Могойт дэнжийн таван ихэр Дүдэр

2021-05-18 788 2

Агуулах дүүрэн польш алим, шүүслэг шинэхэн улаан луувангаас хормойлсоор усан сан бүхий тасалгаа руу атга атгаар нь хийж буй хүнийг Т.Ганзориг гэдэг.  Тэрбээр Баянзүрх дүүргийн XX хороо, Гачуурт тосгон дахь Могойт дэнжид тавлаг сайхан хаваржиж байна. Тэрбээр “Бид таван ихэр Дүдэр хүлээж аваад удаагүй байна. Манай төвд 44 минж байгаагаас найман бүл хээл авч, тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлэсэн. Харин өнгөрсөн долоо хоногт нэг бүл бодгаль тав ихэрлэсэн ховорхон үйл явдал боллоо. Бид ч их бэлэгшээж байна.

Ер нь Минж таван ихэр бодгаль гаргах нь туйлын ховор юм билээ.

Оросод л нэг удаа зургаан ихэр бодгаль төрсөн гэгддэг. Минж бол амьдрах орчноос гадна идэш тэжээл их голдог амьтан. Минж нутагшуулах төвд олон ихэр бодгаль төрж байгаа нь   идэш тэжээл, амьдрах орчин, нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн” гэв. Т.Ганзориг Минж нутагшуулах төв анх байгуулагдсан цагаас эхлэн гэр бүлээрээ суурьшин Минж маллагчаар ажиллаж байгаа бөгөөд ховор сонин ажлаараа бахархаж, “Усны инженер” гэх нэр хочтой эгдүүтэй мэрэгч, гэр бүлсэг амьтны араншинг таньж мэдэж яваа гойд сонирхолтой мэргэжилтэн.

Тэрбээр биднийг очсон даруйд Минжнүүдийнхээ талаар ярьсаар, “Таван ихэр бодгалиа хамгийн сүүлд үзүүлнэ ээ. Их хөөрхөн амьтад бий. Өдрийн цагаар эд маань унтчихдаг учраас сэрээвэл их тавгүйрхдэг. Тиймээс та бүхэн аль болох цочоож, уурлуулахгүй зургийг нь авч, ойрхноос үзэж танилцаарай” гэлээ.

Дөнгөж төрсөн дүдрийн биеийн жин дунджаар 540-670 грамм байдаг гэнэ. Шинэхэн мэндэлсэн таван ихрийн тухайд 540-570 грамм гарчээ. “Минж амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг, маш цэвэрч амьтан. Тиймээс Биологийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан, алим, лууван болон чихрийн манжин, улаан буудай зэрэг тэжээлээр өдөрт зургаан удаа хооллодог” гэсэн юм.

ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГУУЛАГЧ

Суваг татаж, далан барьж, овоохой босгодог энэ амьтныг эрдэмтэд сэтгэн боддог байж магадгүй гэлцдэг аж. Учир нь Минжний бүтээн байгуулсан, амьдрах орчны ул мөр ийн таамаглахад хүргэдэг байна.

Минж өөрийн хөдөлмөрөөр бүтсэн бүхнээ амьнаасаа ч илүү хайрладаг тухай баримт багагүй таардаг. Тухайлбал, Минжний мэрж, зорж бэлтгэсэн модыг малчид авахгүйг хичээдэг.

Учир нь, тэрбээр хулгайд алдсан модныхоо араас заавал ирдэг бөгөөд нохойд боргуулсан ч хамаагүй чирсээр авч оддог байна. Тал дүүрэн ой шугуй найгаж байсан ч тэрбээр дахин шинийг эрэлхийлдэггүй бөгөөд өөрийн бэлтгэсэн модныхоо араас ийн зүтгэдэг болохыг хашир малчид тэмдэглэн үлдээжээ. Ухаалаг, хөдөлмөрч, цэвэрч энэ амьтантай холбоотой энэ мэт гайхам баримтаас үүдэн сэтгэн боддог гэх таамаг үүдсэн байж болох.

                                    МИНЖНИЙ АМЬДРАХ ГАЗАР НУТГИЙГ ТЭЛНЭ

Минж нутагшуулах төвийн үйл ажиллагааны хамрах талбайн хэмжээг ахиулах зайлшгүй шаардлагатай байгааг Нийслэлийн байгаль, орчны газрын дарга М.Нямбаяр онцолсон.

Тэрбээр “Одоогоор манайд мониторингийн судалгаа дутмаг байгаа. Тийм учраас ирэх жилээс байгальд нутагшуулах минжиндээ GPS суулгаж хэрхэн байгальд нутагшиж, экологийн орчингоо бүрдүүлж буй эсэхийг хянах төлөвлөгөөтэй байна.

Минж нутагшуулах төвийн хувьд орчин нөхцөл сайжирсан, үржлийн хувьд асуудалгүй байгаа учир энэ жилдээ төвийнхөө ойр орчмын 30 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч үржүүлж буй минжүүдээ яг байгальд дасан зохицоход нь тусална. Бид цаашдаа Орхон, Онон, Хэрлэн, Булганы голуудад минж нутагшуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мэдээж Минжний тоо толгой ахих тусам газар нутгийн хэмжээг тэлэх зайлшгүй шаардлага үүснэ” гэдгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ