Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагын дагуу таван настай хүүхдийг төр хамгаалалтандаа аваад 300 хоног буюу нэг орчим жил болж байна. Энэ хүүхдийн эцэг эхийг хайсан боловч өдий хүртэл олдохгүй байгаа аж. Энэ тохиолдолд гол төлөв эцэг эх нь архины хамааралтай, хог түүдэг, хөдөө орон нутаг руу дүрвэсэн, бүр самранд явахаар албаар хүүхдээ төрийн хамгаалалтад орхиод явсан байдаг гэдгийг хүүхэд хамгааллын салбарынхан хэлж байна. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг баталсантай холбогдуулан ГБХЗХГ-аас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг өчигдрөөс улс орон даяар эхлүүллээ.
ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж “Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд ойролцоогоор 145 мянган дуудлага ирдэг. Үүний 70 орчим хувь нь зорилтот бүлгийнх байдаг. Үлдсэн 30 орчим нь хүүхэд хамгаалалынх. Үл хайхрах хүчирхийлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Түр хамгаалах байраар он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 850 орчим хүүхэд үйлчлүүллээ. Тиймээс хүүхдийн эрх хамгааллын асуудлаар салбар хоорондын бодлогын уялдаа холбоог улам илүү сайжруулах, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах зорилгоор Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлэхээр зарлаж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх санал санаачилгыг үндэсний хэмжээнд өрнүүлж хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах нь аяны гол зорилго. Энэхүү аянд иргэд, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон төр төрийн бус байгууллагынхан зэрэг бүх хүнийг нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна” гэв.
“Нэгдүгээрт хүүхэд” аяныг дөрвөн чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.
- Хүүхдэд ээлтэй төрийн үйлчилгээ
- Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт
- Хүүхдэд ээлтэй бизнес үйлчилгээ
- Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл
Энэ хөдөлгөөн нь зөвхөн нэг улирал, нэг жилд хэрэгжээд дуусах хөдөлгөөн биш. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд аливаа нэг шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина гэдгээ илэрхийллээ.
Хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчин сайжирч, тэр хэрээр хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарч байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй, хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахад бүхий л бодлого, арга зүй, дүрэм, журмаа боловсруулах ёстой гэдгийг тус газрынхан хэлэв. Мөн энэ талаар ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг ярихдаа “Монгол Улсын нийт хүн амын 38.6 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс хагас өнчин 33649, бүтэн өнчин 3116, хүүхдийн асрамж, халамжийн 32 төвд нийт 1069, хөгжлийн бэрхшээлтэй 10292 хүүхэд байна. Улсын хэмжээнд 2021 оны эхний дөрвөн сард насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг 141 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 19.4 хувиар буурсан нь нэг нааштай үзүүлэлт” гэв.
1 сэтгэгдэлтэй
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!