ-тай хамтарсан Монголын хамгийн анхны сансарт нисэх үйл явц, сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, чиг хандлага, одон орны тухай “Сансрын юм ярья” таван минутын цуврал нэвтрүүлэг олон нийтийн сүлжээгээр хүрч эхлээд удаагүй байна.

Нэвтрүүлгийг БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа санаачилсан бөгөөд тэрбээр энэ тухайгаа “Эдгээр нэвтрүүлэг, мэдээлэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн таних тэмдэгтэй олон нийтэд хүрч байгаа бөгөөд хүүхэд багачуудаас эхлээд хэн ч үзэж сонирхож, авч ашиглаж болно” гэлээ.

Монголд сансрын технологийн үүсэл хөгжил, хэрэглээ, хэрэгцээ шаардлагыг харуулсан баримтат кино, хэлэлцүүлэг гээд хэд хэдэн төрлийн контентийг энэ сарын 1-нээс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын сансрын технологийн холбоо, “Васт” продакшн, “Амгалан дэлхий” ТББ хамтран олон нийтэд хүргэж буйн нэг нь “Сансрын юм ярья” нэвтрүүлэг юм юм.

Монголын сансрын технологийн холбооны тэргүүн, МУИС-ийн багш, дэд профессор Д.Эрдэнбаатар ярихдаа “Сансрын технологийн том агентлагууд бүгд олон нийттэй харилцах, мэдээллэх үйл ажиллагааг эрчимтэй, өргөн цар хүрээтэй явуулдаг. Үүний жишээг Ангараг дээр бууж байгаа роверийн олон нийтэд түгээж буй мэдээ мэдээллээс харж болно. Сансрын технологийг олон нийтэд таниулах нь улс орнуудын хувьд шинжлэх ухаан, технологид дурлах хойч үе, залгамж халаагаа бэлтгэхэд чухал нөлөө үзүүлдэг” гэв. Монголын сансрын технологийн холбоо нь Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх зорилготой байгууллага. Энэ хүрээнд сансрын технологийн таниулахад идэвх санаачилгатай оролцож буйн нэг илрэл нь “Сансрын юм ярья” нэвтрүүлэг аж.

Нэвтрүүлгийн уран бүтээлийг хариуцаж буй “Васт” продакшны гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин “Ямар ч салбар өнөөдөр технологийн дэвшлийг нэвтрүүлэхгүйгээр урагшлахгүй. Тэр дундаа бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг, хэрэглээ нь улам бүр өссөөр байгаа сансрын технологиос холдох, хоцрох эрхгүй. Баяжиж, хөрөнгөжөөд барьж авна гэдэг ойлголт байдаггүй. Гурав дахь шатанд хүрэхийн тулд өмнөх шатыг туулах л ёстой. Үүнд манлайлагч нь байхыг хүсч манай хамт олон энэ салбарыг итгэл үнэмшлээрээ хүсэл сонирлоороо дэмжин ажиллаж байна” хэмээн төслийнхөө талаар ярилаа.

Харин “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам “Нийгэм өнөөдөр юунд сатаарч, юу руу хуйларч байна, түүнийг л шүүрч аваад, тойрч эргэлдээд байвал хэвлэл мэдээллийн салбарын чиглүүлэх, соён гэгээрүүлэх үүрэг мартагдана. Монгол хүний сэтгэлгээ, алсын хараа сансрын тухай ярьсан, мөрөөдсөн, бичсэн нэгнээ шоолох  хэмжээнд хүртлээ уначихаагүй гэж бодож байна. Харин өмнөх түүхээ мэдэхгүй, өнөөдрийн хэрэглээгээ анзаарахгүй, цаашдын чиг хандлагыг тооцоолохгүй байгаатай л холбоотой. Тавантолгой, Оюутолгой, нүүрс, махны хэрүүлийн мөчлөгөөс гарч, өөр нүдээр урд замаа харвал хөгжлийн бас нэг том гарц байхыг үгүйсгэхгүй. Энэ ч үүднээс “Сансрын юм ярья” төслийг дэмжиж, манлайлан ажиллаж байна. Энэ бол дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлж буй нэг зорилго” гэлээ.

“Сансрын юм ярья” богино нэвтрүүлгээр сансрын жингүйдэл, хоол хүнс, сансрын хөлөг, хувцас хэрэглэлээс эхлээд сансрын нислэгийн үйл явц, технологийн шийдэл, од эрхэс, нарны аймгийн талаарх мэдээллийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр зохиомжлон хүргэж байгаа юм байна. Нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд уран бүтээлчдийн сошиал сувгуудаар олон нийтэд хүрч буй аж.

Холбоотой мэдээ