Хотын дарга “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг өглөө

2021-04-05 567 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болдог байна.

Тиймээс Хотын дарга “Хан хиллс” хотхоноос баруун зүгт нэг км авто зам барих төлөвлөлт хийж, батлуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгалаа. Тус газрыг чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийх ёстой гэсэн юм.  Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэх судалгааг хийх ёстой гэлээ.

Түүнчлэн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгочихсон байсан талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Харин Хотын дарга холбогдох хууль дүрмийн хүрээнд тус газруудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Тэрбээр “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц, гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуул” гэлээ.

Холбоотой мэдээ