Д.ГАНБОЛОР: Өглөөний цай уухгүй явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

2025-02-25 20 1

НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболортой өглөөний цай ууж хэвшихийн ач холбогдлын талаар ярилцлаа.

Өглөөний цай уусан ч өлсөх мэдрэмжтэй байвал хангалттай илчлэгтэй хүнс хэрэглээгүй гэсэн үг

Өдрийн эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа нь өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25 хувийг авах ёстой гэж зөвлөдөг.

Харамсалтай нь НЭМҮТ-өөс Ерөнхий боловсролын сургуульд хийсэн зан үйлийн судалгаагаар сурагчдын 44,7 хувь нь өглөөний цай огт уудаггүй гэсэн дүн гарсан. Үүн дотроо 16,7 хувь нь өглөөний цай гэрт нь огт байдаггүй гэж хариулжээ.

Өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт шим тэжээлээр хангаж, эрч хүч нөхөж, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг ач тустай. Үүгээр зогсохгүй биеийн жингээ барих, жингээ бууруулахад нөлөөтэй.

Зарим өглөө цайгаа уугаад гарсан ч өлсөх мэдрэмж төрдөг дөө? Үүний шалтгаан нь хангалттай илчлэгтэй хоол хүнс хэрэглээгүйтэй холбоотой. 

Хэтэрхий их  нүүрс устай, уураг агуулаагүй хоол хүнс өлсөх мэдрэмж хурдан төрүүлдэг. Хэрэв та биеийн хүчний ажил хийдэг бол аль болох илчлэг сайтай өглөөний хоол идэх нь чухал юм. Хулуу, цэцэгт байцайн зутан зэрэг нь амарсан ходоодыг цочроохгүй, зохистой хооллолт болдог тул хоол тэжээлийн мэргэжилтнүүд өглөөд идэж байхыг зөвлөдөг.

Өглөөний цай уухгүй байх нь таргалах шалтгаан болдог

Удаан хугацаанд өглөөний цай уухгүй байх нь цөс чулуужих, зогсонгижих  сөрөг үр дагавартай. Үүнээс гадна өглөө цай уухгүй байх нь ханиад, томуу тусах нэг шалтгаан болдог. Учир нь ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдсанаар дархлаа муудах, хоолны дуршилгүй болох талтай.

Түүнчлэн өглөө цай уухгүй явж байгаад хэт их өлссөнөөс гэнэт хэт илчлэг өндөр хоол хүнс хэрэглэх нь таргалах шалтгаан болдог.

Иймд уураг, нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг өглөөний цайнд сонгох нь чухал. Тухайлбал, жимсний бүлээн шүүм, хярам, арвайн гурил, бүхэл үрийн талх, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн зөөхий гээд эдгээр хүнс нь цөс ялгаралтыг илүү дэмжиж өгдөг.

Өглөөний цай нь ходоод гэдсийг механик, химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой. Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс: 

  • Гурил гурилан бүтээгдэхүүн (хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх)
  • Сүү сүүн бүтээгдэхүүн (Исгэлэн биш шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа гэх мэт)
  • Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан
  • Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал
  • Өндөг
  • Ус уух (зөгийн балтай, лимонтой)

Хоносон хоол шим тэжээлгүй болдог тул өглөөний цайнд тохиромжгүй

Хоносон хоолонд нян бактери үржсэн байдаг. Мөн шим тэжээлээ алдсан байдаг учраас өглөөний цайг орлох хүнс биш юм. Ихэнх хүн эрүүл хооллолт гэхээр хүн болгон гадаадын өндөр үнэтэй бүтээгдэхүүн гэж ойлгодог. Эсвэл гэртээ байгаа материалаа ашиглаад л өглөөний цайгаа уудаг. Гэхдээ тэдгээр хүнсний ихэнх нь сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн, эсвэл илчлэг бага шарсан хуурсан зайдас, хиам байх талтай байдаг.

Эрүүл хоолыг бид маш энгийн гар доор байгаа материалаа ашиглаад хийх боломжтой. Жишээлбэл, Нэг оюутны хувьд 1 ширхэг банана, 2 ширхэг үр тарианы гурилан боов, аяга зөгийн балтай ус уугаад гарахад л өдрийн хоол хүртэлх илчлэгээ авчихна.

Өдөр тутамдаа идэж болох энгийн өглөөний цайны жоруудыг санал болгоё.

Нөгөөтээгүүр өглөөний цайг хэвшүүлэх чухал алхам бол долоо хоногийн хоолоо төлөвлөж сурах юм. Ингэснээр төлөвлөгөөнд орсон хүнсээ л авна. 

Гэр бүлийн хооллох хэв маяг, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролоос таны үр хүүхэд ирээдүйд эрүүл, зөв бие бялдартай хүн болох эсэх нь шууд шалтгаалдаг. Хооллолтын хэв маяг өөрчлөгдөөд ирэхээр хүүхдүүдийн амтны мэдрэмж ч өөрчлөгддөг. Тэр хэрээрээ бэлэн хоол хүнснээс өөрийн эрхгүй татгалздаг.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ бага балчраас нь өглөөний цайг уулгаж хэвшүүлэх нь алсдаа ач холбогдол их.

Ээж аавууд хүүхдэдээ өглөөний уулгаж хэвшүүлэх хэрэгтэй. Сүүтэй будаа, кимбаб байсан ч болно. ингэснээр хүүхдийн уураг тархи сэргэг байж сурах үйл явцад ч нөлөөтэй.

Өглөөний цай уудаггүй хүмүүс байдаг. Энэ нь юутай холбоотой гэхээр тухайн хүн хэтэрхий орой ажилласан, оройтож унтсанаас болоод маш их илчлэг бүхий хоол сонгож идсэнээс болоод өглөөний цай уух дуршилгүй болсон байдаг. удаандаа энэ хүн бага багаар өглөөний цай уудаг ч юм уу, өөрийн дуртай хүнсний бүтээгдэхүүнээ өглөөний цайндаа сонгож хэрэглэж бага багаар хэвшүүлэх хэрэгтэй.

Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр. Өсвөр насны хүүхэд, оюутнуудын хувьд 400кл орчим илчлэг бүхий өглөөний цай уух ёстой. ингэвэл өдрийн цай хүртэл өлсөх мэдрэмж төрөхгүй, өөрийн хэрэгцээтэй уураг, нүүрс ус, тос, амин дэмийн хэрэгцээг хангахуйц өглөөний цай сонгож хэрэглэх нь бидэнд тэжээллэг ач холбогдолтой.

Өглөөний цайнд тос агуулсан хүнс оруулах нь зөв. гэхдээ ямар төрлийн тос хэрэглэх вэ гэдгээ бодож, зөв сонголт хийх хэрэгтэй. өндөг шарж идэж болж байна. тос нь оливын тос байж болно. хөнгөн зууш маягийн салат идэж болно. Хэт их шарж хуурсан юм бол ходоод гэдэсний хямралтай, ходоод гэдэсний үрэвсэлтэй хүнд зохимжгүй.

Оюутан сурагчдын хувьд өглөөний цай ууснаар сурах үйл явц, ажлын бүтээмжид эергээр нөлөөлнө. тиймээс өглөөний цайндаа аль болох шим тэжээлтэй, уураг нүүрс ус, эрдэс бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Ярилцсан Т.Ариунзаяа

Холбоотой мэдээ