ШИЛДЭГ ЭРДЭМТДИЙН БАГИЙГ ТОДРУУЛЖ, САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТЫГ ГАРДУУЛЛАА

2021-07-09 396 1

Салбарын эрдэмтэн судлаачдаа дэмжих, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг зохион байгуулж, дүнгээ гарган шилдэг бүтээл, шилдэг эрдэмтдийн багийг тодруулаад байна.

ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн чиглэлийн 21 бүтээлийг хэлэлцэн шалгаруулалтыг зохион байгууллаа.
Бүтээлүүдийг холбогдох тушаалд заасны дагуу
✅Шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин,
✅Техник эдийн засгийн үзүүлэлт,
✅Зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж,
✅Ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгч шалгаруулсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын “Судалгааны ажилд инновацийн грант олгох тухай” тушаалаар дараах 3 бүтээлийн багт грантыг олгохоор шийдвэрлэлээ.

1. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор, Я.Мягмарсүрэн удирдагчтай “Тэжээлийн арвайн Шимт сорт” сэдэвт бүтээл;
2. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D), Д.Будрагчаа удирдагчтай “Зэсел тарилгын шингэн” сэдэвт бүтээл;
3. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч, доктор (Ph.D), Т.Атарсайхан удирдагчтай “Хөх далан хальсны Berry Blue сорт” сэдэвт бүтээл шалгарлаа.
Дээрх 3 бүтээлийн багт “БАТЛАМЖ”, 10.000.000 төгрөгийн грантыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь гардуулан өгөв.
Тэрээр “Дэлхийн эдийн засгийн түүхэн явцад үндэстний баялгийг бүтээхэд байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлдаг байсан бол өнөөдөр мэдлэг нь тэдгээрийг хошуучлах чухал нөөц баялаг болсон байна. Тиймээс улс орнууд аж үйлдвэрийн эдийн засгаас шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засаг рүү шилжихэд анхааран ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.3-т Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хөнгөлөлттэй зээл, грант олгохоор, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэлх хугацаанд баримтлах бодлогод хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх, хүний нөөцийг тасралтгүй чадавхижуулах асуудлыг бүлэг зорилт болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын нэг бол эрдэмтэн судлаачдынхаа нөр их хөдөлмөрийг дэмжиж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээ гэж ойлгож байна.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түүчээлэх гол хөдөлгүүр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг авч явах эзэд нь эрдэмтэн багш, судлаачид, үйлдвэрлэгчид Та бүхэн билээ.

Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд Та бүхэн хувь нэмрээ оруулж, шинэ санааг хөгжүүлж, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох шинэ арга хэлбэр, санаачилгыг өрнүүлж, хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ