Б.МӨНХДЭЛГЭР: АВСТРАЛИ, КАНАД, ИТАЛИ, ТАЙВАНЬ, ХЯТАД, АНУ ЗУРГААН УЛСАД НОГООН МЭРГЭЖЛЭЭР ЗАЛУУСЫГ СУРГАХ “ТЭТГЭЛЭГ-100 ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2025-10-20 88 3

“Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал, “Дэлхийн Монгол иргэн” боловсрол, соёлын арга хэмжээний санаачлагч Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа. Өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний ням гарагт Тусгаар тогтнолын ордны 7 давхрын танхимд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь, гадаадын их дээд сургуульд хэрхэн амжилттай элсэн суралцахад нь, байгальд ээлтэй, ногоон мэргэжлийг эзэмших хэрэгцээ шаардлага, хэрхэн эрэлттэй, үнэ цэнтэй мэргэжилтэн болоход нь зориулж “Дэлхийн Монгол иргэн-Гадаадад тэтгэлэгтэй суралцъя” өдөрлөгийг зохион байгууллаа. “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ-ын санаачлагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтарсан энэхүү арга хэмжээний талаар болон “Боловсролтой монгол хүний үнэ цэн”-ий талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.  

-Сайн байна уу. Залуус өөрсдийн мэдлэг, боловсролдоо хөрөнгө оруулах ямар их хүсэлтэй болсныг амралтын өдрөөр эртлэн энд цугласан залуусын хөл хөөрөөс харж болохоор байна. Таны хувьд боловсрол, соёлын энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа залуусыг ийм олноороо ирэх юм гэж төсөөлөв үү?

-“Дэлхийн Монгол иргэн” арга хэмжээг энэ жил 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд хамтарч байгаагаараа ихээхэн онцлогтой. Тийм ч учраас “UN талархал” гэсэн агуулга дор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн 17 зорил тэр дундаа ногоон хөгжил, ногоон боловсрол, ногоон эрчим хүч чиглэлд залуусыг боловсрол эзэмшүүлэх зорилготой. Байгаль эх дэлхийдээ ээлтэй мэргэжлийг хүүхэд залуус сонгон суралцахад бид мэдлэг мэдээллийг түлхүү олгож байна. Мөн 13 байгууллага өөрийн сургалтын хөтөлбөр, давуу тал, сургуулиа танилцуулж байна.

-Залуус гадагшаа явж сурахын тулд сургалтын төвүүдэд ханддаг болсон. Онцолбол, ямар төвүүд өдөрлөгийг зориод ирсэн залууст мэдээлэл өгч байна вэ?

-Жишээ нь, Олон Улсын “Ногоон Жэйд” боловсролын байгууллага, Uni-Link, ABC world гэх мэт туршлагатай байгууллага, Монгол дахь ЭСЯ-д хамтран ажиллаж байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хүүхэд бүр хэрэгжүүлж, ажил амьдралынхаа дадал болгох, байгаль, дэлхийн цаг уурын өөрчлөлтөд ирээдүйн залуус өөрийн оролцоог хангаасай, цөлжилт, усны хомсол зэрэгт нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг ЭСЯ-д, Олон Улсын байгууллагуудтай хамт бэлтгэх зорилготой гээд энэхүү өдөрлөгийнхөө зорилтыг тодорхойлж болно.

-“Тэтгэлэг-100” арга хэмжээний тухайд тодруулж өгнө үү?

-“Тэтгэлэг-100” хөтөлбөр эхлүүлсэн. Учир нь, одоогоос 100 жилийн өмнө Монголын 35 хүүхэд Герман, Франц улсад суралцсан байдаг. Эдгээр хүүхдүүдийг бодлогоор, Монголын төр сургаж өнөөгийн боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй гэх мэт бүхий л салбарын хөгжлийн суурийг тавигчдыг бэлтгэсэн түүхтэй. Ирэх жил бидний хувьд маш онцгой жил болно. Герман, Франц улстай боловсролын хамтын ажиллагааг дараагийн шинэ түвшинд гаргах, орчин цагийн нарийн мэргэжилтнүүдийг эдгээр улсад олноор нь бэлтгэх, хөтөлбөрүүдийг дахин эхлүүлнэ. Энэ том ажлын эхлэл болгож “Тэтгэлэг-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотын 315 сургуулийн 3150 хүүхэд бүртгүүлсэн байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг өндөр хэмжээнд хэрэгжүүлдэг Австрали, Канад, Итали, Тайвань, Хятад, АНУ гэсэн зургаан улсад дээр хэлсэнчлэн байгальд ээлтэй, ногоон мэргэжлээр мэргэжилтэн сургах төслийг бид эхлүүлж байгаа юм.

Гадаадад сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд ашиглах гэсэн маш олон залуус энд цугласан дүү нартаа өөрийн арга туршлага, сурсан мэдсэнээ хуваалцаж байгааг сонслоо. Залуус эх орноо зориод ирсэнд баярлах шиг сайхан санагдлаа. Таны тухайд ч мөн тэдний нэг шүү дээ?

-Манай илтгэгчид хүүхэд залууст яг өөрийн туулсан зам мөр, арга туршлагаас зөвлөгөө өгөөд, эрдэм мэдлэгийг сурах, сурснаа өөрийн ажил амьдрал, эх орондоо хэрэгжүүлэхийн давуу талыг ярьж байна. Миний тухайд мөн 7 жил Япон улсад сураад ирсэн. Ер нь бол иргэдийнх нь боловсролоор дамжуулан тухайн улсын хөгжил дэвшлийг хэмжих боломжтой гэж миний хувьд үздэг. Боловсролтой иргэний тоо өссөнөөр тухайн улсын ДНБ нэмэгдэх бүрэн боломжтой учраас залуус гадны улсаас сурсан мэдсэнээ мэргэжлээ сонгох гэж яваа дүү нартаа харамгүй хуваалцдаг гэдгээрээ манай энэ өдөрлөг өндөр ач холбогдолтой байдаг.

Холбоотой мэдээ