Эрүүл мэндийн даатгалын хууль “зогссон”-оос эмнэлгүүд дампуурч, иргэд хохирч байна

2021-10-06 588 0

Цалингаараа төлдөг татаасыг төр “цар тахал” нэрээр барж дуусах нь

Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль ихээхэн будлиан дагуулж байна. Одоогийн парламент бүрэлдсэн даруйдаа хэлэлцэн баталсан уг хуулиар эрүүл мэндийн байгууллагуудыг улс, хувийнх гэж ялгахгүйгээр өрсөлдөөний ижил тэнцүү боломж олгосноороо шинэлэг зохицуулалттай болсон. Тодорхой хэлбэл, иргэн хүн баян, ядуу байхаас үл хамаарч хүссэн эмнэлгээсээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой байв. Ингэхдээ тухайн хүний оношоос хамаарч төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, иргэн өөрөө төлөх үү,  эсвэл хамтын хэлбэрээр төлөх үү гэдгийг төр зохицуулах зохицуулалттай туссан.

Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол гэж гарчихаад байхад тус зохицуулалт хэрэгжиж эхлээгүй байх юм. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад дагалдах журмууд нь гараагүй, үндэсний зөвлөл хуралдаагүй гэсэн бүрхэг хариулт өгч байгаа юм.

Тэрхүү “журам” хэмээх хүнд суртлаас болж  эрүүл мэндийн хэчнээн байгууллага дампуурч, хэчнээн иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байгааг таашгүй.

Энэ онд эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөснөөс нэг их наядыг Ковидын санхүүжилтэд зарцуулсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн данс өнөө маргаашгүй улайх нь нэгэнт ил боллоо. Ковид-19 халдвар авсан иргэнийг эмчлэх зардал нийгэмд хамгийн их эргэлзээ, маргаан дагуулж ирсэн. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангийн одоогийн нөхцөл байдал тэрхүү эргэлзээ, хардлага сэрдлэгийг үнэн гэдгийг илчлэх мэт. Ирээдүйд эрүүл мэндийн эрсдэлээ хаана гээд сар бүр цалингаасаа төлдөг “татаас”-ыг төр зөвхөн “цар тахал” нэрээр үрээд дуусгах нь.

Бусад өвчнөөр өвдсөн иргэдэд ор олдохгүй, зарим ортой эмнэлэг, сувиллуудтай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар  гэрээ байгуулахгүй өнөөдрийг хүрчээ. Иймд төр, хувийн хэвшлийн эмнэлэг, шинээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагууд, иргэд даатгуулагчдын төлөөллүүд зохион байгуулалтанд орж тэмцэхээр нэгдэж эхэлжээ.

Холбоотой мэдээ