Хамгаалал үгүйлсэн хөгжлийн эзэд

2020-04-22 660 0

Улсын хөгжил сумаас, сумын хөгжил хүүхдийн хөгжлөөс

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Манлай сум руу явах чиг наран ургах зүгт боловч бид жаргах нартай уралдан замдаа гарав. Говийн хөрс сийрэг дээрээс нь хаврын ид хуурайшилтын үе таарсныг ч хэлэх үү машинаас боссон тоос машины хурдтай зэрэгцэн оволзоно.

Монголын эдийн засгийг тэтгэдэг, дэлхийд томд тооцогдох чулуун нүүрс, зэсийн ордууд байрласан Өмнөговь аймаг энэ оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгож, нийт өрхийн 80 хувьд хүрч ажиллахаар зорьж байгааг тус аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын дарга Б.Эрдэнэцэцэг өглөөхөн аймгийн төвөөс Цогтцэцийд ирэх замдаа бидэнд танилцуулсан юм.

Газар нутгаараа хамгийн томд тооцогдох тус аймаг 80 орчим мянган хүн амтай, 23 мянган өрхтэй. 15 сум, 59 багт хуваагдсан тэдгээр өрхдөө хүрч ажиллахад хамтарсан багуудаа чадавхжуулах нь юу юунаас илүү чухал тул үүний төлөө л Б.Эрдэнэцэцэг дарга бид хэд аяны дөрөө харшуулсан хэрэг.

Ажлын голыг нугалах хүн нь Д.Ундраа. “Тэрбээр хүүхдийн эрх хамгаалал” ТББ-ын тэргүүн, бас хамтарсан багуудын үндэсний сургагч багшаар ажилладаг бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдийг нөхөн сэргээх “Үжин” төвийг үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. Түүнтэй “Хүүхдийн тусламжийн 108 утас” төвийн даргаар ажиллаж байхад нь буюу 2017 оны сүүлчээр танилцсан юм.

Монгол Улс 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг баталснаар хүн ам зүйн бодлого, хүүхэд, гэр бүлд чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулах том алхам болсон. Энэ хуулийг хэрэгжүүлж, бодлогыг амьдралд буулгах анхан шатны нэгж нь сум, хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан баг юм.

Өмнөговь аймгийн ч, Улаанбаатар хотын ч, Монгол Улсын ч тэр 30, 40 жилийн дараах хөгжил өнөөдөр хүүхэд, гэр бүлдээ чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэр зэрэг оновчтой, үр дүнтэй хэрэгжихээс шалтгаална гэсэн үг.

Харамсалтай нь, 2016 онд баталсан хуулиудыг дагаж мөрдөх, улсын төсвийн 10-15 орчим хувийг эзэлдэг нийгмийн салбарын бодлого үр дүнтэй хэрэгжихэд тулгарч буй асуудал олон байна. Үүнийг л олон нийт, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт таниулах гэж мэргэжилтнүүд энэ удаад зориуд хэвлэл мэдээллийн төлөөллийг сургалтын багтаа дагуулж явсныг энд дурдсу.

Бидний ажилласан эхний сум манай экспортын орлогын 40 орчим хувь, төсвийн орлогын 10 гаруй хувийг бүрдүүлдэг чулуун нүүрсний гол уурхай байрладаг Цогтцэций сум. 8100 орчим хүн амтай.  Нүүрсний уурхай, тээвэр дагасан шилжилт хөдөлгөөн, явуулын хүмүүстэй нийлээд хүн ам нь бараг 22 мянга хүрдэгийг сумын засаг дарга О.Бадарч хэлэв. Гэхдээ энэ урсгалыг дагасан сөрөг нөлөө сум орон нутагт их байгаа бөгөөд хамгийн их өртөж байгаа нь хүүхэд, өрх гэрүүд болдог. Тиймээс ч аймгийн ГБХЗХГ-ын санаачилгаар орон нутгийн удирдлага энэ онд ашигт малтмалаас олсон орлогоос 900 сая төгрөгийг гэр бүлийн хөгжил, хүүхэд хамгаалалд зарцуулахаар шийдсэн байна. Харин Цогтцэций сумын хувьд хамтарсан багтаа 55 сая төгрөг баталж өгчээ. Харамсалтай нь, хамтарсан баг арга зүй дутмаг, цагдаа болон эрүүл мэнд, боловсрол, сум, багийн удирдлагын хамтын ажиллагааны уялдаа холбоо муу байгаа нь дээрх төсвийг үр дүнтэй зарцуулахад тулгарч буй хамгийн том саад.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар анхан шатны нэгжтэй ажиллах үүрэг хүлээсэн  хамтарсан багийг Засаг дарга ахладаг. Тиймээс сумын хүн ам зүйн мэдээлэл, эрсдэлт нөхцөлд байгаа болон өсөж торних, сурч хөгжих хэвийн орчин нь алдагдсан хүүхдийн тоо, гэр бүлийн талаар мэдэж байх ёстой. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд орсон сумын нийгмийн ажилтнаас эхлээд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн төвийн эмч, багийн засаг дарга нар, цагдаагийн хэсгийн төлөөлөгч гээд бүгд холбогдох тоон мэдээлэл, суурь судалгаагаар сумын удирдлагыг хангах үүрэгтэйг Д.Ундраа тэдэнд тайлбарлалаа. Гэхдээ тоон мэдээлэл зөрөх учиргүй.

Тухайлбал, хүнсний талонд хамрагдсан өрх болон хөгжлийн бэрхшээлэй иргэн, хүүхдийн үзүүлэлтийг багуудын дарга нар нэгтгэн гаргах бөгөөд үүнийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд үүрэгжүүлсэн байдаг. Багийн дарга нарын нэгтгэсэн тоо нь сумын халамж хариуцсан ажилтны бүртгэлтэй давхцаж байж үнэн зөв болно. Энэ үнэн зөв мэдээллээр засаг даргыг хангах ёстой аж. Цагдаа, эмч ч ялгаагүй.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн мэдээллийг харилцан солилцож, сумын нийгмийн ажилтан болон засаг даргад мэдээлэх ёстой. Гэхдээ ийн мэдээлэл солилцохоосоо өмнө хохирогчийн хувийн мэдээллийг задруулахгүй байх, аюулгүй байдлыг нь хангах нууцлалын гэрээ харилцан байгуулдаг аж. Цогтцэций сумынхан нууцлалын гэрээ байгуулаагүй. Тиймээс ч цагдаа нь хэрэг бүртгэлийн нууц, эмч нь хувь хүний эрүүл мэндийн нууц гээд мэдээллээ харилцан солилцдоггүй, улмаар сумын удирдлагад бодит мэдээлэл очдоггүй тул хүүхэд хамгаалах ажил олигтой урагшлахгүй нь ойлгомжтой.

Өнгөрсөн онд Цогтцэций сумын хамтарсан баг дөрвөн удаа хуралджээ. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн 24 зөрчил бүртгэгдсэнээс 11 нь хүүхэдтэй холбоотой байсныг сумын хэсгийн төлөөлөгч мэдээлсэн. Уг нь хамтарсан баг зөрчил гарах бүрт хуралдаж, хүүхдийн болон хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах кейс нээж ажиллах ёстой аж.

Үүнээс гадна дагавар, тавиул, хөгжлийн бэрхшээлтэй, хүнсний талонд хамрагддаг, тураалтай, шүд цооролтой, СӨБ-д хамрагдаагүй, сургуульд завсардсан, хурдан морь унаач, эцэг эх нь архины хамааралтай, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон гээд нийт 30-40 орчим үзүүлэлтээр сумын хүүхдийн бүртгэл мэдээллийг гаргаж, эрсдэлийн зэрэг тогтоож, тэр дагуу эрсдэлээс сэргийлж ажиллах нь хамтарсан багийн ажлын 60 хувь. Энэ суманд хурдан морь унаач хүүхэд 40, хүнсний талонд хамрагддаг өрх 50, хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд байгааг албаны эх сурвалжууд өгсөн бөгөөд нарийвчилсан бүртгэл хийвэл эрсдэлээс сэргийлэх шаардлагатай хүүхдийн тоо 350 орчим болно гэдгийг Д.Ундраа онцоллоо.

Нэг сайхан мэдээ нь, тус суманд бусад хамтарсан багт тулгамддаг мөнгөгүйн зовлон байхгүй. Гагцхүү оновчтой төлөвлөж, сэргийлэх ажлаа л хуульд заасны дагуу хийгээд явбал тэрхүү 350 орчим хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна гэсэн үг.

Хамтарсан багийг чадавхжуулах сургалтын дараа О.Бадарч “Сумын ард иргэд, гэр бүл, хүүхэд багачуудад чиглэсэн ямар бодлого барьж, арга хэмжээ авч ажиллах нь зөв гэдгийг одоо маш тодорхой харж байна” гэв. Түүнд ингэж хэлэх хангалттай шалтгаан бий. Наанадаж л сумын төсвөө оновчтой зүйлд үр дүнтэй зарцуулах шийдвэр гаргахад нь хэрэгтэй. Цаашлаад сум орон нутгийнх нь хөгжлийг тодорхойлох хүүхэд багачуудаа хамгаалах үүргээ биелүүлэх нь чухал.

Холбоотой мэдээ