Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЗТХЯ, АЖХТ, ИНҮТ-өөс бүрдсэн мэргэжлийн зөвлөл байгуулагдсан бөгөөд өнөөдөр (2021. 04. 26) хуралдлаа.
Цахим хуралд БОАЖ-ын сайд Н. Уртнасан болон аялал жуулчлал, иргэний нисэх, агаарын тээврийн салбарын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцож хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэд аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх, хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо чухал төдийгүй ямар нэгэн байдлаар саад учруулах ёсгүйг онцоллоо.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн нисэх буудлыг хөгжүүлэх, нисэхийн бус орлого олох боломжийг бүрдүүлэх, салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхжуулах, жуулчинд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэх, ДАЖЗ-өөс боловсруулсан “Аюулгүй аяллын удирдамж”, “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагаанд хамтрах зэрэг хэд хэдэн саналыг ИНҮТ-ийн Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга У. Өнөрцэцэг танилцуулав.
БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг 2021 онд багтан шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг “1 хот-1 агаарын тээвэрлэгч” бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын шийдвэрлэвэл зохих олон асуудлын хүрээнд ярилцлаа.
Хэдийгээр COVID-19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтойг талууд онцлов. Өнөөдрийн цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж ажиллана гэлээ. Түүнчлэн хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
1 сэтгэгдэлтэй
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.