ХААН банк иргэдийн хадгаламжийг хамгаалах чадамжгүй байна

2021-10-06 629 0

“Хаан банкны хэрэглэгчид мэдээлэл солилцох групп” гэж цахим хуудас бий. Энэ хуудаст ихэвчлэн ХААН банкны данснаасаа мөнгөө алдсан, гүйлгээ андуурагдсан, лавлах утасны оператор нь хариу өгдөггүй, гар утас дээрх аппликейшн нь ойлгомжгүй гэх мэт гомдол  байх. Тэгвэл данснаасаа мөнгөө алдсан иргэд нэгдэж хохиролгүй болгохыг тус банкны удирдлагуудаас хүслээ. Хохирогчид данснаасаа сарын цалин, 20-50 хүртэлх сая төгрөгөө алдсан гэх ноцтой гомдол ярилаа.

Иргэн: “Би танайд итгэж мөнгөө хадгалуулсан. Гэтэл аравдугаар сарын 3-ны шөнө 2,9 сая төгрөгөө данснаасаа алдчихлаа” гэсэн юм.

Иргэн: “Миний данснаас 20 сая төгрөг хоёр өөр хүний данс руу шилжсэн байсан. Энэ хэрэг жил, хоёр сарын хугацаанд хоёр хэлтсийн дөрвөн байцаагчийн гар дамжиж, шалгагдаж явсан. Ямар ч шийдвэр байхгүй. Данснаас алдсан мөнгийг шилжүүлсэн хүний данс тодорхой, ямар төхөөрөмжөөс, ямар этгээд хийсэн бэ гэдэг нь ч тодорхой болсон. Энэ хэргийг Дархан-Уул аймгийн харъяат, цахим гэмт хэрэг олон жил хийсэн 2000 онд төрсөн Ш гэх залуу хийсэн. ХААН банкны удирдлагуудтай хоёр удаа уулзсан. Гэтэл захирлуудын хурлаар таны мөнгийг гаргаж өгөх боломжгүй гэх хариуг сонссон. Сүүлийн үед маш олон хүмүүс хохирч байна. Хохирогчдийн асуудлыг банк хариуцах ёстой. Учир нь бид халаасандаа аль эсвэл гэртээ хадгалаагүй. Монгол Улсын хүн амын 90 орчим хувь нь үйлчлүүлдэг банканд хадгалуулсан. Иргэд бид итгээд мөнгөө хадгалуулсан байхад хугацаат хадгаламжаас нь хүртэл мөнгө алдсан гэх мэдээллүүд ирж байгаа.

Банкны мэдээллийн аюулгүй байдлын систем хулгайчаас дор байна гэдэг эмгэнэл. Дээр нь тус банканд эрсдлийн сан гэж байдаг юм уу. Байдаг бол үйлчлүүлэгчдэд нь хамаатай сан мөн үү гэдгийг хууль хяналтынхан тогтоож өгнө үү. ХААН банк иргэдийн хадгаламжийг хамгаалах чадамжгүй байна” гэлээ.

Иргэн: “2020 онд 7 сая төгрөг алдсан. Нэг жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаар явж шалгуулж байна. Бид банкны урианд итгэж, мөнгөө хадгалуулсан. Гэрээсээ алдаагүй. Гэтэл банкны удирдлагууд хохирлыг барагдуулахгүй гэсэн байр суурьтай байгаад гомдолтой байна. Хэрэгтэн нь ч ил болсон. Өмнөх хохирогчийн адилаар 20 настай Ш, А нар миний дансанд халдсан болох нь тогтоогдсон. Бүтэн жилийн өмнөөс эхлэн олон хүн мөнгөө алдчихаад байхад ямар ч арга хэмжээ авсангүй. Бидний энэхүү асуудлыг хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт уламжилж өгнө үү.

Мөн цагдаагийн байгууллагыг хөдөлгөөд өгөөч. Хаан банканд хохирлын асуудлаа хэлэхээр цагдаад ханд гэдэг, цагдаад хандахаар банкандаа ханд гээд хоёр тийш нь гүйлгэх юм. Энэ банкны системийн нууцлал ард түмний мөнгийг хадгалах хэмжээний байж чадахгүй байна” гэлээ.

ХААН банкны төлөөлөл: “Хүмүүсийн мөнгөө алдсан кейс өөр, өөр учраас бид хувь хүн бүртэй тулж ажиллана. Манай банкны зүгээс 72 цагийн дотор мөнгө орсон дансанд барилт хийж байгаа. Энэхүү 72 цагийн хугацаандаа бид харилцагчдадаа хуулийн байгууллагад хандан мөнгө орсон данс эзэмшигчийг шалгах зөвшөөрөл бүхий бичиг авчрах шаардлага бүхий зөвлөмж өгч байна. Ингээд бид асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Тус хүн бүр дээр асуудлыг шалгаад үнэхээр банкны процессийн алдаа мөн байвал манай банкны зүгээс иргэдийг хохиролгүй болгоно. Харин манай банкны процессийн алдаа байхгүй. Харилцагч данснаасаа мөнгөө алдсанаас биш банк мөнгө алдаагүй. Харилцагчид өөрсдийн мэдээллийг маш сайн хамгаалж, нууцлалтай байлгах шаардлагатай” гэсэн юм.

Холбоотой мэдээ