З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Шоуны ширээн дээрх Монголын эмзэг, залуу үе

2021-03-15 798 1

Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй нөхцөлд 11.8 тэрбум төгрөгөөр 5000 залууг ажил хөдөлмөрт бэлтгэнэ гэсэн Засгийн газрын шийдвэр татвар төлөгчдийн мөнгөөр яаж шоуддагийг харуулж буй ээлжит нэг жишээ юм.

Засгийн газрын тун саяхан баталсан “Ажилсаг Монгол” гэх уг төслийн зорилго гоё. Улсын хэмжээнд ажилгүй гэх ангилалтай 18-34 насны 47 орчим мянган хүн байдаг гэнэ. Энэ төслийг хэрэгжүүлбэл энэ залуучууд халамж авагч биш хөдөлмөр эрхлэгч болох аж. Тэдний төлөөллийг нэг сарын хугацаанд нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургана. Сургалтын агуулга “Хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээлэл, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ач холбогдол, зээл тусламж авах боломж, энтрепрёнерт байвал зохих ур чадварууд,  хувь хүний төлөвшил, эх орны бүтээн байгуулалт, амьдралаа өөрөө л авч явах ёстой болохоос халамжаар амьдарч болохгүй гэдэг сэтгэлгээг суулгахад чиглэсэн” гэж тус төслийг гардан гүйцэтгэх ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлсэн. Санаснаар болдог бол сайхан.

Харамсалтай нь, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ямар ч мэдээлэл алга. Улсын төсөв хүнд байгаа энэ цаг үед ийм хөтөлбөр хэрэгжүүлэх нь татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарсан хэрэг биш үү гэсэн сэтгүүлчийн асуултад залуучууд энэ төсөлд хамрагдахын төлөө өрсөлддөг байгаасай гэж хүсэж буйгаа А.Ариунзаяа сайд онцолно билээ.

Түүнээс биш 11.8 тэрбум төгрөгөөр 5000 залууд вакумжуулсан сургалт явуулаад, үр дүнд хэдэн хувь нь ажилтай болж, залуучуудын дунд хамгийн өндөр байгаа ажилгүйдлийг хэчнээн хувиар бууруулж, хэчнээн компани, ажил олгогч уг төслийн үр дүнд ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлэлтэй, зөв хандлагатай боловсон хүчинтэй болох талаар ямар ч тооцоо судалгаа алга. Сургалтын агуулгыг харвал ийм төрлийн мэдлэгийг хүн амьдралын туршлагаас, өсөж хүмүүжсэн орчноосоо олж авдаг. Нэг ёсондоо энэ бол цээжилдэг мэдлэг биш. Тиймээс нэг сарын хугацааны сургалт гэдэг үр дүн багатай, үргүй зардал ихтэй байж таарна.

Төрийн бодлого, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтын талаар статистик суурьтай салбарын сайд нь хүртэл хөөрч дэвэрсэн тайлбар хийж байгаагаас харвал 11.8 тэрбум төгрөг эрх баригчдын сонгууль угтсан шоунуудынх нь нэг гэхээс юу гэх вэ. Эсвэл хэн нэг том албан тушаалтны бизнесийг дэмжих, төрөөс төрөх тэрбумтнуудын эгнээг зузаалах нэг шат дамжлага нь энэ удаад Монголын эмзэг бөгөөд залуу үеийнхэн болж таарлаа.

Өнөөдөр залуучууд залхуудаа, эсвэл бэлэнчлэх сэтгэлгээтэйдээ ажил хийхгүй байгаа хэрэг биш. Ажлын байргүй, ажил олгогчид, ЖДҮ эрхлэгчид томорч чадаагүй учраас залуучууд, ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлж чадахгүй, боловсролын систем нь хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдаагүй, ажиллаад ажиллаад авдаг цалин нь амьдралын баталгаа болж чадахгүй байгаа учраас хөдөлмөрийн зах зээлд томоос том ангал гарчихаад байгааг шийдвэр гаргагчид мэдэхийн ихээр мэддэг. Зүгээр л энэ ангалыг ашиглаад эрх мэдлийн сарвуугаа уртасгаж, хэтэвчээ түнтийтэл нь дүүргэж авах гэсэн хулгайч эрх ашгаа төрийн шийдвэр, төсвийн зарцуулалт бүрд шингээх нь тэдний гол зорилго мэт.

Монголын ирээдүйг боловсролтой залуу үе аварна гэх ойлголт нь энэ засгийнхны, тодруулбал хоёрдугаар ээлжийнхний бүрдүүлсэн гоё имиж юм. Тэр ч утгаараа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэнэ, сургана гэх нэрийдлээр ээлжит “усалгаагаа” хийхээр шулууджээ.

Уг нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү хөтөлбөр Н.Номтойбаяр сайдын үед гарч, Байнгын хороогоор хүртэл хэлэлцэж байв. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийн тухай хуулийг боловсруулан батлуулсан. Харамсалтай нь, С.Чинзориг сайдын үед залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл ч, хууль ч таг мартагдсан юм. Харин А.Ариунзаяа сайд томилогдсон даруйдаа яамныхаа бодлогыг “Халамжаас хөдөлмөрт шилжих”-д чиглүүлж, үүнийгээ өнгөрсөн намаржин сурталчилж байсан нь дотоодод Ковид-19-ын халдварыг халдаж, хатуу хөл хорио тогтоох хүртэл л үргэлжилсэн. Үнэнийг хэлэхэд “Халамжаас хөдөлмөрт шилжих” өнөөх бодлогыг тас цохисон хатуу хөл хорионы үеэр салбарын сайд нэг ч гэсэн ажлын байрыг хадгалж үлдэхийн төлөө ганц үг ч ганхийгээгүйдэг.

Гэтэл одоо гэнэт залуучуудыг ажлын байранд бэлтгэх ажлыг яам гардаж зохион байгуулах талаар яриад эхэллээ. Уг нь яам бодлогоо базаж, гүйцэтгэлээ хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын түншлэл дээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй баймаар. Гэтэл ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй ажилд 11.8 тэрбум төгрөг төсөвлөчихөөд сууж байгаа нь төр ажлыг яаж завааруулж, үнэгүйдүүлдэгийн тод жишээ юм.

Холбоотой мэдээ