Ч.Энхзаяа: МГТИС-ийн оюутнууд 2021-2022 оны хичээлийн жилд 951 сая төгрөгийн тэтгэлэг авна

2021-08-19 1019 1

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газрын хамтарсан хэлэлцээрийн үр дүнд байгуулагдсан төрийн өмчит Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) жил бүр оюутнууддаа олгодог тэтгэлгийн мэдээллийг ЕБС төгсөгчиддөө хүргэхийг зорьж МГТИС-ийн Тэтгэлгийн хорооны дарга Проф. Др. Ч.Энхзаяатай ярилцлаа. 

-ХБНГУ-тай хамтарсан төрийн өмчит их сургуулийн хувьд МГТИС-д суралцаж байгаа оюутнуудад ямар боломжууд байдаг вэ? Ялангуяа, тэтгэлгийн тухайд ямар онцлогтой вэ?

-Дэлхийн их, дээд сургуулиудын хөгжлийн түүхийг харахад зөвхөн сургалтын төлбөрийн санхүүжилтээр шилдэг сургууль болсон тохиолдол үгүй. Их сургуулийн үйл ажиллагааг хурдацтай хөгжүүлэх, өргөжүүлэх үүднээс гадаад, дотоодын хувийн болон олон нийтийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэгийг авах нь тогтвортой хөгжлийн тулгуур юм. Нөгөө талаас авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ түүчээлэгч сурагч, оюутныг дэмжих нь манай сургуулийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн нэг учир бид үүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд маш их анхаарал тавьж ажилладаг. Яг энэ хоёр гол хүчин зүйлийн огтлолцол дээр МГТИС-ийн тэтгэлгийн хөтөлбөрүүд бий болж, хөгжиж ирсэн. Одоогийн байдлаар бид дөрвөн эх сурвалжаас тэтгэлгийг санхүүжүүлж байна. 

-Өнөөг хүртэл оюутнууддаа хэчнээн төгрөгийн, ямар тэтгэлгүүдийг олгосон бэ?

-Тэтгэлгийн хөтөлбөрүүдийг хоёр хэсэгт хувааж болно. Нэг хэсэг нь сургалтын төлбөрийг санхүүжүүлдэг, нөгөө нь оюутнууд ХБНГУ-д дадлага хийх, оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцах зардлыг санхүүжүүлдэг юм.

Эхний хэсэгт ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) Sur Place тэтгэлэгт хөтөлбөр (энд сургалтын төлбөрийг даахаас гадна сургалтын хэрэгслийн зардалд сар бүр 200 евро олгодог), Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй манай сургуулиас жил бүр олгодог МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг, мөн аж ахуйн нэгж байгууллагуудын тэтгэлэг орно. Хоёрдугаар хэсэгт ХБНГУ-ын их, дээд сургуулиудын гадаад хамтын ажиллагааг дэмжих DAAD-ын TNB хөтөлбөрийн хүрээн дэх ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуультай оюутан солилцох тэтгэлэгт хөтөлбөр, Германд уртын дадлага хийх DAAD-ын тэтгэлэг багтана. Анх 2013 онд Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газрын хамтарсан хэлэлцээрийн үр дүнд байгуулагдсан цагаас хойш МГТИС-ийн оюутнууд нийт 2.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг авсан байна.

-Тэтгэлэгт өрсөлдөх гол шалгуур нь юу вэ? Шинэ элссэн оюутнууд хамрагдах боломжтой юу?

-МГТИС-ийн тэтгэлгийн тал дээр баримталж байгаа бодлого нь нэг талаасаа авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ манлайлагч төгсөгчдийг дэлхийн түвшний боловсрол мэдлэг олгох өндөр стандарттай сургуульд орох боломжоор хангах, нөгөө талаас нэгэнт сургуульд элсэж орсныхоо дараа өөрийгөө дайчлан амжилттай суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа амжилттай төгсөхөд нь тууштай дэмжихэд оршино. Тиймээс тэтгэлгийн хөтөлбөрт шинэ элсэгчид хамрагдах боломжтой. Сургуулийн зүгээс энэ тал дээр дэмжлэг сайн үзүүлдэг. 

– МГТИС-ийн тэтгэлгүүдийн онцлог юу вэ?

-МГТИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүд нэгдсэн дөрвөн зарчмын дагуу олгогддог бөгөөд ямар зорилтот бүлэгт хамаарч байгаагаасаа шалтгаалан шалгуурын тогтолцоо нь харилцан ялгаатай байдаг. Дөрвөн зарчмын нэгт гүйцэтгэлийн дээд ур чадвар болон хувь хүний мөн чанарын өндөр хөгжлийг хөхиүлэн дэмжих, хоёрт хүртээмжтэй байдлыг хангах, гуравт олон янзын зорилтот бүлгийг оролцуулан хамруулах, дөрөвт ил тод нээлттэй байдлыг хангах юм. Шалгуур үзүүлэлтийн хувьд бол МГТИС-ийн өөрийн тэтгэлэг нь тэргүүний оюутнууд, манлайлагч оюутнууд, санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутнууд гээд тухайн зорилтот бүлгээс хамааран сургалт, нийгмийн идэвх, өрхийн орлогын байдал гэх мэт байна.

-Тэтгэлэг нь оюутанд санхүүгийн дэмжлэг болохоос гадна амжилттай сурах том хөшүүрэг болдог. Тэгвэл МГТИС тэтгэлгээр дамжуулан оюутнууддаа ямар чадвар эзэмшүүлэхийг зорьдог вэ?

-Том зургаар нь харвал сургуулийн зорилго, алсын хараанд заасан үнэт зүйлийг эрхэмлэхдээ өөрийгөө идэвхтэй хөгжүүлж, эх орныхоо, цаашилбал хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлэлийг нь бадраах, итгэл төрүүлэх нь чухал.

Чадварын хувьд бол өөрийгөө байнга дайчлан урагшлах, хүнд хүрч ойлголцох, бусдыг ойлгон хамтрах, шинийг санаачлан манлайлах, үргэлж сониуч байж асуудлын голыг харах, шийдэл тодорхойлон ирээдүйг бүтээлцэх гэх мэт ур чадварыг дэмжихийг хичээдэг.

Түүнчлэн тэтгэлгийн үр шимийг хүртсэн оютунууд маань хэлэхдээ “тэтгэлгээс урам авч, нэр хүндийг нь даахын тулд улам их хичээж эхэлсэн, түүнийхээ үр дүнд доголдолтой байсан тодорхой чадваруудаа урагшлуулж чадсан (жишээлбэл англи хэл, өөрийгөө илэрхийлэх, шинийг санаачлах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх гэх мэт), хичээлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж сурсан зэргээс гадна гэр бүлийнхээ ачааллаас үүрэлцэж байгаа нь бахархал төрүүлж, бие дааж чадах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон” гэж байв. 

-МГТИС-д суралцангаа тэтгэлэгт хамрагдахыг хүссэн шинэхэн элсэгчдэд та өөрийн зүгээс зөвлөгөө өгөхгүй юу?

-Шинэ оюутнууд сургуульд элсэн орсон даруйдаа Тэтгэлгийн журамтай танилцаж мэдээлэл цуглуулах нь зүйтэй. Тэгээд өөрт тохиромжтой хөтөлбөрийг тодорхойлоод материалаа бүрэн бүрдүүлж, цаг тухайд нь өгөх хэрэгтэй. Мөн хуучин оюутнуудаас туршлага судалж, сонгон шалгаруулалтын ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө авбал бүр сайн.

-Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жилд олон талын бэрхшээл тулгарсан. Тэгвэл энэ хугацаанд тэтгэлгүүд хэвийн олгогдож байсан уу?

-Цар тахлын үед манай сургуулийн тэтгэлгүүд хэвийн олгогдож байснаас гадна тэтгэлгийн тоо хэмжээ нэмэгдсэн. Эдийн засгийн байдал тааруу байгаагаас өрх гэрийн орлого хумигдсан тул бид түнш байгууллагуудтайгаа хамтран тэтгэлгийн сангаа нэмэгдүүлэхэд анхаарсан юм. 

-Шинэ хичээлийн жилд МГТИС-ийн оюутнууд хэчнээн төгрөгийн тэтгэлэг хүлээн авах бол?

-Энэ хичээлийн жилд нийт оюутны 20 хувь нь ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Германы эрдэм солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдана. Мөн 20 хүртэлх хувь нь Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит болон бусад хөтөлбөрийн тэтгэлгийг авах боломжтой. Тэгэхээр 2021-2022 оны хичээлийн жилд МГТИС-иас оюутнууддаа нийт 951 сая төгрөгийн тэтгэлгийг олгохоор зэхэж байна. Тийм болохоор эх орондоо тэтгэлэгтэй суралцангаа дэлхийн түвшний инженерийн мэдлэг, ур чадварыг эзэмших хосгүй боломж залуус та бүхний өмнө нээлттэй байна. Манай сургуулийн элсэлтийн мэдээллийг дараах сувгаар аваарай.

Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлэх бол энд дарна уу.

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/gmit.edu 

Вэбсайт: www.gmit.edu.mn

Утас: 70232090, 70232086 

 

Холбоотой мэдээ