
1
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр Монгол Улсын хэмжээнд нийт газрын ховор элемент (ГХЭ)-ийн ислийн 3.1 сая тоннын нөөц бүхий нийт 6 орд илэрхий бүртгэгдсэн ба эрдсийн энэхүү баялгаараа бид дэлхийд эхний 15 дугаарт жагсаж байна. Манай улсад энэ чиглэлээр бодитой үйл ажиллагаагаа явуулж байгаа төсөл бол Ховд аймгийн Мянгад суманд байх Халзан бүрэгтэй.
Эргэн сануулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Ховд аймагт ажиллах үеэр иргэдээс ирсэн гомдол саналыг сонссоны дараа Засгийн газрын хуралдаанаар Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл тухайн төслийн үйл ажиллагааг буцаан сэргээх, дараагийн үе шатны судалгааг явуулах болсонтой холбогдуулан 2024 онд орон нутгийн иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарч байв. Иймд Халзан бүрэгтэй төслийн эргэн тойронд юу болж байгаа, ер нь ГХЭ-ийг олборлож, ашиглахад бид бэлэн үү, байгал орчин болон хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэхийг тоймлов.
Төсөл яагаад эсэргүүцэлтэй тулав
Ховд аймгийн Халзан бүрэгтэй орд нь 1.2 сая тонн нөөцтэй бөгөөд эдийн засгийн ашиг авчрах боломжтой гэж үздэг. Гэвч нутгийн иргэд уг төслийг эсэргүүцэж буй. Тэдний хувьд уул бол зөвхөн газрын баялаг биш, усны эх, амьдралын баталгаа юм. Олборлолт эхэлбэл түр зуурын ашиг олж болох ч байгаль орчны урт хугацааны хор уршиг нь эдийн засгаас давна гэж үзэж байна.
Иргэдийн төслийг эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлбэл, Монгол Улсын баруун хязгаар, тэр дундаа Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Буянт, Чандмань сум цаашлаад Завхан, Увс аймгийн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, биологийн төрөл зүйлийн мөхөл болно. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 15 хувь хордоно. Халзан бүрэгтэй уул Ховд голоос 12 км, Хар-Ус нуураас 19 км, Мянгад сумын төвөөс 16 км, Буянт сумын төвөөс 29 км, Ховд хотоос 51 км орчим зайтай оршдог аж.
Харин төсөл хэрэгжүүлэгчдийн хэлж буйгаар 2024 оны зургадугаар сараас “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г хийлгүүлж эхэлсэн ба 2026 он хүртэл үргэлжлэх аж. Энэ судалгааны үр дүнд байгаль орчин, ан амьтанд ямар нөлөө үзүүлэх талаар хариу нь гарч, 2026 оноос үйлдвэрийн барилгын ажил эхэлж, олборлолт нь 2028 оны сүүлээс эсвэл 2029 оны эхнээс эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.
Одоогоор “Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй хэвээр байна. Хамгийн сүүлд гэхэд, 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд Халзан бүрэгтэй уулыг хөндүүлэхгүй гэж Ховд аймгийн 200 гаруй морьтой иргэн болон 1000 гаруй хүн тайван жагсаал хийсэн юм.
Ямартай ч эндээс үзвэл, ердөө 3-4 жилийн дараа ГХЭ-ийг олборлож эхлэх дүр зурагтай байна. Гэтэл манай улс ГХЭ-дээ юу юуг бүртгэсэн бэ, хууль эрх зүйн орчин бүрдсэн үү, цаашлаад байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаарх суурь судалгааг хийсэн үү гэдэг томоохон асуулттай нүүр тулж буй. Ямартай ч тус төслийн талаар Ховд аймгаас сонгогдсон гишүүдийн илэрхийлж байсан байр суурийг хүргэе.
Халзан бүрэгтэй төслийн талаар хэн юу хэлэв
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Би нутгийн иргэдтэйгээ байнга холбоотой, энэ талаар мэдээлэлтэй байгаа. Би ч гэсэн нутгийн иргэдтэйгээ нэг ойлголттой байна. Байгалийн ховор элементийг дагаад уран буюу хүний эрүүл мэндэд онц ноцтой химийн элемент байгаа. Нөгөө талдаа Хар-Ус нуурын ай сав, Ховд аймгийн хүнсний ногоо үйлдвэрлэлийн төв, Ховд голын цэвэр усны нөөц гээд экологид нөлөөлөх эрсдэл байна гэдэг асуудлыг бид тавиад байгаа. Газрын ховор элементийг олборлох Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй юү гэдэг талаас нь ярих нэг өөр асуудал болох байх. Гэхдээ эдийн засагт хэрэгтэй гээд энэ улсад амьдарч байгаа иргэний эрүүл мэндийн асуудлыг хойш нь тавина гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Газрын ховор элемент болон уран нь тэс ондоо хоёр бүтээгдэхүүн. Ижил зүйл нь цацрагийн идэвх их, бага байдаг. Газрын ховор элемент бол стратегийн бүтээгдэхүүн. Тийм учраас үүнийг экспортлох нь зөв хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарвал тухайн уул уурхайн компани учраа олж байж цаашаа олборлох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон гээд дураараа дургидаг байж болохгүй гэж боддог. Иргэддээ зөв ойлгуулж байж Халзан бүрэгтэйн төсөл явах ёстой.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Халзан бүрэгтэй төслийн газар дээр нь очоод танилцаад, хэмжих төхөөрөмжтэй явсан. Цацрагт идэвхт бодисын тодорхой хэмжээ ялгардаг гээд байгаа эрсдэлийг яаж хаах вэ. Үр өгөөж нь хэнд очих вэ. Үнэхээр стратегийн чухал эд юм бол төрийн оролцоо ямар байх вэ. Ямар эрсдэл байгаа нь тодорхойгүй, тэр эрсдэлийг яаж бууруулах нь ойлгомжгүй. Ам хаасан төдий байна. Хар-Ус нуурын ай сав газарт, тэр нутаг орны бэлчээрт болон тэнд амьдарч байгаа хүмүүст яаж нөлөөлөх вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Орон нутгийн саналыг харгалзан, тэд хүсвэл энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Ховд аймгийн Мянгат суманд амьдарч байгаа ард иргэд өөрсдийнх нь амьдралд болон хүрээлэн байгаль орчин, ан амьтанд хортой юу, үгүй юү гэдгийг мэдэх эрх нь хангагдах ёстой. Хоёрдугаарт, мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг Монгол Улс, Монголын ард түмэн хүртэх ёстой” гэж заалт оруулсан. Энэ заалтын хүрээнд төслийн ашгийг тэнд амьдарч байгаа иргэд хүртэх ёстой. Ийм хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд Халзан бүрэгтэйг ашиглаж болно. Түүнээс бусдаар Халзан бүрэгтэйг ашиглах асуудлыг ярих болоогүй. Яагаад гэвэл иргэд эсэргүүцэж байна.
2
Мэдээж хэрэг өнөөдөр бидний унаж буй цахилгаан автомашин, гар утас, салхин турбин зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнд газрын ховор элемент (ГХЭ) зайлшгүй шаардлагатай гэдгийг хүн бүр мэддэг болсон. Гэвч ГХЭ-ийг олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулахаасаа өмнө байгаль орчин, орон нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар судлах нь зүйн хэрэг.
Тэгвэл ГХЭ-ийг гаргаж авахад 10 төрлийн химийн бодис ашигладаг байна. Тодруулбал, хүчил, шүлт, фторт давс, аммиак, азотын болон хүхрийн хүчил зэрэг юм. Эдгээр бодисыг буруу ашиглавал хөрс, усанд нэвчиж, малын бэлчээр, гол мөрөн, усны нөөцийг бохирдуулна. Энэ талаар Эдийн засагч Н.Энхбаяр хэлэхдээ “Хүдрийг нь ялгаж, элементийг нь боловсруулж чадахгүй бол зүгээр л шороо ухаж байгаа гэсэн үг. Монголд өндөр технологи эзэмшсэн хөрөнгө оруулагч ирэх хүртэл дор хаяж 10 жил шаардлагатай. Мөн зарим газрын ховор элементийн хүдрүүд нь цацраг идэвхт бодистой хамт орших тул аюулгүй ажиллагааг чанд сахихгүй бол хүний эрүүл мэндэд хортой” гэжээ.
Алтны сургамж ба Монголын хойч үе
Алтны олборлолтод ганцхан химийн бодис болох мөнгөн ус алдагдсанаас үүдэн тухайн бүс нутгийн ус бохирдож, хөрс доройтсон гашуун сургамж Монголд бий. Тэгвэл үүн дээр нэмээд ГХЭ-ийн олборлолтод шаардлагатай 10 гаруй химийн бодис байгаа тул эрсдэл хэд дахин нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талдаа, энэ их химийн бодисыг импортоор авах хэрэгтэй бөгөөд ашиглачихаад буцаагаад гаргая гэвэл ямар ч улс орон авахгүй. Тиймээс дотооддоо саармагжуулах шаардлагатай болно. Үүнийг байгаль орчинд хор хөнөөлгүй шийдэхэд маш төвөгтэй байх юм. Дэлхийн олон улс ч ийм эрсдэлээс үүдэн олборлолтоо зогсоосон байдаг. Тиймээс л технологийн төгс шийдэл гараагүй цагт газрын ховор нь эрсдэлтэй салбар хэвээр байна.
Нөгөөтэйгүүр, Монголд газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Байхгүй битгий хэл өнөөдөр ГХЭ-д юу юуг авч үзэх жагсаалтынхаа нооргийг ч гаргаагүй байна. Түүнчлэн газрын ховор элементийн хүдрээс баяжмал гарган авах, цаашлаад элемент бүрээр салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардагддаг ба манайд энэ чиглэлд олборлолтын болон технологийн салбарт туршлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчин ч дутагдалтай байна.
Газрын ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь үнэндээ алт, зэс, төмөр, нүүрс гэх мэт бусад ашигт малтмалын ордыг ашиглахтай адил биш учир дараагийн Оюу Толгой болохыг хүсээгүй л бол юун түрүүнд, олборлох тухай биш хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, технологи, боловсон хүчний чадавхиа ярих хэрэгтэй.
Ерөөс ГХЭ бол технологи өндөр хөгжсөн орнуудын бүтээгдэхүүн болохоос биш Монгол шиг нүүрсээ ч баяжуулаад гаргачхаж чадахгүй байгаа оронд төдийлэн хошуураад байх зүйл биш. Тэгээд ч хууль эрх зүйн орчин нь ч тодорхойгүй ийм үед газрын ховор элементийг олборлох тухай ярихад хэтэрхий эрт байна.
Эцэст нь хэлэхэд, энэ бол зөвхөн геологийн баялаг бус, ард түмний итгэл, байгаль орчны дархлаа, ирээдүй хойчийн амьдралын тухай асуудал. Эдийн засгийн боломжийг ашиглах уу, эсвэл байгаль орчны эрсдэлийг нэмэх үү? Энэ асуултын хариулт Монголын төр, ард иргэдийн хамтын сонголтод оршино.
0 cэтгэгдэлтэй