Дундговь аймгийн нийт нутгаар 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүчтэй шороон шуурга шуурч 8-11 цаг үргэлжилсэн байгалийн онц аюултай үзэгдэл боллоо. Байгалийн гамшигт үзэгдлийн үед үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдан, салхины хурд 28-34м/сек, зарим үед 40м/сек хүрч, хүйтний эрч чангарснаар есөн хүний амь эрсдэж, олон тооны мал хорогдон, айл өрхийн гэр, хашаа нурж онц их хэмжээний гарз хохирол учрууллаа.
Аймгийн хэмжээнд нийт 354 дуудлага ирж 468 хүн сураггүй алга болж, 578 хүн 186 техник хэрэгсэлтэй эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулан 459 хүнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгч, есөн хүнийг осгож амь эрсэдсэн байдалтайгаар олсон харамсалтай явдал тохиолдлоо.
Тухайн өдрийн 14 цагт гэнэт харанхуйлснаар аюулт үзэгдэл эхэлсэн бөгөөд мал бэлчээрт явах үе таарсан тул малчид болон мал аж ахуйд ихээхэн хэмжээний хохирол учирлаа. Урьдчилсан байдлаар 134 айлын гэр, 587 айлын хашаа нурж, 70 орчим байшингийн дээвэр хуурч ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн мөн 30 автомашины цонх, шил хагарч, 2,133,008 мал уруудаж алдагдсанаас 1,141,345 мянган малыг олж, НЭГ САЯ орчим мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.
Дундговь аймгийн удирдлагуудаар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг гамшигт үзэгдлээр хүний амь эрсдэн, мал олноор хорогдсон зүүн долоон суманд ажиллаж, сумдын удирдлага, иргэд, малчидтай биечлэн уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан малчдад нэн тэргүүнд шаардлагатай тусламж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг малчдын санал хүсэлтийн дагуу тодорхойлж, аймгийн боломж нөөцөд тулгуурлан эхний ээлжинд сум тус бүрт ХОЁР САЯ төгрөгийн шатахууны зардал, 100 шуудай тэжээл, 1000 боодол өвсийг шуурхай хуваарилах, амь эрсэдсэн есөн иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж аймгийн Засаг даргын нөөцөөс тус бүр НЭГ САЯ төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Аймгийн Онцгой Комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумдын Засаг даргын тамгын газраас шуурганд уруудаж алдсан малаа эрэн хайж буй малчдад туслуулахаар Төрийн албан хаагчдадаа цалинтай чөлөө олгох, халуун хоол цай хийж бэлтгэн газар дээр нь хүргэж өгөх, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоон ахлах ангийн хүүхдүүдийг эцэг эхдээ туслах боломж бололцоогоор хангах, багийн Засаг дарга нарыг мал эрэн хайх ажиллагаанд гар бие оролцуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ч хүчин мөхөс байна.
Дундговь аймгийн хэмжээнд байгалийн гамшигт үзэгдлээс үүссэн хор уршгийг даван туулах, уруудсан мал эрэн хайх, үлдсэн малаа хаврын хатуу цагт хорогдолгүй авч орохоор маш хүнд нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа малчдад эд материалын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Иймд Дундговь нутгийн ард түмэнд тохиолдсон энэ хүнд цаг үеийг даван туулахад малчин түмэнд чин сэтгэлийн дэм хайрлаж, хандивт нэгдэхийг УРИАЛЖ байна.
Дундговь Аймгийн Онцгой комиссын зүгээс буй албан ёсны “ХАНДИВ”-ын данс нээн ажиллуулж байна.
- ХААН банк: 5466038926
- Хүлээн авагч: ДУ, Онцгой байдлын газар
- Төрийн сан: 100080031401
- Хүлээн авагч: ДУ, Онцгой байдлын газар н.с
- Холбоо барих утасны дугаар: 88107516, 99017901
0 cэтгэгдэлтэй