З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Их Бурхантад үдэлсэн нь

2021-08-09 904 2

Халуун шатахаас өмнө “Буйрын толио”-оос хөдөлсөн бид гурван цагийн дараа Халх голын баруун тохойд орших Их Бурхантын өлмийд ирлээ. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Халхын Сэцэнхан аймгийн олноо То ван хэмээн алдаршсан жүн ван Бат-Очирын Тогтохтөр санаачлан бүтээн байгуулсан энэхүү цогцолбор Азид байдаг гурван Жанрайсаг бурхны нэг аж.

Уулын 35 градусын налуу энгэрт байгалийн чулуугаар бүтээсэн Их Бурхантыг хэвтээ Жанрайсаг гэгддэг бол Гандантэгчэнлин хийдэд байгааг босоо Жанрайсаг гэж нэрийддэг. Харин суугаа нь Төвөдөд байдаг хэмээн Дорнод нутгийнхан ярьдаг юм билээ.

Их Бурхант бол Дорнод аймгийн 10 гайхамшгийн нэг. Зүүн хязгаар нутагт гадаад, дотоодын жуулчид татах аялал жуулчлалын гол зам болох Буйр, Их Бурхант, Халх гол гэсэн үндсэн маршрут юм. Биднийг очиж ахуйд хоёр хүүхэдтэй залуу гэр бүл мэнд мэдэн зөрж өнгөрсөн. Сүсэгтнүүдийн нэгэн адил их шүтээндээ цэгээнийхээ дээжийг өргөөд, өлмийд нь хэдэнтээ сунан мөргөөд, нар зөв тойрч залбирав. Энэ зуураа шүтээнийг тойруулан бүтээсэн бурхдын нарийн чамбай сийлбэрийн ур хийцийг бахдаж, сониучирхаж явлаа.

Их шүтээний үүдэнд зорьж ирсэн хэн бүхнийг ариусгадаг дөрвөн Махранз байдаг аж. Тэдгээрийн зүүн талынх нь сууриараа нурж унасан байх нь харамсалтай. Суурь нь нар салхины ая даагаагүйгээс үү, эсвэл хэн нэгний санаатай үйлдэл үү гэдгийг нь бүү мэд. Түүнээс биш бусад бүтээлийн хувьд харьцангуй цэмбэгэр аж. Тэнд тайлбарлагч байхгүй тул эргэж ирээд интернэтээс Их Бурхантын тухай сонирхож мэдэв. XVIII зуунаас хойш өвлөгдөж ирэхдээ олон удаа тонуулж, нар салхинд элгэдэж хорогджээ. Цогцолборыг сэргээн засварлах ажлыг 1995 онд анх хийж байсан бөгөөд хамгийн сүүлийх нь 2014 он аж.

Жанрайсаг бурхныг наран ургах зүгт, Монгол Улсын зүүн хил тийш харуулан бүтээснийг ухахуйд сэтгэл доторх сүсэглэл залбирлын амар амгалан гэнэт оволзон хөвсөлзөх мэдрэмжээр сүлэлдэнэ.

Их Бурхантыг бүтээсэн түүхийг сонсоход То ван дорнод хил хязгаарыг аюул гамшгаас хамгаалахын бэлгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг. Мөн ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгийг Төвөд, Энэтхэг, Хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж тэрхүү буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьсан гэсэн саналууд ч бий.

Энэ нь яван явсаар Монгол Улсын хязгаар нутгийг эзэнтэй байлгах, хойч үе маань үүх түүхээ танин мэдэх бүр цаашилбал, эх орны минь зүүн хилийг бүрэн бүтэн, амар амгалан байлгах гэсэн их хүний холч ухаан байждээ гэсэн бодолд цээж оволзон явсаар нэг мэдэхэд их бурхныг нар зөв тойроод дуусав.

Хүнд хэцүү цагтаа хүн ухаанаа тэмтэрдэг гэдэг. Манжийн дарлалын гашуун цаг үед ч тусгаар Монгол орныхоо бүрэн бүтэн байдал, ирээдүйг хамгаалах гэсэн өвөг дээдсийнхээ агуу ухааныг энэ цагийн бид ийн амар амгалангаар мэлмийгээ баясгаж, бодлоо тунгаахдаа л ойлгож мэдэрч байгаа нь энэ.

Их шүтээнд сүсэглээд, хөх тэнгэр, ногоон тал нийлсэн уудам хязгаарт хараа бэлчээхүйд Буйрын эрэг дээр Жилээ ахын хэлж байсан “Нэг л юм бодогдоно доо” гэсэн үг санагдана.

Холбоотой мэдээ