Манай байгууллагын 10 ажилтны найм нь эмэгтэй. Харин найман эмэгтэйгийн маань гурав нь өрх толгойлсон залуу ээж. Тэд ажлаа хийхийн зэрэгцээ хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж, хичээл сурлагад нь анхаарч, орон гэрээ авч явах гэгчлэн бусдаасаа хоёр дахин илүү ачааг үүрдэг. Гэлээ гээд тэдэнд хэн нэгэн туслаад, төр засгаас илүү халамж тавиад байдаггүй. Таны эргэн тойронд ч мөн өрх толгойлсон ээж, аав зайлшгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр өрх толгойлсон гэх тодотголтой аав, ээжүүд нийгмийн нэг тусдаа давхарга болтлоо өргөжиж, байх ёстой, байдаг л зүйл мэт харагдах болжээ. Гэвч үүний цаана нийгмийн маш олон гажуудал бий болсныг төр засаг анхаарч, бодитой үйлдэл хийх цаг болсныг дараах тоонууд илтгэж байна.
Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар өрх толгойлсон эх 69.5 мянга, өрх толгойлсон эцэг 18.4 мянга байна гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Энэ нь өмнөх оноосоо 3-5 орчим хувиар буурсан хэдий ч ийм хэмжээний өрх элэг бүтэн амьдралгүй байна гэдэг зайлшгүй анхаарах ёстой өндөр тоо юм.
Өрх толгойлж буй эцэг, эхийн судалгааг илүү задлаад харвал, 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 36 мянган эмэгтэй, 7400 орчим эрэгтэй байдаг аж. Өрх толгойлсон эхчүүд л гэхэд,
38.1 мянга нь 3 хүртэлх
24.7 мянга нь 3-5 хүртэлх
6.7 мянга нь 6 болон түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.
Үүнээс гадна “Охидын түүх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайханы хэлсэнчлэн жилд 4000 орчим өсвөр насны охид хүүхэд төрүүлж байгаагаас 70 орчим хувь нь өрх толгойлсон ээж болдог гэсэн гашуун тоо бас байна.
Манай улсад жилд 21000 хос гэр бүлээ бүртгүүлдэг бол 4.2 мянган өрх гэрлэлтээ цуцлуулдаг ажээ. Салалтын зонхилох шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэдгийг жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнд ил болсон, манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн гэх баримт нотолно.
Ийм шалтгаанууд байгаа учраас өрх толгойлсон ээж, аавуудын тоо өндөр хэвээр, мөн байсаар, цаашид ч байдал энэ хэвээр өөрчлөгдөхгүй бол өссөөр байх нь тодорхой байна. Тэр тусмаа, өрх толгойлсон ээжүүд залуужиж байгааг харуулж буй нь эмзэглэмээр. Энэ нь гэр бүл бүрэн бүтэн байх ёстой, хүүхэд гэдэг маш том хариуцлага гэдгийг ойлгохгүй байгаагийн тод жишээ.
Бас нэгэн баримт. Монголд эмэгтэйчүүд гүйцэтгэх, доод түвшний, ялангуяа, үйлчилгээний ажил дээр түлхүү ажилладаг бөгөөд харьцангуй бага цалин авдаг. Гэвч өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь тодорхой хөдөлмөр эрхэлж байгааг гаргасан нарийн судалгаа одоогоор алга.
Хамгийн гол нь, төрөөс энэ хүмүүсээ дэмжихгүй байгаа нь нийгмийн маш эмзэг давхарга үүсэх эрсдэлийг тоохгүй өнгөрч байгаа нь өөрөө асуудал болох нь. Тухайлбал, 2019 оны эцэст болсон “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг сургалтын үеэр “Бөртэ Дарь-Эх” ТББ-ын тэргүүн сэтгүүлчдэд ийнхүү ярьж байсныг санаж байна. Тэрбээр “Би гурван хүү, нэг охинтой өрх толгойлсон эмэгтэй. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл төр, засгаас надад өрх толгойлсны ямар ч тусламж үзүүлээгүй. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр манайхан маш олон хууль, захирамж гаргадаг. Гэвч тэр нь хаагуур яваад, яг хэнд хүрч байгаа талаар хэзээ ч тайлагнадаггүй. Ядаж тэр нь өрх толгойлсон нэг ч болтугай ээжид хүрч чадсан бол бид баярлана” гэж байв.
Ингээд өрх толгойлогчдод ямар дэмжлэг үзүүлдэг болохыг судлав. “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль”-ийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 200 мянган эхэд сар бүр 50000 төгрөгийн “Цалинтай ээж” тэтгэмж олгодог юм байна. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 6.7 мянган эцэг, эхэд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 350,000 төгрөгийн тэтгэмж олгодог аж. Эндээс үзвэл, санхүүгийн хувьд өрх толгойлсон ээж, аавуудад энэ нь багахан хэмжээний дэмжлэг болж чадах хэдий ч цаашид энэ мөнгийг өсгөөд ч өрх тойлгологч нарын асуудал шийдэгдэхгүй бол яах вэ гэсэн асуулт байна.
Тиймээс энэ асуудлыг уг үндсээр нь засаж, сайжруулах шаардлагатай бөгөөд хариуцлагыг нэмэгдүүлэх нь маш чухал арга болоод байна. Тухайлбал, гэр бүл салсан аавууд 10-20 хувь нь хүүхдийн тэтгэмжийн мөнгөө өгдөг бол мөнгөө төлөлгүй ор сураггүй арга болсон 230 гаруй эцэг, эхийг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран эрэн сурвалжилж буй. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал.
Нөгөө талаар, гэр бүлийн боловсролыг бага, дунд ангиас нь ерөнхий боловсролоор нь дамжуулан олгох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа, эрэгтэй хүүхдүүдийн боловсролд маш их анхаарах цаг болсныг өнөөгийн нийгмийн бараг бүхий л гажуудал ойлгуулж байгаа биз ээ. Харин эцэст нь, гэр бүлийн тухай маш сайн хуультай болох ёстой. Гэр бүл салсан ч эд хөрөнгөө хэрхэн хуваах, хэрхэн эцэг, эх хариуцлага хүлээх, хамтран амьдрахад хүртэл хариуцлагатай хүндэтгэлтэй байх асуудлуудыг уг хуулиар зохицуулах учиртай.
Одоогийн түвшинд өрх толгойлсон ээж, аавуудын нарийвчилсан судалгааг гаргаж, тэднийг тогтмол орлоготой, ажлын байртай байх талаас нь төрөөс дэмжиж, хүүхдүүдийнх нь боловсролд анхаарах нь нэн тэргүүний ажил гэж салбарын судлаачид хэлдэг. Ухаан нь, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн ажлын цаг дээр ч гэсэн уян хатан бодлоготой байхыг цаг үе шаардаж байна.
0 cэтгэгдэлтэй