“Скаймедиа”, “Юнивишн” компанид “Таван салаа боов” хэрэгтэй болжээ

2021-04-22 1234 0

Олон суваг дамжуулах үйлчилгээний Юнивишн, Скаймедиа, ДДИШ, MNBC гээд хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хариу төлбөрөө сар бүр авдаг шилэн кабелийн компаниуд бий. Цар тахлын улмаас аж ахуйн нэгж, компаниуд ажилчдаа гэрээс нь ажиллуулж байгаа энэ өдрүүдэд дээрх компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг авах гэсэн иргэд бухимдалтай байна.

Учир нь Скаймедиагийн лавлах 76769000, Юнивишний лавлах 77118811 дугаарууд хэрэглэгчдийнхээ санал гомдлыг хүлээж авахгүйгээр үл барам дуудлага, мэдээллийн утсаа авахгүйгээс болж иргэд бүтэн өдөржин залгаад ч тусыг эс олсон тухайгаа бидэнд хаяглаж байна.

Тэд Юнивишний оператортой холбогдохын тулд Юнителийн лавлах дугаараар дамжуулдаг гэж байна. Харин Скаймедиагийн мэдээллийн ажилтантай холбогдохын тулд Скайтелийн лавлах төв рүү хандаж, учраа хэлж, бухимдан байж асуудлаа шийдүүлж байна. Өөрөөр хэлбэл, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг компаниудын хэрэглэгч байж салбар охин компаниар нь дамжуулж ярьсаар арайхийн ажлаа амжуулдаг байна гэдэг гутамшиг.

Мэдээж хөл хорионоос үүдэж интернэтийн үйлчилгээний, хэрэгцээ шаардлага өрх бүрд тулгарсан нь ойлгомжтой л доо. Хэдий нөхцөл байдал ийм байгаа ч асуудлаа шийдүүлж, мэдээлэл авахын тулд хэрэглэгч оператор компанийн лавлах утас руу бүтэн өдөржин залгадаг байж болохгүй. Ямар сайндаа л Скаймедиа корпорац руу дөрвөн цаг тасралтгүй залгаад холбогдож чадаагүй хэрэглэгч Скайтел компанийн лавлах дугаараар дамжиж байж ажлаа бүтээсэн байх вэ дээ.

Ирээдүйг өнгөлнө, үндэсний хэмжээний, дижитал дэвшилд манлайлна, шилдэг үүлэн технологи гэхчилэн бүтээгдэхүүнээ сурталчилдаг дээрх компаниуд нэдэр дээрээ лавлах утас нь ч ажиллахгүй хэрэглэгчдээ бухимдуулж байна. Уриа, ажлын нөхцөл нь ийм зөрүүтэй байж дэвшил, хөгжил ярих нь хэр зохистой юм бол доо.

Үүлэн технологийн орон зайд монополь байдлаараа далайлгаж ямар л бол ямар үйлчилгээний нөхцөл, журам, төлбөр ярьдаг дээрх компаниуд эхлээд хэрэглэгчээ сонсдог, тэдэнд тусалдаг, хэрэгтэй үйлчилгээг нь үзүүлдэг лавлах утсаа ажиллуулчхаад дараа нь технологийн гайхамшигт зүйлээ яриасай билээ.

“Цар тахлаас үүдэлтэй ажлын ачаалал ихэссэн” гэх орчин үеийн үйлчилгээний компанид байж боломгүй тайлбараар хэрэглэгчдийнхээ амыг хааж байгаа Скаймедиа, Юнивишн компанийн хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, хүнд сурталтай, дүлий дүмбэ оргисон үйлчилгээнээс болж лавлагаа, мэдээлэл авч чадахгүй мянга мянган хэрэглэгч байсхийгээд л цахим орчинд уртаас урт гомдол бичих юм.

Нэг талаараа дээрх компаниуд боловсон хүчин, технологийн дутуугаас болж үйлчилгээ нь хойрго, хүртээмжгүй байж болох ч нөгөө талаараа үзэгчдийн мэдээлэл олж авах, ажил үүргээ гүйцэтгэх, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдын цахим уулзалт, хэлэлцээр, төсөл хөтөлбөрт оролцох, сурагчид цахимаар хичээллэх, багш нар сурагчдадаа хичээлээ заах гээд хүний хэрэгцээний элдэв ажилд бэрхшээл үүсгэж байна.

Тэгэхээр хэрэглэгчээ зохистой хэмжээнд нь өргөмжилдөггүй юм аа гэхэд ядаж лавлах утсаа эзэнтэй байлгамаар сан.  Энэ мэт иргэд, хэрэглэгчээ дорд үздэг, хариуцлагагүй, хэрэглэгчдийнхээ ажлыг алдагдуулсныхаа төлөө хэзээ ч уучлал гуйдаггүй, тэгсэн хэрнээ төлбөрөө бүтэн авчихдаг Юнивишн, Скаймедиа компаниудад Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Таван салаа боов” хүртээхгүй бол иргэдийн бухимдал хэрээс хэтрэх нь ээ.

Холбоотой мэдээ