ЖДҮ эрхлэгчдэд 17 багц сэдвээр үнэ төлбөргүй цахим сургалт заана

2021-04-27 870 2

Ковид-19 цар тахлын улмаас гэнэтийн хийгээд урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Европын холбооны санхүүжилтээр ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ, ЕСБХБ хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан  17 багц сэдвийн хүрээнд 214 сургалтыг цахимаар заахаар болжээ.

Нийт 17 багц сэдвийн хүрээнд болох 214 сургалтаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, ЖДҮХС-гийн зээл, Зээлийн батлан даалтын үйлчилгээний тухай, Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, Хоршооны төрөл, давуу тал гэх мэт сэдвээр мэдээлэл өгнө.

Мөн бизнест түгээмэл тулгардаг асуудлууд болох санхүү, стратеги төлөвлөлт, маркетинг, хүний нөөцийн менежмент, эрсдэл, хямралын үеийн менежмент зэрэг олон сэдвээр мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ хэрэгжүүлж болохуйц олон санааг өгөх юм.

Энэхүү арга хэмжээг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж буй бөгөөд ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн хэлэхдээ “Дэлхий дахинд тархаад буй цар тахлын энэ хүнд үед цахим сайтад байршуулсан сургалтуудад бүрэн хамрагдаж, судалсны үр дүнд сертификатаар баталгаажуулж авах давуу тал сургалтын үр дүнг бий болгож байна. Цахим сургалтаар дамжуулан жижиг, дунд бизнестээ болон Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв. Мөн ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Монгол Улсад анх удаа ЖДҮ-ийн салбарт 17 багц сэдвийн хүрээнд 214 зөвлөмж бүхий 24 цагийн цахим сургалтыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Цогц, үнэ төлбөргүй сертификаттай болсноор олон давуу тал үүснэ. Манай байгууллага ЕХСББ-тай хэд хэдэн төсөлд хамтарч ажиллаж байгаа. Монголын ЖДҮ эрхлэгчид өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ бойжиж ирлээ. Үүнийг өөрчилж, шинжлэх ухаанч, өрсөлдөх чадвартай, дэлхийн хэмжээний ЖДҮ гаргаж ирэхийн тулд ул суурьтай хөгжүүлэх ёстой юм байна. Гаднын зах зээлд гаргах суурь үндэс нь энэхүү сургалттай танилцах явдал юм. Өнөөдрийн арга хэмжээнд 90 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Бүгд энэ сургалтыг хэрэгтэй хүмүүст нь хүргэх тал дээр хамтарч ажиллая. Өөр өөрсдийн сувгаар ЖДҮ эрхлэгчдэдээ хүргэе. Эцэст нь хэлэхэд бүтээсэн үйлдвэрлэсэн улс л хөгждөг. Улс орноо хөгжүүлэхийн тулд хамтдаа хичээе” хэмээв.

Арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын БМНЦҮХ-ийн дарга Д.Болормаа, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн ноён Марко Фери, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн бүс нутгийн тэргүүн, дэд захирал Нодира Мансурова, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн ЖДҮ бизнес зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгалмаа, Монголспот Медиа студи, төслийн удирдагч Б.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Та сургалтыг хаанаас ч, хэдийд ч Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://www.youtube.com/channel/UCbkJljjC4rdL1w_2mdsgmeQ хаягаар орж үзэх боломжтой.

 

Холбоотой мэдээ