Засгийн газраас 21 аймгийг зургаан бүсэд хуваан, 100 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

2021-03-29 817 0

“Ковид-19” цар тахлын улмаас 2020 оны ДНБ 5.3, уул уурхайн салбарын бодит өөрчлөлт 9.41 хувиар агшсан бол бусад салбарынх мөн -5.4 хувиар буурчээ. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 тэрбум ам.доллар бөгөөд экспорт -0.5, импорт -13.6, гадаад худалдааны тэнцэл 2.28 тэрбум ам.доллар, төлбөрийн тэнцэл 796.9 сая ам.доллар байсныг Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал баасан гарагт болсон “Үндэсний хөгжил ба сэтгүүлчид”  уулзалтын үеэр хэллээ.

Хөгжлийн бодлогын хувьд Монгол Улс шинэчлэлийн шатандаа явж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “…Хөгжлийн бодлого тогтвортой байна…” гэсэн маш чухал үзэл санааг тусгасан. Ингэснээр засаг солигдсон ч бодлого өөрчлөгдөхгүй буюу төрийн бодлогын залгамж халаа тасралтгүй үргэлжлэх үндэс суурь тавигдсан гэж ойлгож болох аж. 

Нөгөөтэйгүүр, төсөв бол олон нийтийн анхаарлын төвд байдаг чухал сэдэв. Өнөөгийн нөхцөлд төсвийн хуваарилалтыг даган бүх ажил хийгдэж буй. Ялангуяа, сонгуулийн жижиг можаритор системтэй манай улсад “тойргийн усалгаа” гэдэг ойлголт жишиг болтлоо тогтоод буй. Тухайлбал, асуудал эрхэлсэн яам нь мэдээгүй байхад хэн нэг улстөрчийн лоббигоор төсөвт суучихсан ажил маш олон байдаг. Ийн нэгэнт төсөвт суучихсан учир бодлого дагаж “намирдаг” дүрэмгүй тоглолт үеийн үед явж ирсэн билээ. 

Уг нь бодлого дагаж төсөв төлөвлөгддөг байх зарчим үйлчлэх ёстой. Тиймээс Үндэсний хөгжлийн газар энэхүү зарчмыг барьж ажиллахаа уулзалтын үеэр тодотгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн бодлогын төлөвлөгөөг богино, дунд, урт хугацааны гэж ерөнхийлөхөөс гадна жил жилээр нь судалгаанд үндэслэн боловсруулдаг болох аж. Энэ ажлаа ч эхлүүлж, ирэх оны бодлогын төлөвлөгөөг нарийвчилж гаргахаар ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ 2022 онд аль салбарт ямар бодлого түлхүү барьж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ тодорхойлж, энэ дагуу төсвөө батлах аж. Ингэснээр цаашид төсөвт урьдчилан гаргасан бодлогоос гадуурх хэн нэг гишүүн, эрх мэдэлтний тойргоо услах гэсэн явцуу эрх ашиг бүхий лобби хийгдэхгүй болно гэж ойлгож болох нь.  

Тэрчлэн төдийгөөс өдий хүртэл салбар бүр том нэртэй авч хөрсөн дээрээ буудаггүй тус тусын бодлого барьж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг болиулах аж. Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг “Төрийн байгууллагууд олон төсөл, хөтөлбөр баталдаг боловч яг хэрэгжилтэд буюу хөрсөнд буухдаа бусад яам, газар, агентлагтай ямар ч уялдаа холбоо, логикгүй явж ирсэн. Бодлого бол бүх салбар хоорондын уялдаа холбоог хангасан, зангидсан гар шиг байх ёстой зүйл. Төрөөс баримтлах эрчим хүч, байгаль орчны бодлого гэдэг шиг тухайн бодлого нь нэг салбарын асуудал мэт харагдавч тэр нь үргэлж бусад салбартай харилцан хамааралтай байх нь олон. Гэвч хэрэгжилтийн шатандаа очихдоо нэг нэгнээ харилцан зөвшөөрдөггүй үзэгдэл гардаг нь ажил урагшлахад тушаа болдог” гэв.

Нэг жишээ дурдахад, сүүлийн 30 жилийн хугацаанд Засгийн газрын хэмжээний 179, салбар дундын 21, салбар чиглэлийн 348 гээд нийт 595 өөр бодлогын баримт бичиг батлагдсан байдаг аж. Гэвч эдгээрээс хөрсөн дээрээ бууж хэрэгжиж буй нь тун цөөн гэнэ.

Тэгвэл 10 жилийн зайтай гурван үе шаттай хэрэгжих “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дунд хугацаандаа долоон төрлийн бодлогоор зангидахаар хуульчилсан нь дээрх эмх замбараагүй олон баримт бичгийг цэгцэлж, нэг голдирол, нэг хэмнэлд оруулна гэдгийг тэд онцолсон юм. Яг энэхүү орон зайн дээр Үндэсний хөгжлийн газар салбар хоорондын саналыг авах, нэгтгэх, уялдааг холбох чиглэлд ажиллах юм байна. Ингэж “Алсын хараа-2050” урт хугацааны малгайн дор бүх бодлогоо амь бөхтэй зангидаж, тогтвортой хэрэгжүүлэх аж.  

Долоон төрлийн зорилтот хөтөлбөрт дунд хугацааны буюу 10 жилийн бодлого төлөвлөжээ. Үүнд,

  1.       Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр
  2.       Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр
  3.       Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр
  4.       Байгаль орчны хөгжлийн зорилтот хөтөлбөр
  5.       Засаглалын  зорилтот хөтөлбөр
  6.       Үндэсний өрсөлдөх чадварын зорилтот хөтөлбөр
  7.       Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр байна. Энэ долоон зорилт дотор бүх үндэсний хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд чиглэл бүрээрээ хуваагдан орох юм байна.

Тэрчлэн Засгийн газар 21 аймгийг зургаан макро бүсэд хувааж, 100 мега төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Энэ талаар тус газрын дарга Х.Батжаргал ярихдаа “Засгийн газраас хэрэгжүүлэх 100 төслийг эрэмблэх, зохион байгуулах ажил хийгдэж байна. Томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж байж сонгодог утгаараа өсөлт бий болно. Өсөлт нь хөгжил рүү шилжих процессийг хангах юм. Бид энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа” гэв.

Холбоотой мэдээ