ЖДҮ-ийн газар Төрийн банктай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-11-23 943 3

Монгол Улсын Засгийн газраас Төрийн банкийг “Дундаж давхаргыг дэмжигч банк” болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрийн газар Төрийн банктай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагаагаар талууд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, ажлын байрыг бий болгох замаар экспортыг дэмжиж, дундаж давхаргын өсөлтийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, дэд дарга Ц.Ганзориг, ЗТХ-ийн дарга Д.Дашхүү, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Санхүү хариуцсан дэд захирал Д.Баттулга болон албаны бусад хүмүүс байлцав.

Энэ хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг даван туулах боломж бололцоог ыий болгоход чиглэсэн 16 хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Арга хэмжээний үеэр ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд бизнес эрхлэгчид чинээлэг дунд давхрага байдаг. Төрийн банкны зүгээс дундаж давхаргыг дэмжин хамтран ажиллах болсондоо баяртай байна. Монголчууд бүгд чинээлэг дундаж давхрага болохын төлөө хамтдаа хичээцгээе” гэсэн юм.

Уг хөтөлбөр хэрэгжсэнээр бичил болон жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж чадна хэмээн Төрийн банкны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ