Д.ДЭЛГЭРМАА: Давс хэтрүүлж хэрэглэх нь ирээдүйд үүсэх олон өвчний суурь болдгийг монголчууд тэр бүр мэддэггүй

2025-02-25 25 0

Монголчуудын давсны илүүдсэн хэрэглээ болон хэрхэн бууруулж болох талаар НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан, АУ-ны доктор Д.Дэлгэрмаатай ярилцлаа.

Гурван цагаан хорын нэгийг хэтрүүлж хэрэглэдэггүйн учир

Монголчууд давсыг гурван цагаан хорны нэг гэж эртнээс хэлж ярьж ирсэн нь учиртай. Орчин цагт давсаа багасгаарай гэхээр “Яаж давсгүй хоол идэх юм бэ?”, “Давсгүй цай амнаас уначих гээд хэцүү” гэхчилэн тоомжиргүй ханддаг болчихож.

Хэрэглэж дассан хэтийдсэн давсны хэрэглээгээ багасга гээд байгаагийн цаана олон асуудал бий. Хэдийгээр хэдэн удаа давсны хэрэглээгээ ихдүүллээ гээд амь насаа алдахгүй ч алсдаа олон өвчний шалтгаан болж байгааг судлаачид тогтоочихсон шүү дээ.

Артерийн даралт ихсэх, цаашлаад тархинд цус харвах эрсдэлтэй. Үүгээр зогсохгүй бөөр чулуужих, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа гэх мэт хүнд өвчлөл үүсэх голлох шалтгаануудын нэг болж байна.

2013 онд хийсэн “Хүн амын давсны хэрэглээ” үндэсний судалгаагаар хоногт авдаг давсны хэмжээ 10.5 грамм байв. 2019 онд энэ төрлийн судалгааг хийхэд давсны хэрэглээ дөнгөж 0.4 граммаар багассан гэсэн үзүүлэлт гарчээ. Багассан хэрэглээ нь ч ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй 2 дахин их хэвээр байна.

Далд давс хаана нуугддаг вэ?

Бид хоол, цайнаасаа өдөрт авбал зохих хэмжээний давсаа хангалттай авах боломжтой. Гэтэл үүн дээрээ нэмэлтээр  давсархаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг учраас хоногт авах давсны хэрэглээ хэтэрчихдэг. Үүнийг бид далд хэлбэрийн давс гэж нэрлэдэг.

Далд хэлбэрийн давс нь нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол, бэлэн хоол гээд хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагддаг. 

Сүүлийн үед хүмүүс хоол бэлтгэхдээ янз бүрийн соусууд ихээхэн хэрэглэж байна. Энэ бол далд давсны агууламж өндөртэй хүнсний нэг жишээ. Мөн шахмал, нунтаг хоол амтлагч,  хиам, боловсруулсан гахайн мах зэрэгт далд давсыг их хэмжээгээр агуулдаг. Чипс, самар болон бусад чихэрлэг амны зугаа гаргах бүтээгдэхүүнүүдэд ч далд давстайг та мэдэх үү.

Гадуур хооллодог бол далд давсны байнгын хэрэглэгч гэсэн үг

Судалгаанаас үзэхэд монголчууд дунджаар долоо хоногт хоёр удаа гадуур хооллож байна. Тэр дундаа залуу насны эрэгтэйчүүд гадуур хооллох нь их байдаг бөгөөд хоолондоо давсархаг соус, сүмс амтлагч нэмж хэрэглэдэг гэсэн ерөнхий хандлагатай гэж гарсан. Нийтийн хоол нэг дор их хэмжээгээр хийхдээ амт оруулахын тулд давс, амтлагч ихээр ашигладаг.

Зарим орнуудын туршлагаас харахад хоолны газрууд цэс дээрээ тухайн хоолонд агуулагдах илчлэг, өөх тос, уургийн агууламжаас гадна давсны хэмжээг ч бичиж өгсөн байдаг. Манайд Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөмж гаргасан байдаг ч төдийлөн хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Иймээс л “Би давс нэг их хэрэглэдэггүй” гээд анзаараггүй өнгөрч болохгүй байх нь.

ДЭМБ-ын зүгээс насанд хүрэгчдийн давсны хэрэглээг хоногт 5 грамм гэж зөвлөсөн байдаг. Энэ нь нэг цайны халбага л гэсэн үг шүү дээ. Манай улсын хувьд давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.2 дахин өндөр байгаа. Мөн амьдарч буй бүс нутгаасаа хамаараад илүү хэрэглээтэй ч байна.

  • Баруун бүсэд 15.4 гр,
  • Хангайн бүсэд 9.4 гр,
  • Төвийн бүсэд 9.9 гр,
  • Зүүн бүсэд 7.7 гр. Харин Улаанбаатар хотод 11.7 гр байна.

Цайгаа давсгүй уудаг заншилтай болцгоох уу?

Хүмүүс нэг үеэ бодвол эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон. Тухайлбал “Гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгана аа” эсвэл “Арай л их чихэрлэг юм идчихлээ” гэж ярьдаг болсон шүү дээ. Яг үүн шигээ л ядаж цайгаа давсгүй ууж заншмаар байна.  Хоолны давсаа ч бас багасгах цаг нь болжээ. Уг нь тийм ч хэцүү биш.

Магадгүй та хоолондоо 2 халбага давс хийдэг бол маргаашаас 1 халбага хагастай хийгээрэй. Ганцхан сарын дотор иймэрхүү аргаар давсаа багасгавал хүний бие дасчихдаг.

Давсаа бууруулаад гэхээр хүмүүс дургүйхэн хүлээж авдаг. Уг нь энэ бол өөрийн чадах зүйлээсээ эхэлж эрүүлжих маш энгийн үйлдэл юм. Өдөр болгон 10 км гүйхээс хялбар гэдгийг л ойлгож, хэрэгжүүлээрэй. Ингэснээрээ та эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулалт хийж байна л гэсэн үг . 

Давсны хэрэглээгээ бууруулах  3 алхам 

Нэгдүгээрт, давсны агууламжийг нь өөрсдөө тохируулах боломжгүй бүтээгдэхүүний хэрэглээг багасгая

Баяр ёслол тэр дундаа цагаан сарын үеэр хэт боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгддэг. Тэгвэл үүнийг орлуулж сурах нь зүйтэй. Тухайлбал нийслэл салатанд хиам бус үхэр, тахиан мах чанаад хийж болно шүү дээ.

Хоёрдугаарт, өөрсдөө хянаж болдгоор нь давсныхаа хэмжээг бууруулъя. Давс хэрэглэхгүйгээр амт оруулдаг бүтээгдэхүүнүүд олон байдаг.

Жишээ нь саримс, яншуй, лимон, хөмүүл зэргийг сонгоорой. Мэдээж  эдгээр хүнсээр хоолоо амталсан бол нэмэлтээр давс маш бага хийх эсвэл бүр хийхгүй байж ч болдог. Хүмүүс давс хийгээд дасчихсанаас биш заавал хийх ёстой зүйл биш гэдгийг санаарай.

Гуравдугаарт, хүнсээ цуглуулахдаа шошгын мэдээллийг уншиж, сурах нь чухал.

Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр давсыг “Sodium” эсвэл “Salt” гэсэн үгээр илэрхийлж, 100 граммд агуулагдах хэмжээг бичсэн байдгийг анзаараарай.

Хэрэв  “Sodium” гэж тэмдэглэсэн бол сонголт хийхдээ та дараах зөвлөмжийг дагаарай.

  • 100 граммд 120 мг гэсэн байвал энэ нь ойролцоогоор 0.12гр ба түүнээс бага натри агуулж байгаа тул давс багатай. Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно.
  • 100 граммд 120-600 мг гэсэн байвал энэ нь ойролцоогоор 0.12-0.6 гр натри агуулж байгаа тул дунд зэргийн давстай. Хэрвээ таны цусны даралт ихсдэг бол натрийн ийм хэмжээний агууламжтай хүнсийг байнга хэрэглэж болохгүй.
  • 100 граммд 600 мг гэсэн байвал ойролцоогоор 0.6 гр-аас их натри агуулж байгаа тул давс ихтэй. Та энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзаарай.
  • Харин шошгон дээр “Salt” гэж бичсэн байвал сонголт хийхдээ дараах зөвлөмжийг дагаарай.
  • 100 граммд 0.3 граммаас бага бол давс багатай. Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно. -100 граммд 0.3-1.5 грамм байгаа бол дунд зэргийн давстай.  Хэрвээ таны цусны даралт ихсдэг бол та давсны ийм агууламжтай хүнсийг хааяа хэрэглэж

Холбоотой мэдээ