З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Дайны түүхээр аялуулсан Халх голын дурсгалууд

2021-08-14 1566 3

Энэ жил Халх голын дайны ялалтын 82 жилийн ой тохиож буй. Тэртээ 1939 онд Япон, Зөвлөлтийн хооронд өрнөсөн дайны тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчүүлж, одоо ч шарх нь аниагүй байгаа Халх голд очихгүй бол Дорнод нутгийг зорьсны хэрэг юусан билээ.

Буйр нуур, Их Бурхант цогцолбор аяндаа Халх голын зүг хөтөлдөг аж. Их Бурхантаас цаашаа хэдхэн минут яваад л Халх голын баруун дэнжид буюу Баянцагааны нуруунд босгосон “Ханан хөшөө”-өөс дайны үеийг хүүрнэх түүхэн аялал эхлэх нь тэр.

 

“Ханан хөшөө”-г 1969 онд босгосон бөгөөд утга санаа нь бодсоноос илүү ч гүн гүнзгий утга учиртай аж. “Дайны ялалтын 30 жилийн ойг ромбо тоогоор илэрхийлснээс гадна туурга тусгаар Монгол Улсын их гэрийн ханыг илэрхийлж буй бөгөөд энэ хананаас дотогш япон хүний сарьсан хоншоор, дэрсэн шаахай үл нэвтэрмой хэмээн бэлгэдсэн. Тиймээс Ханан хөшөө гэж нэрлэдэг” гэж Халх гол сум дахь “Ялалт” музейн захирал, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн гуай учирласан билээ. Түүний хэлж байгаагаар “Ханан хөшөө” байрласан Баянцагааны нуруу бол Халх голын дайны баруун фронтын төгсгөл байжээ. Тухайн үед одоогийн Халх гол сумын дэргэд шахуу байрлах Хамар даваанаас зүүн урагш 35 км-ээс эхлэн энэ “Ханан хөшөө” хүртэл 70 км-ийн өргөн фронтоор Монгол нутагт империалист Японы цэрэг халдан довтолж байсан аж.

“38 орчим мянган япон цэрэгтэй Зөвлөлт, Монголын 12 орчим мянган цэрэг эрс 128 хоног хувцасаа ч тайлалгүй дайтаж байж өнөөдрийн та бид ийм бодь хүн болохыг бий болгож өгсөн түүхтэй” хэмээн Л.Мягмарсүрэн гуай хуучлав. “Ханан хөшөө”-нд “Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид Японы түрэмгийлэгчдийг эндээс дотогш үл ахиулан бут цохисны мөнхийн дурсгалд зориулан босгов. Монголын залуучуудын анхдугаар тойрон аялал чуулга уулзалтад оролцогчид. 1969-VIII-6” гэсэн байв.

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн аав, Халх гол сумын засаг даргын албыг гурвантаа хашиж асан Л.Мягмарсүрэн гуайн гэрт бид цөөхөн хэдэн цаг саатаж, халх голын дагуу босгосон хөшөө дурсгалуудын учир утгыг нь асууж шалгаан, хуучлах боломж олдсон билээ. Хэдийгээр бид “Ялалт” музейгээр аялж амжаагүй боловч дайны сорвитой атар талд мөнхөлсөн тэрхүү түүхэн газруудын талаар Л.Мягмарсүрэн гуай амьд бөгөөд сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэнд талархсу.

Залуучуудын тэрхүү анхдугаар тойрон аяллын чуулга уулзалтаар дайны үед чухал үйл явдал өрнөсөн газруудыг хойч үедээ мөнхлөх зорилгоор нийтдээ Халх голд 29 алдрын багана босгосон байдаг аж. Жишээ нь, БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын “Баатар цолоор шагнагдсан газар”, Халх голын дайны Зөвлөлт, Монголын командын байр байрлаж байсан газар болох Хамар даваад тухайн үеийн дайны амьд гэрчүүдийн тусламжтай түүхэн газруудыг тэмдэглэж байсан нь өдгөө Халх голоор аялагчдын зүрхэнд тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх дурсгалт газар болжээ. Одоогоос 82 жилийн өмнө дарийн утаанд дарагдаж байсан Халх голыг монгол, орос генералууд алган дээрээ тавьсан мэт харж байхын тулд Хамар даваанд командын төв байраа байрлуулж байсан аж. Тухайн үед энэхүү удирдлагын байр галын өвөр эгнээнээс 100 км-ийн алсад байрлаж байсан ч дайны талбар харагддаг байсныг Л.Мягмарсүрэн гуай хуучилна лээ.

Нойрсож буй 100 баатрыг мөнхөлсөн “80 баатрын хөшөө”

Халх голоор аялж байгаагүй бол “90 баатрын хөшөө” гэж байдгаас “80 баатрын хөшөө” гэж босгосныг төдий л мэдэхгүй болов уу.

Тус хөшөө дайны ялалтын 15 жилийн ойгоор буюу 1954 онд босгосон “90 баатрын хөшөө”-өөс хойхно 15 км-т байдаг аж. Барилгын цэргийн 030 дугаар ангийнхан 1979 онд Халх голын ялалтын 40 жилийн ойгоор босгож байсан байна. Өдгөө “Хилчдийн хөшөө” гэдэг нэртэй. Уг нь энд дайнд оролцож байсан дарга, цэрэг нийлсэн 100 гаруй цэрэг эрийн шарил байдгийг Л.Мягмарсүрэн гуай хэлэв.

Гэтэл тухайн үед орос ах нарын нэрийдсэн “90 баатар”-аас давж “100 баатар” гэж нэрлэж болохгүй байсан учраас “80 баатрын хөшөө” гэж нэрийджээ.

Нутгийнхан жадан хөшөө ч гэж ярьдаг гэнэ. Хөшөө дөрвөн талдаа Монгол ардын хувсгалт цэргийнхнийг угтан авч буй энгийн ард олон, хилийн харуулууд, морьтон цэрэг цавчуулж буй самурай гээд дайнд ялалт байгуулж, энх цагтай золгож буйг харуулсан баримал бүхий өгүүлэмжтэй. Гэхдээ “Хилчдийн хөшөө” гэж дур мэдэн, түүхэн үнэнийг гуйвуулсныг Л.Мягмарсүрэн гуай эрс буруушаадаг юм билээ.

“80 баатарын хөшөө”-ний нууц үүгээр хязгаарлагдахгүй. Баатруудын шарилын яг өмнөхөн талд “Сансарт дээж авсан газар” гэдэг тэмдэг бий. Үүнийг Л.Мягмарсүрэн гуайгаас лавлавал, 1981 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчааг сансарт нисэхэд нь Орос, Монголын ард түмний ган бат найрамдлыг цусаар гагнасан газар гэж үзээд хөрснөөс нь дээж авч, их бууны хонгионд хийж, Сүхбаатарын талбайд гардуулан өгч байсан аж. “Социализмын бүтээн байгуулалтын ид үед танкын мөрөөр трактор газар хагалж, атар уудам талд нь амуу тариа халиуруулж байгаа халх гол нутгийн хөрс шорооны дээжийг авч сансарт аялуулсан. Хожим Ж.Гүррагчааг манай музейд зочлох үеэр энэ тухай ярьж өгөхөд тэрбээр “Нээрээ тийм шүү дээ” гээд санаж байсан” хэмээн Л.Мягмарсүрэн гуай ярилаа. Сансарын уудамд долоо хоног аялсан тэрхүү дээж хөрс одоо “Ялалт” музейд байдаг аж.

Холбоотой мэдээ