Нэрт сэтгүүлч, Улстөрийн ухааны доктор хатагтай Төгсжаргалын Гандийн Европчууд аймхай хүмүүс ном болон Өнөөдөр сонинд 2006 онд хэвлэгдсэн Сонгуулийн намар нийтлэлийг хүргэж байна. 15 жилийн өмнө бичигдсэн нийтлэл хэдий ч өнөөгийн улстөрийн намууд болон жирийн сонгогчдын улстөрийн соёл талцал хуваагдлын талаар хоржоонтой өгүүлж уран дүрсэлсэн юм.
Бүрэнхаанд нөхөн сонгуулийн чимээ бараг хоёр сарын өмнө ирэв. Ардчилсан холбооны ганц хоёр залуучууд ар өврөөр сүлжилдэн сэм сэм ярилцаад явчихлаа. Тэр бүр үзэгдэж харагдаад байдаггүй жип машинууд зарим айлын гадаа ганц хоёр харагдах болов. Чих тавибал Хувьсгалт намын том дарга нар яваа юм гэнэ, хэн гуайн садан юм гэнэ, өнгөрсөн жил мэдэлцсэн юм байх аа хөөрхий гэлцэнэ.
Гэтэл нэг их гэрэл гялтгануулж, хойно урдаа машин болсон нэгэн эрхэм хүн суманд ирсэн гэлцэх нь үнэн болж, Элбэгдорж дарга өөрийн биеэр цүл палхийтэл ороод ирэх нь тэр ээ. Бараг тэр аяараа бужигнаан болов. Хаа байсан Хөшигийн хөндий, Сангийн далай руу хүн хар явуулж, орой гэхэд багийн улаан булан багтах шингэх хүнгүй болтлоо дүүрсэн байлаа.
Шавилхан биетэй залуухан дарга сайхан ч ярих юм, сул ч үггүй юм. Эцнэ, цуцна гэж ч ярих юм алга, радио л гэсэн үг. Бараг, таван цаг илтгэлээ. Манайхан бүр хөөрчихсөн алга ташаад л… Уулзалт шөнө дөл хүргэв. Ингээд л үндсэндээ манай суманд сонгууль эхэлж буй нь бодитой болоод явчихлаа даа.
Асрамжийн газрын контор дээр ардчилсан намын туг, багт байдаг ганцхан компанийн байшин дээр хувьсгалт намын туг, эмнэлгийн байшин дээр аль намынх гэнэ вэ, нэг их давхиж яваа морины дүрстэй туг мандаад сумын өнгө төрх нэг л баяр ёслолын байдалтай болов. Уул нь наймдугаар сарын сүүлчээр сургууль соёлын хүүхдээ хүргэж, төв рүүгээ дөхөн намаржаандаа буудаг айлууд энэ жил нэг их яарч төвдсөнгүй. Хэд хонож байгаад намуудын шоу болохоор хуруудаж байгаад нэг нь явна. Тал дунд том том машинуудыг өөд өөдөөс нь харуулж зогсоогоод дундах зайд нь шоу хийнэ. Түнэр харанхуйг сүлбэн машины гэрэлд хүмүүс бүжиглэж буй нь дээр үеийн цагаан даавуун дээр гаргадаг хар цагаан дүрстэй кино шиг харагдана. Залуучууд баяртай байлаа.
-Өнөөдөр ч янзтай бүжиглэлээ.
-Чи маргаашийн шоунд ирэх үү. Маргааш аль нам шоу хийх юм ?
-Мэдэхгүй Ардчилсан намынх гэсэн байх аа гэлцэнэ. Шоу сайхан болов. Харин шоуны дараа залуусын дунд багахан маргаан болоод намжлаа. Хэсэг залуус нэг машины дэргэд цуглачихаж…
-Ахаа хүргэж өгнө биз дээ.
-Танайх хаана юм?
-Энүүхэнд, толгойн цаана.
-Танайх хаана юм бэ?
-Хөндийд
-Өө, бензин хүрэхгүй юм байна.
-Эртүүдийн шоу хийсэн намынхан хүргэж өгсөн ш дээ. Ингээд хээр явгалаад хаячихвал танай намын санал нэг биш хүнээр дутаж дээ… Тамхины гал улалзана.
-За за, хүргэж өгье. Чи нэг их тунимтгай эр үү, үгүй юү.
Залуучууд хар бор санаагүй хөхрөлдөн нэг машинд арван дөрвүүл чихэж аваад алга болж өглөө.
Бүх нэр дэвшигчийн сурталчилгаа ирлээ. Айл бүр сурталчилгаа бүрийг нэг бүрчлэн үзнэ. Далай ламтай авахуулсан зургийг нь бурхантайгаа зэрэгцүүлэн тавьж, бусдыг нь униндаа эвтэйхэн хавчуулна. Бас дээр нь хажуу айлын хар хүү ороод гарах зуур гэрийн эзэгтэй,
Аа, энэ нэг Ардчилсан холбооны сагсалзсан юм байдаг юм. Үг л дуулах гэж яваа биз гэж ирээд намжирдаж байна. Баг тойрсон айлуудын хувьд сонгууль нэг иймэрхүү.
Гэтэл сумын төв дээр ноцтой байдал үүсээд байв. Урлагийн бригадаар ирсэн хүүхний гэдэс эвгүйрхээд гайгүй шиг цэвэр жорлон эрж явтал “Эрлийн нам”-ын тагнуулаар тодруулаад юун бие засах, хашааных нь хаалган дээрээс хөөгдчихөж.
Холбооны дарга Хувьсгалт намынх, хурлын дарга Ардчилсан намынх, эмч хүүхэн Эрлийн намынх, ядахад сумын дотор бие биетэйгээ өдөрт арав тааралдана. Дуугарна гэж гонж. Бие бие рүүгээ харах ч үгүй. Бас зүгээргүй ээ, хэн хаагуур явж, юу хийж буйг сэм сэмхэн тагнана. Долгор хөгшин “Хайнаг Пүрэвийн аяглаж байгааг хараач, хүүхдүүд дагаж гүйгээд, муу ховын хутгуур. Хадлан авахдаа манайхаас бүл гуйдаггүй юм шиг, хэзээ энэ бид хоёр Зоригийн намын хүн болчихоов” гэж хөршөө загнасан сурагтай. Хүүхдүүд ч их хөөрцөглөж байв. Тэр бүр ирдэггүй машинаас гоё ааштай гоё ах, эгч нар бууж ирээд л айл айлын гадаа очин, тээр тэнд байгаа хүүхдүүдийг ч дуудан “Хөдөөний хүүхдүүд хэрсүү гэдэг нь, ийм хөөрхөн” гэж ирээд л бүгдэд нь чихэр, боов тарааж өгөөд л…
Харин Болдын өвөө нь түүнийг дуудаад “Доод усныханд манайд Ардчилсан намынхан ирлээ гэж битгий хэлээрэй. Тэднийхэн чинь тэр чигээрээ Хувьсгалт намынхан байгаа юм. Аль ч нам бай өгсөн юмыг нь авч л байя. Өвөө нь хэнд өгөхөө мэднэ ээ. Чи тэгээд битгий цуураад байгаарай” гэж хэлсэн байгаа юм. Болд надад хэнд ч битгий хэлээрэй гэж хэлсэн.
-Манайхан ч гэсэн сонгуулийн буянаар нэг ахын зурагтай цаг, бас нэг хүний зурагтай халуун сав, томоо савтай пэчээн гээд юм юмтай л болсон гээд жаалхүү хэвлүүхэн ярина.
Өдөр болгон шоу болж, үзэгдэж харагдаагүй олон хүн хөлхөж байсан сумын өглөө сонгуулийн маргааш нам гүмээр солигдов. Салхинд дэрвэх олон тугийг хэн нэг нь авчихаж, дохиогоо хангинуулан сүлжилдэн давхисан олон машинууд хаашаа ч юм алга болчихжээ.
Усны шувуудтай цуг улс төр ярьсан улс явчихжээ янз нь. Сургуулийн хүүхдүүдийн хичээл эхлэн төв бараадаад нэг л эл хуль.
Хууль муультай нь холбоотой байдгаас тэр үү нэг их эрээн алаг зурагтай цаас, самбар байсан, бүгдийг буулгаад газрын нэг хаячихаж. Хотоос ирсэн намын хүмүүсийн идсэн чихрийн цаас, ундааны лааз, архины шил, тараасан бэлгийн гялгар уут жаргах наранд шил шиг гялтганана.
Энэ жил сонгуулийн жил болоод ч тэр үү бужигнаад олигтой өвс авсан айл үгүй.
Бүрэнхаанд намар иржээ. Арын модноос унагасан бололтой тэвхийтэл ачсан чиргүүлтэй хоёр гуч шөнө дөл болохыг хүлээнэ. Хөвчид хөвдөн дээр өдөржин унтсан хоёр жолооч сумынхны шүлэг нойрон дундуур сүн хийгээд төв орохоо мэдэлгүй дээ.
Энэ жил цаг цагаас эрт хүйтрэх янзтай. Цэцэрлэгийн гадна талыг өнгө засч оохордох аядсан ч цөмөрхий үүдний довжоо, жайжгий хаалга бүгд хуучнаараа. Хэдэн модон тоглоомын зарим нь салж унасан харагдана. Унасан гулгуурын модон дээр нэг муу хар шувуу суугаад цас, цас гэх шиг хүйтнийг дуудан хяхтнан хашгична.
Уулынхны намар, суурингийнхны өвөлтэй дүйдэг гэдэг дээ.
2 cэтгэгдэлтэй
I agree with your point of view, your article has given me a lot of help and benefited me a lot. Thanks. Hope you continue to write such excellent articles.
Your article gave me a lot of inspiration, I hope you can explain your point of view in more detail, because I have some doubts, thank you. 20bet