Хүний папиллома вирусийн 15 орчим нь их эрсдэлтэй хэв шинжид тодорхойлогдож, умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог

2022-01-20 507 1

Хүний папиллома вирусийн хамгийн ноцтой нь маш олон “дүртэй”.

Өөрөөр хэлбэл, ХПВ-ийн 120 гаруй буюу яг үнэндээ 200 гаруй хэлбэртэй байдаг аж. Үүний 40 гаруй хэлбэр нь эмэгтэйчүүдийн бэлгийн замаар халдварладаг. Гэвч эдгээрийн цөөнх нь умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог. Бэлгийн замын ХПВ-ийг умайн хүзүүний цөмрөлтөд өмөнтэй хамааралтай эсэхээс хамаарч бага эсвэл их эрсдэлтэй хэлбэр гэж ангилдаг. Бага эрсдэлтэй ХПВ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэхгүй. Харин бэлгийн замын үү ургацаг байдлаар голдуу илэрдэг бол их эрсдэлтэй ХПВ нь умайн хүзүүний хорт хавдарт хүргэдэг гэж тодорхойлдог. Ойролцоогоор 15 орчим их эрсдэлтэй хэв шинж умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог байна.

ХПВ-ийн бага болон их эрсдэлтэй хэв шинж:

Бага эрсдэлтэй: 6, 11, 40, 42, 43, 44, 61, 72, 81,

Их эрсдэлтэй: 16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 68, 82

ХПВ-ийн 16, 18 дугаар хэвшинж нь их эрсдэлтэй бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын үед хамгийн элбэг тодорхойлогддог.

Мөн бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдийн ихэнх хувьд нэг эсвэл хэд хэдэн хэв шинжийн ХПВ-ийн халдвар тодорхойлогдож болно. Уг вирус нь умайн хүзүүний шилжвэр бүсэд нөлөөлж, эсийг эмгэгшүүлдэг. Серологийн шинжилгээгээр халдварыг бүрэн үнэлж чадахгүй. Учир нь халдвар авсан эмэгтэйчүүдийн ердөө 50-60 хувьд нь ХПВ-ийн эсрэг бие эргэлдэж байдаг. Түүнчлэн тус вирусийн халдварын цөөн хувь нь хорт хавдарт шилждэг.

Энд нэг зүйлийг онцлоход, эсийн дархлааны урвалын дүнд ХПВ цэвэрлэгддэг ч яаж үйлчилдэг нь одоогоор шинжлэх ухаанд тодорхой болоогүй юм байна. Харин тус вирусийн эмнэлзүйн сорил нь ерөнхийдөө их эрсдэлтэй хэв шинжийг илрүүлэхэд зориулагдсан байдаг аж. Энэ нь олон янзын молекул биологийн аргууд (hybrid capture, target amplification, invader chemistry)-аар ХПВ-ийн хэв шинжийг илрүүлж болдог байна.

Холбоотой мэдээ