Дипломат ажилтнуудын дархан эрхийг хязгаарлая

2020-11-17 676 0

Асуудал

Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудыг ажлаас нь халаад өнгөрдөг, гэм бурууг нь хэлэлцэж шүүхээр эцэслэн ял оноодоггүй асуудал шүүмжлэл дагуулсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд, Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул, дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдан хоригдож буй. Тэд долоон удаагийн үйлдлээр нийт  521 кг хар тамхи зөөвөрлөж, ХБНГУ-ын хилээр оруулснаа хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл дипломат ажилтан Б.Баттүшиг нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Энэ бол Монгол Улсын Засгийн газрын бараа. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан” гэж маш ноцтой мэдүүлэг өгсөн нь олны анхаарлыг татсан. Тэгэхээр бараг бүх улсад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд ямар нэг бизнесийг харилцаа хамааралтай эрхэлдэг болж таарах нь байна. Угаасаа ч визний наймаа, контрабант, далайн дээрэмчдэд туг далбаагаа ашиглуулдаг (Н.Энхбаярын дүү ашгийг нь хүртдэг байв) гэх мэдээлэл ч дуулдаж байсан.

Монголын консул, дипломатуудын хар тамхины хэрэг өнөөдөр Монгол Улс, Монгол төрийн нэр хүндийг дэлхийн тавцанд шившиглэв. Энэ мэтээр хар тамхины зохион байгуулалттай гэмт хэргийг эрх баригчид өөгшүүлсний улмаас манай улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орноос хар тамхи хэрэглэгч, зөөвөрлөгч, наймаалцагч орны статуст шилжээд байна.

Баримт

Түүх сөхвөл, 1990-ээд оноос хойш 20 шахам элчин сайд, дипломат төлөөлөгч нар хар тамхины хэрэгт холбогджээ. Гэхдээ энэ бол үйлдэл дээрээ баригдаж, олонд ил болсон тоо. Үүний цаана хичнээн хүн энэ хэрэгт оролцож явсныг бид мэдэхгүй.

  • Д.Шатарбал-1990-ээд онд “Блэк Морган” гэдэг олон улсын хараа хяналтад орсон гэх бүлэг байсан. Бүлгийн толгойлогч нь Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал. 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 онд Болгарын тусгай албаныханд баригдсан. Болгарын хууль сахиулах байгууллага таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь барьсан. Барааны үнэ 23 сая орчим доллар. 8 жилийн ял авсан.Тамхины хууль бус наймаанд холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн ганц дипломатч.
  • н.Алтансайхан – ГХЯ-нд дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан.
  • С.Эрдэнээ – Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан. ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдан, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад сулласан.
  • н.Баярхүү – Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Англид 2003 онд тамхины наймаа хийж явахад нь саатуулсан.
  • Цэрэнсодном – Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдсан..
  • “Болгар” хэмээх н.Ганболд- Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан. БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийж эхэлсэн гэдэг. ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр н.Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Энэ хэргээр эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн.
  • Б.Даваадорж – Тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байсан. “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж тухайн үед мэдүүлсэн. Хэрэгт холбогдуулан шалгах үед алдсан гээд байсан машин нь гэнэт олдсон. Албаны машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэдэг. Ийм хэрэгт холбогдсон ч ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдож чадсан.
  • Х.Бэхбат- Женевт Элчин сайдаар сууж байхдаа тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулсан.
  • Д.Далайжаргал – Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан.
  • Х.Болдбаатар – Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул. Польшт тамхины хууль наймаа эрхлэгч н.Цэвэгмид гэдэг хүнийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулж байсан.
  • Б.Санжмятав – Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан. Хууль бус наймаа хийсэн хэргээр 2006 онд Польшт шалгагдаж байсан. Францад алба хашиж байхдаа нэг жилийн дотор Европын улсуудаар 150 удаа зорчсон гэдэг. Тэрбээр “Эхнэрийнхээ хамт биеэ эмчлүүлсэн” гэдэг боловч түүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй.
  • С.Цоггэрэл – Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч мултарч Чех улсад Элчин сайдаар томилогдсон.
  • А.Баатарцогт – Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯ-нд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан. Энэ хэргийн дараа ОХУ-ын Эрхүү хотод консулаар томилогдсон.
  • н.Энхбат – ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдсан. Дипломат албанд ажилладаггүй хэрнээ дипломат паспорттай явж байсан гэдэг. Эхнэр н.Нархажид нь тухайн үед Япон дахь ЭСЯ-нд ажиллаж байжээ.
  • Г.Дашдаваа – БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ.

Шийдэл

Өнгөрсөн хугацаанд хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилчдаас ганцхан хүн хуулийн дагуу шүүхээс ял авчээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд хариуцлага тооцох дарга даамал, шударга шүүх, арга механизм алга. Хамгийн эмгэнэлтэй нь, энэ бүхний цаана Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд унасаар байгаа явдал юм. Тэгэхээр Монголыг гадаад улс орнуудад муухай харагдуулж, “найдваргүй этгээд” гэсэн пайз зүүлгэж буй Элчин сайд, консул, дипломат ажилтнуудын дархан эрхийг хязгаарлах цаг нь болжээ.

Уг нь, үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах үүрэгтэй төрийн тусгай албанд дипломат албан тушаалтнууд зүй ёсоор багтдаг. Гэтэл ийм ариун үүрэгтэй,  тангараг өргөсөн дипломат албаны нэр хүнд шороотой хутгалдаж, тэдэнд салбарын сайд нь ч, Засгийн газрын тэргүүн нь ч хариуцлага тооцож чадахаас нэгэнт өнгөрчээ.

Товчхондоо, бид хар тамхитай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, ялыг хүндрүүлж, зуучлагч, борлуулагч, хэрэглэгчдийг барьж, хорьлоо ч энэ нь асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх гарц биш болохыг хууль сахиулагчид өдгөө ярих болсон.

Харин үүний цаана буй хар тамхи оруулж ирдэг дипломат төлөөлөгчдийн зохион байгуулалттай бүлэглэлийг олж илрүүлэх, гэмт үйлдлийг нь таслан зогсоох алхмыг Монгол Улс төрийн бодлогодоо шигтгэж гэмээнэ сая энэ асуудалтай тэмцэж чадах юм.

Тухайлбал, Монгол Улсын ДК дугаартай автомашинаар дипломат төлөөлөгчид болон тэдний ар гэрийнхэн тухайн суугаа орноосоо өөр оронд зорчихыг хязгаарлах, дипломат албан дахь улстөрийн томилгоо, цус ойртолтыг үгүй болгох зэрэг арга хэмжээ авч, олон жил бугшсан асуудлыг цэгцлэх шаардлага өнөөдөр тулгараад байна.

Холбоотой мэдээ