Уулзалтаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес компанийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад УУХҮЯ-ны зүгээс байнгын дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийлээд тахлын үед компанийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Оюу толгой”-н уурхайд коронавирусийн хоёр тохиолдол гарсантай холбоотойгоор компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоож, гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж баяжмал тээвэрлэдэг 200 гаруй жолоочийг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр бүрэн ханган ажиллаж байгааг хэллээ.
Мөн Улаанбаатар хот болон Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг дөрвөн суманд PCR шинжилгээний төв байгуулж уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28 болгон өөрчилжээ.
Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ.
Уулзалтын төгсгөлд “Оюу толгой” компанийн зүгээс ойрын хугацаанд баяжмалын тээврийг сэргээх, бүх ажилчдаа вакцинжуулах, ээлж солих асуудал болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны нөөцийн тодотголын тайлантай холбогдуулан гаргасан Зөвлөмжид шуурхай хариулт өгөхөд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
0 cэтгэгдэлтэй