Г.Нэргүй: Шар өвсөө зориулалтын саванд шатаах, эсвэл хогийн цэгт хаях хэрэгтэй

2021-04-05 615 0

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.

Он гарснаас хойш НОБГ-т хэчнээн дуудлага ирээд байна вэ?

НОБГ-т 2021 он гарснаас хойш 536 дуудлага ирсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Маш их нягтаршилтай байдаг учраас объектын буюу ахуйн гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Хоногт дунджаар 10-20 дуудлага ирж байна.

Дуудлагын ихэнх хувийг улирлын нөхцөл байдлаас шалтгаалаад гал түймэр, үер, шар усны аюул зэрэг гамшгийн эрсдэлүүд эзэлдэг байх. Энэ хаврын нөхцөл байдал ямар байна вэ?

Хаврын улиралд шар усны аюул, шар өвсний түймэр, объектын болон ахуйн гал түймэр, ой хээрийн түймэр зонхилдог. Төрийн болон хүчний байгууллага сүүлийн сүүлийн хоёр жилд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн цар тархалттай тэмцэж, цаг наргүй ажиллаж байна. Үүний дотор онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн гамшиг, ослоос хүн ардаа урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, осол гамшиг болсны дараа сэргээн босгох ажилд 24 цагаар ажиллаж байна. Ахуйн гал түймрийн дуудлага их байгаа гол шалтгаан нь иргэд үнс нурмаа ил задгай асгах, тамхи шүдэнзний цогийг унтраахгүй орхих байдаг. Мөн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдал яндангийн цоололтоос шалтгаалж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангахаар томоохон ажлууд зохион байгуулж, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгсөн. “Тавантолгой түлш” компаниас хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулж, 1000 орчим албан хаагч ажиллаж, ард иргэдэд зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах ажилд бодитой үр дүн гарлаа. Гэр болон байшингийн янданд заавал төмөр хамгаалалт байх ёстой. Хамгаалалт байхгүй үед галлагаа хийж хоносон тохиолдолд яндан халж, байшин, гэр шатах нөхцөл бүрдэж байна. Нөгөөтэйгүүр цахилгааны буруу угсралт, буруу ашиглалтаас болж түймэр гарч байна. Стандартын шаардлага хангахгүй цахилгаан, техник хэрэгсэл хэрэглэх, нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг нэмэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж цахилгаан хэрэгсэлд ойр байлгаснаас үүдэлтэй, хуучирч муудсан хэрэгсэл хэрэглэж байгаагаас үүдэлтэй галын аюул түгээмэл байдаг. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед уул, гуу жалга, гол мөрний цас мөс хайлж, халиа дош үүсэж шар усны аюул ирдэг. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороодод шар усны үерт автсан дуудлага хэд хэд ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон тухайн дүүргийн ЗДТГ, холбогдох тохижилт үйлчилгээний компаниуд, онцгой байдлын бие бүрэлдэхүүн шинэ суваг татах, үүссэн халиа дошийг буталж зөөх, шинээр хайрга дайрга, элс зөөж, шар усны үерээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Мөн хэд хэдэн айлыг нүүлгэн шилжүүлсэн. Иргэд шар усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй газар буух хэрэгтэй. Хувийн эрх ашгийн үүднээс гол ус, үерийн далангийн голдиролыг өөрчлөхгүй байхыг ард иргэддээ уриалж байна.

-Цаг агаар дулаарч байгаа энэ үед иргэддээ юуг анхааруулах вэ?

-Урин дулаан цагт иргэд маань зусландаа гардаг. Шар өвс буюу хашаандаа байгаа он дамжсан өнжмөл өвсийг шатаах гэж байгаад гэр, байшингаа шатаах, цаашлаад бусдын эд хөрөнгөд гал алдах, эрүүл мэндээ хохироох тохиолдол гардаг. Гагнуурын оч үсрэх, шар өвс шатааснаас болж өнгөрсөн жил Гоодойн аманд олон айл гал түймэрт хохирсон. Хашаанд байгаа шар өвсөө хадаж, зориулалтын таглаатай саванд хийж шатаахыг бид байнга анхааруулж байгаа. Эсвэл хадсан өвсөө шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй. Энэ бол залхуурах зүйл огт биш. Ойн тухайн хуулиар гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацааг нэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ үед ойн ногоон бүсэд аялал зугаалга хийх, үйл ажиллагаа эрхлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Хуурайшилт ихтэй, түймрийн аюултай үед түймэр гарахаас урьдчилан сэргийлж асаасан гал, үнс нурам, тамхины цогоо бүрэн унтрааж, оч баригчтай машинтай зорчих хэрэгтэй.

-Санаатай болон санамсаргүйгээр галд алдсан тохиолдолд иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож, гал алдсанаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгуулийн арга хэмжээ, хохирол барагдуулах арга хэмжээ авахуулах тохиолдол байдаг. Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүддээ байнга анхааруулж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг. Нийслэлчүүд маань дөрвөн уулаараа хүрээлүүлсэн, байнгын ногоон бүсэд амьдардаг. Уул усандаа гал түймэр алдвал ямар их хохирол учруулдгийг, тэр түймрийг унтраах гэж ямар их хүн, хүч зарцуулдгийг ойлгох хэрэгтэй. Санамсаргүй нэг үйлдэл маш олон хүний амьдрал, нийгэм, улсад хохирол учруулдгийг байнга санаж байхыг иргэддээ анхааруулж байна.

Нийслэлд ахуйн гал түймэр зонхилж байна. Залгасан бол салга, салгасан бол шалга. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа энэ үед гэрээсээ аль болох гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, зайгаа барих, олон хүн цугласан газар очихгүй байх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадах юм бол эх орноо хамгаалж чадна. Өөрийгөө хүндэлж чадвал бусдыг хүндэлж чадна гэдгийг хотын иргэд бид харуулах хэрэгтэй. Хотын соёлыг хэвшүүлж чадвал цар тахал болон гамшиг ослоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, бусдын эд хөрөнгө, эрдэнэт хүний амь хамгаалж чадна.

Холбоотой мэдээ