АХБ, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс санаачилсан “КОВИД-ын дараах шинэ эхлэл” шилдэг бүтээлийн уралдаанд бид тэргүүн байр эзэллээ

2021-05-31 958 2

Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт ойд зориулан бүтэн жилийн турш цуврал арга хэмжээг зохион байгуулах бөгөөд АХБ, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран “КОВИД-ын дараах шинэ эхлэл” сэдвээр сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан. Уралдаанд хэвлэмэл, цахим болон видео ангиллаар нийт 40 бүтээл ирснээс бүтээлч, шинэлэг байдал, хөндсөн сэдвийн ач холбогдол, судалгааны үнэн бодит байдал, мэргэжлийн хэм хэмжээг баримталсан эсэх, уншигч, үзэгч, сонсогчдод үзүүлэх нөлөөлөл гэсэн шалгуурт нийцүүлэн нийт бүтээлийг шүүсэн байна.  Уралдааны “Шилдэг нөлөөллийн шагнал” (Түншлэл-30 цом, 3.000.000 сая төгрөг)-ыг манай редакцын хамт олон “КОВИД-ын оношлуураар “эерэг” гарсан Монголын боловсрол” цуврал нийтлэлээрээ хүртлээ.

Уралдааны “Шилдэг санаачилгын шагнал”-ын эзнээр “Asian Mining” сэтгүүлийн сэтгүүлч Г.Байгаль шалгарсан бол Тусгай байрт МОНЦАМЭ агентлаг, Өдрийн сонины сэтгүүлч Г.Батзориг нар шалгарлаа.

Уралдааны шагнал гардуулах ёслолыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нээсэн бөгөөд “Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, итгэлтэй түнш нь байж ирсэндээ бид баяртай байна. Энэхүү тэмдэглэлт ой бидэнд 30 жилийн хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход дэмжлэг үзүүлэх эрмэлзэл, хүчин чармайлтаа бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан бататгах болно. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, үзэл бодлын индэр ямар хэрэгтэйг бид хамтдаа харж байна. Бүтээлүүд өндөр түвшинд бичигдсэн, баримт судалгаатай байсан учраас шалгаруулахад хэцүү байлаа” хэмээв.

Холбоотой мэдээ