Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын худалдан авалтыг зарласан үзэсгэлэнгийн нээлт боллоо

2021-04-15 1292 3

Ковид-19 цар тахлын хүнд үед үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой цахим үзэсгэлэнгийн танхимаар зочилж үзлээ. ЖДҮГ-ын www.expomongolia.org хэмээх цахим линкээр орж, нэвтрэх хэсэгт и-мэйл хаягаа хийхэд “Эх оронч худалдан авалт- Үндэсний үйлдвэрлэл-2021” хэмээх уриатай виртвуал танхим угтан авав. Танхимын гол хэсэгт байрлах “Тусламж” цэс рүү орвол энэхүү үзэсгэлэнгийн хөтөлбөр, гарын авлагыг харж болох бол чанх ард байрлах том дэлгэц дээр дарвал хурлын танхим руу нэвтэрлээ.

Тэнд “Үндэсний үйлдвэрлэгчид” болон “Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага” гэсэн хоёр цэс байх бөгөөд “Үндэсний үйлдвэрлэгчид” цэс хамгийн түрүүнд сонирхол татсан учир түүгээр зочиллоо.  Сонирхолтой нь, яг л жинхэнэ танхимд очоод үзэсгэлэн үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх үндэсний 227 үйлдвэрлэл эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь ангилан байршуулсан байв. Тухайлбал, савхин эдлэл, ноос, ноолуур, сүлжмэл, эсгий, оёмол болон хэвлэмэл бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, хүнс, эм, био бэлдмэл, барилгын материал гэхчилэн салбар бүрийн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулга, холбоо барих хаягийн хамт байршуулсан байв. Энэ нь захиалагч, хэрэглэгч юу хүссэнээ олоход, олсон газартайгаа түвэггүй харилцаа тогтооход тун хялбар шийдэл болсныг хэлэх нь зүйтэй.  Нөгөөтэйгүүр, техник, технологийн эрин зуунд цахим үзэсгэлэнгийн шилдэг шийдлийг эндээс харснаа нуух юун.

Ингээд цахим үзэсгэлэнгийн аяллаа “Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага” цэс рүү орж үргэлжлүүлэв. Тэнд “Таван толгой түлш”, “Эрдэнэс тавантолгой”, ЖДҮГ, Монголросцветмет, УБТЗ ХНН гэх мэт 94 төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын 2021 онд буюу энэ жил худалдан авахаар төлөвлөсөн бараа, бүтээгдэхүүний жагсаалт, нийт худалдан авах бүтээгдэхүүний ширхэг, үнийн дүн бүхий мэдээллийг нээлттэй тавьсан байлаа.

Энэхүү үзэсгэлэн нь худалдагч- худалдан авагч, эрэлт-нийлүүлэлт, төр-хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч-төрийн байгууллагын хамтын ажиллагааг холбох гүүр болж буйг эндээс дүгнэж болох нь.  Өмнө нь төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хаанаас, хэрхэн худалдан авах арга замаа мэддэггүй байж. Харин үйлдвэрлэгчдийн тухайд, тухайн төрийн байгууллага дээр өөрийн биеэр очиж, бараа бүтээгдэхүүнээ санал болгодог байсан гэнэ.

2015 оноос дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулдаг уг үзэсгэлэн өдгөө тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй.  Тэгвэл анхны он жилүүд болох 2015, 2016 онд төрийн худалдан авалт ердөө 30-40 тэрбум төгрөгт хэлбэлзэж байсан 2019 онд даруй 160, 2020 онд 320 тэрбум төгрөг болж нэмэгдсэн нь энэ ажлын үр дүнг харуулж байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэгчдийн сонирхлыг ихээхэн татаж буй энэ сарын 1-нээс эхэлсэн “Эх оронч худалдан авалт- Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд зөвхөн үзэсгэлэнгээр цар хүрээ нь хэмжигдэхгүйг онцлох нь зүйтэй. Уг  үзэсгэлэн, хэлэлцүүлэгт 300 гаруй байгууллага оролцож байгаагаас төрийн 90 орчим, дээр дурьдсанчлан бичил, жижиг, дунд 220 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид өргөнөөр оролцож байна.  Нэг сарын турш үргэлжлэх энэ цахим үзэсгэлэн, хэлэлцүүлгээр өрнөж буй болон үлдсэн өдрүүдэд өгөх сэдвийн тухайд, төрийн худалдан авах ажиллагаанд оролцохын тулд ямар эрх зүйн орчин байдаг талаарх тендерийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн байрлал гэх мэт үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа эрхлэхэд алхам тутам тулгардаг хийгээд зайлшгүй мэдэх ёстой мэдээллийг төрийн байгууллагын мэргэжилтнүүд олгож буй.

Алсдаа манай үндэсний үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулдаг болох томоохон зорилго, амбийц тээж буй бөгөөд үүнд алхам алхамаар дөхөхийн тулд олон улсын сайн туршлагуудыг судлах нь хамгаас чухал. Тэр дундаа бараа, бүтээгдэхүүнээ хэрхэн экспортод гаргах, ингэхдээ, чанар, стандартын ямар шаардлагыг хангах, мөрдөх, улмаар барааны тохирлын баталгаажуулалтыг хэрхэн хийлгэх, түүний ач тусын талаарх мэдээллийг албаныхан өгч буй.  Ирэх өдрүүдэд дотоодын үйлдвэрлэгч нарт татвар, нийгмийн даатгал, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, арилжааны банкны шаардлагыг хэрхэн хангах гэх мэт тун чухал сэдвээр сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Тэгвэл өнөөдөр болсон цахим үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан уриалга гаргалаа. Тэрбээр “Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, уул уурхайн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, томоохон ААН-ийн бүтээгдэхүүнийг худалдан авах, бараа бүтээгдэхүүнийг солилцох зорилгоор “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэнг 2015 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнг Ковид-19-ийн нөхцөл байдлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буй. Энэ нь нэг талаас орчин үетэй хөл нийлүүлж, технологийн шийдэл ашиглах, нөгөө талаас хил хязгааргүйгээр үндэсний бараа бүтээгдэхүүнийг эх орондоо төдийгүй дэлхий нийтэд таниулах, экспортлох үүд хаалга нээгдэж байна.

Цаашид бидний зорилго бол Монголын үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тусгасан хүнс, хөнгөн, хүнд, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнээр дотооод хэрэгцээг хангах төдийгүй төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдах, худалдан авах ажиллагааг нийлүүлэх, стандартын тохирлын баталгаатай үндэсний бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг олшруулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ингэхдээ чанар стандарт, өнгө дизайн, ур хийцийг нь улам сайжруулах явдал юм.

Энэ жил орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүхэн 100 жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэл, худалдаа, хэрэглэгч гэсэн зарчимд суурилсан бодлогыг хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч ирлээ. Монгол Улсын нийгмийн хөгжил, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний  үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, дэмжин хөгжүүлэх нь ААН, иргэн бүрийн эрхэм үүрэг билээ. Иймд төрийн байгуулллага бүр  үндэсний эрх ашгийг дээдлэн, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэмжсэн худалдан авалт хийхийг уриалж байна” гэв.

Ийн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг олон улсан чанар, стандартын шаардлагад нийцүүлсэн үйлдвэрлэх том амбиц тээн төрийн болон төрийн бус байгууллага, МҮХАҮТ, Экспорт, олон улсын худалдааны төв зэрэг газруудтай хамтран ажиллаж байгааг дурдая.

Мөн энэхүү нээлтийн үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан хэлэхдээ, “Тав дахь жилээ зохион байгуулж буй “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн нь  цар тахлын хүнд хэцүү үед болж байгаа ч төрийн байгууллага, үндэсний үйлдвэрлэгчид болон томоохон компанийн төлөөлөл идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө зэргийг цахимаар танилцуулж байгаагаараа онцлог болж байна.  Төрийн байгууллагууд худалдан авалт хийхдээ үндэсний үйлдвэрлэгчдийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай бараа, бүтээгдэхүүн худалдан авахад үзэсгэлэн гүүр болж буй. Нөгөөтэйгүүр, үндэсний үйлдвэрлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлэх буй ач холбогдолтой.

Өнгөрөгч 2019 онд уг үзэсгэлэнг танхимаар зохион байгуулсан. Статистик тоо хэлэхэд, 2016 онд төрийн байгууллагаас үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүн 44 тэрбум төгрөг байсан бол 2019 онд 160 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Харин 2020 онд 320 тэрбум болтлоо өссөн юм. Энэ нь нэг талаар, төрийн байгууллагууд хуульд заасан үүргийнхээ дагуу үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах, худалдан авсан тайлангаа ирүүлдэг болсон сайн жишиг тогтжээ. 2020 оны худалдан авсан үнийн дүнг 2016 онтой харьцуулахад найм дахин их, 2019 оныхоос хоёр дахин их болсон нь үзэсгэлэнгийн ач холбогдол ямар чухал болохыг харуулж буй хэрэг. Үндсэндээ төрийн байгууллага, үндэсний үйлдвэрлэгчдийг холбох зорилго алхам алхамаар урагшилж буйн жишээ энэ билээ. Түүнчлэн ЖДҮГ-ын дэргэдэх ЖДҮХС-аас 2020 онд чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 249 ААН-д 22 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтад нь дэмжлэг үзүүлж буй явдал. Үүгээр зогсохгүй бид чанар стандартын шаардлага хангуулах, чанарыг нь баталгаажуулах үйл хэргийг Үндэсний стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран хийхээр төлөвлөж, өнгөрсөн онд мэргэжилтнүүдээ сургасан. Тиймээс энэ жилээс тохирлын баталгаа олгох ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Дахин мэдээлэхэд, ирэх тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх эх оронч худалдан авалтыг дэмжиж буй үзэсгэлэн, хэлэлцүүлгийг Та бүхэн www.expomongolia.org холбоосоор нэвтэрч, үзэж сонирхон, хэрэгтэй мэдээллээ аваарай.

Холбоотой мэдээ