“МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН 60 ЖИЛД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

2021-09-28 551 2

Монгол Улсын мал эмнэлгийн шинжлэх ухааны толгойлох байгууллага Мал эмнэлгийн хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх, улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засгийн өсөлтийг сайжруулахад өөрийн эрхэм үүрэг, зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлэн дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн хандлагад нийцэн хөгжиж ирсэн.

Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж буй өнөө үед малын эмийн чанар, аюулгүй байдал, хэрэглээнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Сүүлийн жилүүдэд шинэ болон шинээр сэргэн гарч байгаа халдварт өвчний гаралт, давтамж нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал боллоо.

Дэлхий нийтийг хамарч байгаа тулгамдсан асуудал болох мал, амьтдад шимэгчлэгч, гадна, дотно паразитын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлох, тэдгээртэй тэмцэх, сэргийлэх, эмчлэх орчин үеийн арга, технологийг бий болгох чиглэлээр гаргасан шинэ үр дүнгүүдийг суртачлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт байгал, экологи, хөрс, ус, ургамал, малын бие дэх макро, микро элементийн харьцааны өөрчлөлтөөс шалтгаалан үүсэх онош нь тодорхойгүй өвчин, элдэв хордлого ихээр гарах болсон тул асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шийдлүүд нэн шаардлагатай байна.

Иймээс шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийг цогц хэлбэрээр явуулах, хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор мал эмнэлгийн хүрээлэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойг тохиолдуулан монгол орны хэмжээнд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бүх малын эмч, мэргэжилтнүүдээ хамруулсан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

ЗОРИЛГО

Монгол Улсын мал эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэн судлаач, багш, малын эмч, мэргэжилтэн нарын хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог, бэхжүүлэх, шинэ мэдлэг, мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэн монголын мал эмнэлгийн шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хурлын зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:

ХХААХҮЯ, МЭЕГ, МЭХ, МЭС, МЭЭСБУЛ, УМЭАЦТЛ, Биокомбинат, батлан хамгаалах, хилийн цэрэг, аймаг, нийслэл, дүүрэг, сумын мал эмнэлгийн газар, тасаг, хувийн хэвшлийн мал эмнэлэг, эмийн сан, ТББ,

СЭДЭВ:

• Эмийн технологи, инноваци, зохистой хэрэглээ

• Хүнсний аюулгүй байдал тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, туршлага

• Малын халдварт өвчин, зооноз өвчний чиглэлээр тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, туршлага

• Малын паразиттах өвчний чиглэлээр тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, туршлага

• Малын халдваргүй өвчний чиглэлээр тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, туршлага

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА, ХУРЛЫГ ЯВУУЛАХ ХЭЛБЭР

Хурлыг 2021 оны 11 сарын 22-ны өдөр, цахим хэлбэрээр зохион байгуулна. Хуралд оролцох цахим холбоосыг тухайн үед байгуулагад мэдээлнэ.

ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

2021 оны 11 сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Утас: 99058992, 96647996;

Илтгэл хүлээн авах цахим хаяг: Lkham7704@gmail.com

Холбоотой мэдээ