ЗОХИСТОЙ ДАДЛААС ЭРҮҮЛ ХҮНС ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2021-12-03 673 2

“Эрүүл хүнс-хөдөө аж ахуйн зохистой дадал-зах зээлийн боломж” сэдэвт хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол ногоо төслөөс хамтран зохион байгуулав.

Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид Хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх үүрэгтэй. Үүний дагуу 2009 онд “Хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар, Хөдөө аж ахуйн зохистой дадал тэмдгийг баталсан. Мөн MNS 6737: 2018. Хөдөө аж ахуйн зохистой дадал хэрэгжүүлэх удирдамж батлагдан хэрэгжиж байна.

Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх үйл ажиллагаа 2019 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 47 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлснийг хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж, гэрчилгээгээ авсан. Тоон дүнгээс харвал төмсний 2-3 хувь, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 4-5 хувьд нь Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээд байна. Тиймээс цаашид хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, зах зээлийн боломжийг бүрдүүлэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон ТББ, хувийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, “Хөдөө аж ахуйн зохистой дадлын хэрэгжилт, төрөөс бодлого зохицуулалтаар дэмжих нь”, “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн ба тэдгээрийн ач холбогдол”, “Баталгаажуулалт ба сургамж”, “Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжууд”, “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг гэрчлэх тэмдэг-Хэрэглэгчийн эрх ашиг”, “Борнуур ургац хоршоо зохистой дадал нэвтрүүлсэн туршлагаас хуваалцах нь” зэрэг олон талт сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Хүлэмжийн аж ахуй-улаан лооль, гүзээлзгэнийн тариалалт, ургац хураалт, хадгалалт, тээвэрлэлтэд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын “Мөнх ногоон тал” ХХК, Ил талбайн-төмс, байцаа, шар манжин, луувангийн тариалалт, ургац хураалт, хадгалалт, тээвэрлэлтэд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын өрхийн тариаланч С.Янжинлхам нарт баталгаажуулалтын гэрчилгээг гардуулан өглөө.
Түүнчлэн ХХААХҮЯ-ны Бордоо, ургамал хамгаалал, хөдөө аж ахуйн зохистой дадлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг, Таримал ургамлын үр, үрслэг, суулгацын хангамж, сортын бүртгэл, баталгаажуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Уламбаатар нарт Хөдөө аж ахуйн зохистой дадал хэрэгжүүлэх удирдамж MNS 6737: 2018 стандартын аудитор сургалтад амжилттай суралцаж төгссөнийг батламжилж гэрчилгээ олгосон юм.

Холбоотой мэдээ