З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Нээлттэй өгөгдлийн далд боломжуудыг нээхүй

2021-12-07 830 1

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд, албан хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил тод мэдээлдэг ХАСХОМ-ийн цахим сайтад “Эрдэнэставан толгой” ХК-ийг 878 янзаар “нэрлэсэн” байдаг гэвэл баргийн хүний санаанд буухгүй байх. Гэхдээ энэ бол баримттай зүйл. Магадгүй насанд хүрсэн хүн бүр ХАСХОМ-ийн маягтыг бөглөдөг байсан бол мөнөөх компани бүр ч олон янзаар “нэрлэгдэхийг” үгүйсгэхгүй. Ийнхүү янз бүрээр бичсэн компанийн талаар цааш албан ёсны эх сурвалжаас буюу УБЕГ-ын Хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас лавшруулахад нэлээд хүндрэлтэй. Тухайн компани хэзээ байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, өөр бусад хувьцаа эзэмшигч нь хэн бэ гэх зэргээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар хайя гэж төсөөлье, гэтэл нөгөө мэдүүлэг бөглөсөн этгээд нь нэг үсэг зөрүүлж бичсэн байвал таны хайсан мэдээлэл гарч ирэхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, ХАСХОМ-д мэдүүлэг өгөх үүрэгтэй хүмүүс дур дураараа компанийн нэрийг бичдэг учраас өгөгдлийн чанарт ихээхэн нөлөөлж, цааш ашиглах боломжийг бууруулна, бүр байхгүй болгох ч эрсдэлтэй.

Шилэн дансны мэдээллийн систем ч ялгаагүй байгууллагын нягтлан бодогч, санхүү хариуцсан мэргэжилтнүүд өөр өөрсдийнхөөрөө мэдээлэл оруулдаг тул цэг таслал, том жижиг үсэг, тооны орон алдах зэрэг алдаа түгээмэл байдаг нь төрийн нээлттэй мэдээллийн чанар ямар түвшинд байгааг илтгэнэ.

Энэ бол “Нээлттэй нийгэм форум”-ын тэтгэлэгээр “Монголын дата клуб”-ын шинжээчид “Төрийн өмчит уул уурхайн компаниудын төсөв хөрөнгийн зарцуулалтад олон нийтийн хяналт бий болгох нь” сэдэвт өгөгдлийн шинжилгээний явцад төрийн нээлттэй мэдээллийн сангийн чанарт хийсэн үнэлгээний нэг хэсэг юм.

Төрийн өгөгдлүүдийг нэгтгэх оролдлого

Монгол Улс 2010 оноос ХАСХОМ-ийн системтэй болох ажлыг эхлүүлж, 2014 онд Шилэн дансны тухай хууль баталж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, хамгийн сүүлд УБЕГ-ын Хуулийн этгээдийн мэдээллийн санг нээлттэй болгосон. Эдгээр хүчин чармайлт нь төрийн мэдээллийг нээлттэй болгох, цахимжилтийг дэмжихэд томоохон алхам болж буй нь сайшаалтай. Нөгөө талаас, уул уурхайн компаниуд ч маш их мэдээллээ нээлттэй болгож эхэлсэн нь өнөөдөр бидэнд ийнхүү мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлсэн билээ.

Угаасаа ч энэ их өгөгдлийг ашиглаж байж ил тод байдал бодитоор орших учиртай. Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулж, улмаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн хяналт бий болгож, засаглалыг бэхжүүлэх нь ардчилсан тогтолцооны хамгийн том хүлээлт билээ. Энэ ч зорилгоор “Монголын дата клуб”-ынхан дээрх дөрвөн том мэдээллийн сангаас эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын хамгийн их татвар төлөгч төрийн өмчит гурван компанийн худалдан авалт, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийсэн юм.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэставан толгой”, “Монголросцветмет” компаниудын 2016 оноос хойш энэ оны эхний хагас жилд хамаарах худалдан авалтын өгөгдөл мэдээллийг шинжилж үзэв. Тендэрийн бүртгэлийн дийлэнхийг 2019 оноос хойшхи мэдээлэл эзэлж байгаа нь өмнө нь хангалтгүй хөтөлж байсныг илтгэнэ. Өгөгдлийн боломжуудыг олон түгээх хүсэл эрмэлзэлтэй залуучуудын тооцоолсноор энэ гурван компанийн нийт худалдан авалтын дүн 5.8 их наяд төгрөгөөр хэмжигджээ. Манай улсын нэг жилийн төсвийн орлогын тал орчим хувьтай дүйж очих хөрөнгө гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэ гурван компани татвар, төлбөр хураамжаас гадна шууд бусаар үзүүлж буй эдийн засаг дахь үр нөлөөг илтгэнэ. Төсвийн хөрөнгө оруулалтаас ч давах энэ их худалдан авалт шударга арга замаар хувийн хэвшилд үнэ цэн бүтээх боломж олгодог байх нь төрийн өмчит уул уурхайн компаниудыг олон нийт хянах ёстой бас нэгэн үндэслэл юм.

Цаашдаа ч гэсэн эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангахын тулд тусгай хуультай болж, эрх зүйн орчныг улам сайжруулах бодит хэрэгцээ бий.

5.8 их наядын задаргаа

Тендэрийн мэдээллийн санд дээрх гурван компанийн 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн байх бөгөөд нийт худалдан авалтын 70 хувийг 7 компани нийлүүлжээ. Үүнээс дөрөв нь “Эрдэнэставан толгой” ХК-ийн оператор компани бөгөөд 5.8 их наядын худалдан авалтын 58 орчим хувийг эзэлж байна.

Харин давтамжаар нь аваад үзвэл 10-аас дээш удаа, бүр 68 удаагийн ч тендерээр нийт 1.2 их наяд төгрөгийн ханган нийлүүлэлт хийсэн 70 гаруй компани байна. Үүнээс 20-оос дээш тендерээр ханган нийлүүлэлт хийсэн 14 компани анхаарал татаж байв. Өөрөөр хэлбэл сард хоёр удаа эсхүл сар бүр тендер зарлаж худалдан авдаг ямар ажил, бараа, үйлчилгээ байдгийг дэлгэрүүлээд харвал сонирхол татна. Эдгээрээс ХАСХОМ-ын мэдүүлэгтэй холбогдож буй компани ч бий.

“Монголын дата клуб”-ын энэ удаагийн өгөгдлийн шинжилгээний нэг онцлог нь өгөгдлүүдийг нэгтгэх оролдлого байлаа. Тухайлбал, шилэн данс, тендэрийн мэдээллийн сан дахь гурван компанийн өгөгдлийг ХАСХОМ-ийн мэдээллийн сантай тулгахад 4000 гаруй ханган нийлүүлэгчдээс 132 компани нь АТГ-д мэдүүлэг өгөх үүрэгтэй албан тушаалтнуудын 535 мэдүүлэгтэй таарав. Тус 132 компани 440 тэрбум төгрөгтэй тэнцэх бараа, үйлчилгээг уул уурхайн гурван том компанид нийлүүлж байсныг өгөгдлийн дүн шинжилгээ харууллаа. Түүнчлэн тендэр зарлахгүйгээр шууд худалдан авдаг бараа, ажил, үйлчилгээний үнийн дүн 80 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд үүнээс 12 тэрбумыг ХАСХОМ-д бүртгэлтэй 100 компани бүрдүүлжээ.

Өгөгдлийн менежмент ба сургамж

Өгөгдлийн шинжээчид шилэн данс дахь төрийн өмчит уул уурхайн гурван компанитай харилцсан 6000 орчим компанийн нэрийг УБЕГ-ын мэдээлэлтэй тулгахад 1700 орчим байгууллагын бүртгэл олдоогүй аж. Энэ нь эдгээр байгууллага байхгүй гэсэн үг биш. Харин нийтлэлийн эхэнд дурдсан шиг харилцсан байгууллагуудынхаа нэрсийг янз бүрээр бичсэн тул албан ёсны Хуулийн этгээдийн бүртгэлийн сангийн өгөгдөлтэй машинд уншигдахаар таараагүй гэж ойлгож болно. Тиймээс хүний оролцоотой буюу нүдээрээ таниж, гар аргаар хайлт хийж байж 1600 компанийн мэдээллийг тулгаж, нэгтгэсэн байна. Нэрс нь огт олдоогүй 100 гаруй байгууллага үлджээ.

Өгөгдлийн шинжилгээний явцад шилэн дансны мэдээллийн сангийн өгөгдлийг цэвэрлэх ажил хамгийн их цаг хугацаа, хөдөлмөр шаардаж байсныг “Монголын дата клуб”-ын дата шинжээч, доктор С.Отгонцэцэг онцлов.

Энэ нь тус санд мэдээлэл оруулах, хөтлөх арга нь ямар нэг стандартгүй, тухайн мэдээллийг хөтөлж буй этгээдийн үзэмж, чадавхаас хамааралтай байсантай холбоотой аж.

Энэ бүхний цаана, хэдийгээр Монгол Улс төрийн мэдээллийг ил тод болгох, нээлттэй байдлыг нь сайжруулах хууль эрх зүйн орчныг тодорхой хэмжээгээр бий болгож буй ч хэрэгжилт хангалтгүй, хэрэглээнд нэвтрүүлэхэд түвэгтэй байгааг “Монголын дата клуб”-ынхны туршлага бэлхнээ нотолж буй юм.

Мэдээлэл нээлттэй байх, тэрхүү нээлттэй өгөгдөл мэдээллийг техник технологийн тусламжтай боловсруулж, бодлого шийдвэр, иргэдийн хяналтад ашиглана гэдэг арай өөр түвшний ойлголт. Байгууллагынхаа цахим хуудаст тоо, бичвэртэй мэдээллийг зураг (JPEG, GIF, PNG, PDF өргөтгөлтэй) хэлбэрээр байршуулсныг хүн л уншихаас машин технологи боловсруулж чадахгүй. Тиймээс дүр эсгэсэн нээлттэй мэдээллийг бодлого шийдвэрт ашиглах боломжгүй, том зургаар харвал мэдээлэл нээлттэй байсны ач холбогдол үгүй болно. “Монголын дата клуб”-ынхны туршлагаас харахад төрийн байгууллагын удирдлагууд мэдээллийг нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгохын ач холбогдлын талаар ойлголт хийгээд хүсэл зориг дутмаг байдаг нь ажиглагджээ.

Чимээгүй ухралт

Дээс томож усанд живсэн найзыгаа аврахын тулд бүхний хүслийг гүйцээдэг Царцаа, шоргоолж хоёрын үлгэрийн орчин цагийн түүх “Монголын дата клуб”-ын залуучуудад тохиолджээ. Дээрх дөрвөн сангаас зөвхөн нэгнийх нь л мэдээлэл нээлттэй форматаар хуваалцах боломжтой байсан бол бусад сангийн тухайд Царцаа, шоргоолж хоёр шиг асар их цаг хугацаа, үргүй зардал, хүч хөдөлмөр зарцуулж байж өгөгдлөө бэлдэж, цэвэрлэж, дүн шинжилгээ хийж, үр дүнгээ нэгтгэсэн аж.

Гэтэл парламентаар дөнгөж өчигдөр батлагдсан Нийтийн мэдээллийн тухай хуульд нээлттэй өгөгдлийг ашиглан төрийн үйл ажиллагаанд хяналт тавих хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, иргэдийн оролцоог хянах боломжийг хязгаарлах зохицуулалтууд багтсан нь харамсалтай. Өмнө нь зөвхөн нууцын тухай хуулиар л мэдээлэл хаалттай, бусад нь нээлттэй байсан бол одоо нээлттэй, хаалттай, хязгаарлалттай хэмээн ангилсан нь нэг талдаа өмнө нь зохицуулагддаггүй байсан олон мэдээллийг нээлттэй болгосон. Гэхдээ “хязгаарлалттай” гэдэг ангилалд тухайн мэдээллийг хэн нэгэн ашиглахын тулд далан булчирхайгаа тоочиж байж мэдээлэл хариуцагчаас авах зохицуулалт ч бий. Тэрчлэн тухайн нээлттэй өгөгдлөөр дамжуулан төрийн үйл ажиллагаа, хуулийн этгээд, хувь хүнийг тодорхойлох боломжтой бол нээлттэй болгохгүй гэж тус хуулийн 11.6-д заажээ. Энэ зохицуулалт нь бодит амьдрал дээр өнөөх авилгатай тэмцэх, дижитал шилжилт хийж, төрийн үйлчилгээг сайжруулахад мэдээлэл ашиглаж, ажил хэрэгч байдлаар санал бодлоо илэрхийлэх гэсэн хүмүүсийг залхаан туйлдуулах, явцуу эрх ашгийг хамаалахад чиглэгдэж байж болзошгүй гэж ойлгогдож байна.

Дэлхийн хөгжлийн хурдыг дагаад Монголын нээлттэй өгөгдлийн орчинд тодорхой хэмжээгээр ахиц дэвшил бий болгож байгаа ч, иргэдийн оролцоог хангах, засаглалыг бэхжүүлэх, бизнесийн боломжийг бий болгох, инновацыг дэмжих зэрэг бодит үр дүнд хүрэх яагаа ч үгүй байна.

Ядаж л хууль эрх зүйн орчинг тодорхой болгож, мэдээлэл ашиглагч нарыг дэмжиж, технологийн шийдэл, мэдээллийн чанараа сайжруулах шаардлагатай байгааг “Монголын дата клуб”-ын Дата бодлогын зөвлөх, доктор Г.Амарсанаа анхаарууллаа.

Ард иргэдийнхээ аз жаргалын индексээр үлгэр жишээ улс орнуудад төр нь өгөгдлийн бодлогодоо мета датаг хөгжүүлэх, түүнийг стандартжуулах, хувийн мэдээллийг ч ашиглах орон зайг бий болгохыг тусган ажиллаж байна. Гэтэл манай эрх баригчид энэ бүхнийг “хувийн мэдээллийг хамгаалах” гэдэг бамбай дор мэдээллийн ил тод байдал, төрийн нээлттэй байдлыг дэмжих үзэл санаанаасаа ухарч, нээлттэй өгөгдлийн орчинг хумихаар чармайж байгааг нийтлэлийнхээ төгсгөлд хэлэх нь зүй юм. Нээлттэй өгөгдөл нийтийн сайн сайханд үйлчлэх ёстой болохоос биш нэг хэсэг бүлгийн явцуу эрх ашигт үйлчлэх хэрэгсэл байх ёсгүй.

Эх сурвалж: Mongolian Data Club

Холбоотой мэдээ